Өнөөдөр Дэлхийн Багш нарын 32, Монголын Багш нарын өдрийн 60 жилийн ой тохиож байна. Эх орныхоо ирээдүйг эрдмийн их аянд хөтлөн чиглүүлж, бүтээдэг эрхэм үйлсийн эзэн багш нарыг төлөөлүүлэн Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” их сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимийн дэд профессор, Боловсрол судлалын ухааны доктор, ШУТИС-ийн дэд профессор, Монгол Улсын Гавьяат багш Б.Энхцэцэгтэй ярилцлаа. Энэ удаа сургалтын технологийн шинэчлэлийн хүрээнд бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх арга зүйн үндсийг судлан, боловсролын хөтөлбөрийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсан Б.Энхцэцэг багшийг онцолж байна.
- Ярилцлагынхаа эхэнд танд Багш нарын баярын мэндчилгээ дэвшүүлэхийн ялдамд багш мэргэжлийг сонгох болсон шалтгааны талаар ярилцлагаа эхэлье гэж бодлоо.
Баярлалаа. Хүн бүрийн мэргэжлээ сонгосон түүх өөр өөр байдаг. Миний хувьд багш болох хүсэл анх төрж байгаагүй л дээ. 1986 онд арван жилийн сургуулиа төгсөхдөө сурлагаараа хоёрдугаарт жагсаж, хуульч болохоор шийдсэн юм. Гэвч Эрхүүгийн Хуулийн их сургуулийн хуваарь манай аймагт ганц ирсэн болохоор “Ховдын Багшийн дээд” буюу “Ховдын Харвард” гэж нэрлэгддэг, олон зуун багш бэлтгэн төгсгөсөн сайхан сургуулийн Түүх, нийгэм судлалын ангид элсэн суралцахаар болж байв. Хувь заяаны эргүүлгээр ч гэх үү, аймагтаа гэрийнхээ ойрхон дээд сургуульд суралцаж, түүх, нийгэм судлалын багшийн мэргэжил эзэмшсэн дээ. Би эцэг эхээс зургуулаа. Ах, эгч нар маань бүгд гадаад, дотоодын их, дээд сургуульд суралцаж байсан үе болохоор ээж, аав маань "Миний охин гэрээсээ холдохгүй, гэдэс алдахгүй амны хишигтэй юм" гэж бөөн баяр болж байж билээ. Тиймээ би Тунгалаг Буянтын хөвөөнд Баатархайрхан уулаа сүсэглэн бараадах амны хишигтэй юм. Буян заяагаа хайрласан бурханы оронд байгаа аав, ээждээ мөргөе.
- Уламжлалт асуулт. Ажлын гараа хаанаас эхлэв, шинэхэн багшийн ажлын талбар хаана байв?
Ажлын гараа маань бас л аймагтаа. Ховдын Багшийн дээд сургуулийг улаан дипломтой төгссөн учир Боловсролын газарт мэргэжилтнээр ажиллах урилга авч байв. Тэнд ажилдаа орохоор хүлээж байх хугацаанд аймгийн 10 жилийн 2-р дунд сургуульд дөрөвдүгээр ангийнханд орос хэлний хичээл таван сар хэртэй заасан юм. Тэр үед багш дутагдалтай байсных болов уу. Дунд болон дээд сургуульд олж авсан суурь мэдлэгээ ашиглаад бага ангийнханд орос хэл заах завшаан олдсон. Бидний үед дээд сургуульд зарим хичээл орос хэлээр ордог байсан нь нэмэр болсон доо. Энд миний боловсролын салбар дахь хөдөлмөрийн замнал минь эхэлсэн гэж нандигнаж, дурсаж явдаг. Дараа нь Ховд аймгийн Боловсролын газарт түүх, нийгэм, газар зүйн багш нарыг хариуцсан мэргэжилтнээр ажиллаж эхэлсэн юм.
- Эрдэнэтэд ирэх болсон, ирсэн түүхээ хуваалцахгүй юу. Эргээд санахад дурсамж бүхэн сайхан байдаг шүү дээ?
