“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдах ажилтны даваа гаргийн ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, зөвлөгөөнийг Ерөнхий инженер Т.Батмөнх удирдан явууллаа. Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн газрын хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудлаар хэвийн ажилласан байна. Өндөр эрсдэлтэй 12 ажил төлөвлөн гүйцэтгэсэн гэж Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хэлтсээс мэдээллээ. Соёл, спортын “CuMoArena” цогцолборын нээлтийн үйл ажиллагаанууд зохион байгуулагдаж байгаатай холбогдуулан зорилтот бус хяналт шалгалт хийсэн байна. Хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлийн 39 хэмжилт хийхэд зөвшөөрөгдөх дээд хэмжээ хэтэрсэн тохиолдол гараагүй.
Өнгөрсөн долоо хоногт Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд байгаль орчны чиглэлээр хэвийн ажилласан гэж Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс мэдээллээ. Орхон аймгийн удирдлагууд, ИТХ-ын төлөөлөгчид Говил, Баянцагаан баг, Жаргалант сумын иргэдтэй уулзалт хийх үеэр үйлдвэрийн газраас цагаан тоосны дэгдэлтийг бууруулахад авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар мэдээлэл өгч ажиллаж байна.
Эрдэнэт үйлдвэрийн уурхайчид 11-р сарын эхний 15 хоногийн байдлаар 5505 тонн цэвэр зэс агуулсан 24405 тонн зэсийн баяжмал экспортолжээ. Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, технологийн горим, бүтээгдэхүүний чанарын үзүүлэлт хэвийн, төлөвлөгөөт үзүүлэлтүүд давж биелсэн байна. Энэ долоо хоногт 162 вагон зэсийн баяжмал экспортлохоор төлөвлөснийг Үйлдвэрлэл, техникийн хэлтсийн дарга Т.Түмэн-Өлзий мэдээллээ. Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн намар, өвлийн бэлтгэл хангах хүрээнд 295 ажил төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 252 нь зуун хувийн биелэлттэй байна. Нийт ажилтнууд 2026 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгтээ хуваарийн дагуу хамрагдаж байгаа юм.
Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий инженер Т.Батмөнх шуурхайн төгсгөлд, цаг үеийн асуудлаар үүрэг даалгавар өглөө. Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх соёл, спортын “CuMoArena” цогцолборын нээлтийн үйл ажиллагаануудыг зохион байгуулахад ажиллаж байгаа Барилга засварын цех, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолбор, “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Аж ахуй, үйлчилгээний цех, Спорт цогцолбор, Соёл, урлагийн цогцолбор, Оёдлын цех, Холбоо, мэдээллийн технологи, автоматжуулалтын цех, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах алба болон холбогдох бүтцийн нэгжийн ажилтнууд, Залуучуудын холбоо, Гэрээт цагдаагийн хэлтэс, Дотоодын цэргийн 816-р анги, Гал түймэр унтраах, аврах 58-р ангийн удирдлага, бие бүрэлдэхүүнд Эрдэнэт үйлдвэрийн удирдлагын багийг төлөөлөн талархал илэрхийллээ.