Тэгэлгүй яах вэ. Миний хань цэргийн мэргэжилтэй хүн. Нөхрөө дагаад томилогдсон газар нь ажиллаж амьдрах хувь заяа цэргийн хүний гэргийд оногддог юм билээ. 1998 онд нөхөр маань Улаанбаатар хотод томилогдож, манайх нийслэл рүү нүүсэн. Би энд Баянзүрх дүүргийн 68 дугаар дунд сургуулийн хичээлийн эрхлэгчээр хоёр жил ажиллаад, үргэлжлүүлэн “Газарчин” ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлаар ажиллах санал аваад байж байтал гэр бүлийн хүн маань Эрдэнэт хотод томилогдохоор болсон. Ингээд Эрдэнэт хотыг 2000 оны эхээр зорьж ирээд, өнөөг хүртэл хаашаа ч яваагүй суурьшжээ.
Эхлээд Эрдэнэт хотын Боловсролын газарт арга зүйч хийж байгаад 2006 оноос одоогийн “Эрдэнэт цогцолбор” их сургуульдаа ажилд орж байлаа. Дунд нь бас жил хэртэй Японы хөрөнгө оруулалтаар баригдсан 16-р дунд сургуульд гүйцэтгэх захирлаар ажилласан. Одоо “Эрдэнэт цогцолбор” их сургуулийн Суурь шинжлэх ухааны тэнхимд дэд профессороор ажиллаж байгаа бөгөөд Түүх, нийгмийн багшаар 20 дахь жилдээ ажиллаж байна.
- Багшлах, судлаач байх хоёр нэг ажлын хоёр тал гэж ойлгож болох уу. Оюутнуудтай ажиллах ер нь ямар санагддаг вэ?
Оюутнуудтай ажиллах маш сонирхолтой гэж хэлмээр байна. Яагаад гэвэл бидний үеийнхэн ажлын гараагаа эхэлж байсан 1990-ээд онд нийгмийн шилжилтийг дагаад боловсролын систем ч өөрчлөгдөж, шавь төвтэй сургалтын аргыг нэвтрүүлж эхэлж байв. Ийм түүхэн үед Орхон аймгийн Боловсролын газарт түүх, нийгмийн ухааны багш нарынхаа сургалт арга зүйг хариуцсан арга зүйчээр ажиллаж байсаны хувьд бусад багш нарынхаа хичээлд сууж харилцан туршлага судлах, аймаг, бүс, улсын хэмжээнд ур чадварын уралдаан, онол практикийн хурал, олимпиад зохион байгуулах зэрэг хамтын ажиллагаа явуулдаг байсны ачаар судалгааны санаагаа олчихсон байсан юм. Үүнийгээ практиктай холбож, эрдэм судлалын ажлаа хийх хэрэгтэй юм байна гэж бодож, "Эрдэнэт цогцолбор" их сургуульдаа багшийн ажилдаа “дурлаж” орж байлаа. Онол, практик хоёр утгаараа яаж хоршиж хэрэгжиж болдог гэдгийг мэдэж авах хариуцлагатай бөгөөд сонирхолтой он жилүүд өнгөрсөн дөө. 1990-ээд онд боловсрол гэдэг зөвхөн мэдлэг олгох биш, бас суралцагчдад чадвар суулгах юм байна гэдгийг ярьж эхэлж байсан үе. Өөрөөр хэлбэл, чадамж болон үр дүнд суурилсан сургалтын хөтөлбөрүүд ерөнхий боловсролын сургуулиас эхлэн хэрэгжиж байв. Монгол Улсад шавь төвтэй сургалтын аргыг нэвтрүүлэх зорилгоор Соросын сангийн хөрөнгө оруулалттай олон төсөл хэрэгжихэд арга зүйчийн хувиар хамрагдаж, сургалтын технологийг шинэчлэх чиглэлээр 10 гаруй төслийг Орхон аймагтаа хэрэгжүүлсэн. Дунд сургуулийн багш нарт идэвхтэй сургалтын арга зүйн чиглэлээр сургалт явуулах, идэвхтэй сургалтын аргуудыг заах, ур чадварын уралдааныг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж ирсэн нь миний хувьд судлаач болох суурь болж өгсөн юм. Харин багшлах нь надад судалгааны ажлын туршилт, лаборатори маань болсон. Ингэж л уялдуулсан даа. Нөгөө талаар, оюутнуудтайгаа зэрэгцээд л тасралтгүй суралцаж, өссөн гэж бодож явдаг. Ер нь бусдад зөвлөгөө өгөх, цаашилбал шүүмжлэх бол амархан. Харин өөрөө гардан хийхээр бодит байдал өөр байдаг юм.
- Оюутнуудтайгаа хамтдаа суралцсаар, туршилт судалгаагаа хийсээр доктор цолоо хамгаалсан байх нь ээ?
Их сургуулийн багш гурван чиг үүрэгтэй ажилладаг гэж би ойлгодог. Сургалтын технологи, арга зүйг тасралтгүй сайжруулдаг байх, нөгөө талаасаа олон нийтийг соён гэгээрүүлэгч, мөн судлаач байх. Эргээд харахад боловсролын байгууллагад ажилласан 40 орчим жилд энэ гурван чиглэлээр жигд хүчин чармайлт гарган хөдөлмөрлөж иржээ гэж боддог. Энэ үүднээсээ Боловсролын тэргүүний ажилтан, Шинжлэх ухааны тэргүүний ажилтан шагналыг хүртэх боломж бүрдсэн байх. Гол нь шагнуулахаас илүү салбарын тэргүүн шагналуудын болзлыг хангах түвшинд хичээл зүтгэл гарган хөдөлмөрлөжээ гэж боддог доо.
Ер нь судалгаа хийх маш их цаг хугацаа, золиос шаарддаг ажил. Ялангуяа эмэгтэй хүний хувьд ар гэр, хүүхдүүд орхигдчих гээд байдаг талтай. Тэр утгаараа тэсвэр тэвчээр, хамгийн гол нь тууштай байдал, үр дүнг нь үзэх чин эрмэлзэл их хэрэгтэй болдог. Мэдээж, энэ бүх амжилтын ард халамжтай гэр бүл, түшигтэй ах дүү, найз нөхөд, ажилсаг хамт олон байгаа.
Олон жилийн уйгагүй хичээл оролдлого, системтэй судалгааны маань үр дүнд миний эрдмийн ажил зүгээр нэг хавтаслагдаад үлдээгүй. Идэвхтэй сургалтын арга зүй, шавь төвтэй сургалт, түүнчлэн сургалтын технологийн шинэчлэлд онол арга зүйн хувьд бодит хувь нэмрээ оруулсан судалгаа болсонд урамшиж явдаг. Өдөр бүр тэрхүү судалгааны ажил дундаа “амьдарч” байгаадаа бахархдаг. Энэ урам зориг маань судлаачийн хувьд Ази, Номхон далайн бүс нутгийн эмэгтэй эрдэмтэдтэй хамтран ажиллах замд хөтөлсөн.
- Эмэгтэй эрдэмтдийн холбоо гэснээс та энэ чиглэлээр нэлээд идэвх санаачилгатай ажилладаг манлайлагчдын нэг. Энэ байгууллага болон үйл ажиллагааны талаар тодруулж ярина уу?
2013 онд докторын цол хамгаалаад, удалгүй 2015 оноос Эрдэнэт хотод Монголын эмэгтэй эрдэмтэд, математикчид, технологичдын нэгдсэн байгууллагын (WSTEM in Mongolia) салбарыг доктор Д.Эрдэнэцэцэг, Д.Бүрэнжаргал нартай хамтран Орхон аймагт үүсгэн байгуулсан. Манай байгууллагын гол зорилго нь оюутан залуусыг эрдэм судлалын ажилд дур сонирхолтой болгоход чиглэж, “Эрдэм бол Монголын баялаг” уриатайгаар ажиллаж ирсэн. Одоо ч манай салбар байгууллага тасралтгүй үйл ажиллагаа явуулж, доктор Х.Оюунтунгалаг ахлан, бид үүсгэн байгуулагчийн хувиар хамтран ажиллаж байна.
Ер нь эмэгтэй судлаач, эрдэмтдийн онцлог гэвэл маш нарийн, жижиг зүйлийг гярхай олж харах, мэдрэх чадвар нь илүү өндөр байдаг. Жил ирэх тутам судлаач эмэгтэйчүүдийн боловсролын чанар эрс дээшилж, хүчирхэгжиж байна. Манай салбар эрдэмшинжилгээний хурал санаачлан бүсийн хэмжээнд зохион байгуулж ирсэн бөгөөд эмэгтэй эрдэмтдийн чуулганаа тогтмол зохион байгуулсаар байгаа. Математикчдын дунд "Пи (π
) тооны өдөр" зохион байгуулдагаас гадна Ази, Номхон далайн бүс нутгийн хурлуудад оролцож, илтгэл хэлэлцүүлж ирсэн байдаг юм.
- Таны ажлын түүхийг эргээд харахад сургуульд багшлах гэхээсээ багш нартай ажиллах, тэдний мэдлэг чадварыг дээшлүүлэх чиглэлд түлхүү ажилласан байна. Сургалтын технологи, арга зүйн удирдлагаар хангах, бодлогын түвшинд гэж тодорхойлмоор. Бас судалгааны ажилд олон жилийн хөдөлмөрөө зориулсан. Энэ бүх хөдөлмөр бүтээл тань таныг Монгол Улсын Гавьяат багш цол хүртэх том “шалтгаан” болсон болов уу?
Тийм л дээ. Миний судалгааны ажлын сэдэв “Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх аргын хэрэглээ, үр дүнгийн судалгаа” гэсэн нэртэй. Сургалтын технологийн шинэчлэлийн хүрээнд мэдлэг олгохын зэрэгцээ чадвар эзэмшүүлэх 108 аргаас монгол хүүхдийн нас, сэтгэхүйн онцлогт тохирох арга нь аль вэ гэдгийг судалсан хэрэг л дээ. Энэ судалгааны ажлынхаа үр дүнд Монголын боловсролын систем, монгол сурагчдын онцлогт хамгийн сайн нийцэх аргуудыг тодорхойлж, докторын цолоо хамгаалсан. Энэхүү судалгааны ажлын үр дүн, ач холбогдлыг түгээх зорилгоор ерөнхий боловсролын ихэнх сургуульд сургалт явуулж, судалгаагаараа “Бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх онол, арга зүйн үндэс” номоо хэвлүүлж багш нарынхаа гар дээр тавьж байлаа. Одоо энэ ном маань бүх дунд сургуульд өргөн хэрэглэгддэг, “Энхцэцэгийн ногоон ном” гэж зохиогчоор минь нэрлэгддэг болсон байна билээ. .
Эрдэм шинжилгээний бүтээлүүдээ тоогоор илэрхийлбэл зохиогчийн эрх 8, гадаад, дотоодын сургуульд хэлэлцүүлсэн илтгэл 150, хэвлүүлсэн эрдэм шинжилгээний өгүүлэл 70,гарын авлага 15 гаруй болсон байна. Бас хоёр сурах бичиг хэвлүүлсний нэг нь "Монголын түүхийн сурах бичиг" (Үр дүнд суурилсан) гэж бий. Эдгээр бүтээлээ боловсролын салбарынхаа сургалтын технологийн шинэчлэлд зориулсан гэж боддог. Энэ бодитой хувь нэмрийг маань төр засаг үнэлсэнд талархаж байна.
- Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудад ХАБ-ын хичээл, бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх сэдвээр та бас хичээл заадаг. Энэ чиглэлийн сургагч багш нарыг бэлтгэхэд ч таны хувь нэмэр, оролцоо байсан. Одоо ийм сургалтууд хэр өөрчлөгдөж, шинэчлэгдэж байна вэ?
"Эрдэнэт цогцолбор" их сургууль дээрх төрлийн сургалтуудыг тогтмол явуулдаг. Ер нь энд би гэлтгүй манай сургуулийн бүх багш хичээл зааж, үйлдвэрийн 7000 орчим ажилтны тархийг цэнэглэх, арга зүйн зөвлөгөө өгөхөд хөдөлмөр зүтгэл, эрдэм мэдлэгээ зориулж явна.
- Багш нарын баярын өмнөхөн ярилцаж байгаа болохоор та мэргэжил, зорилго нэгтэй хамт олондоо баярын мэндчилгээ дэвшүүлэх байх?
Багш нарын баяр бол бидний хувьд мэргэжлээрээ бахархах хамгийн сайхан баяр. ШУТИС-ийн харьяа, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын дэргэдэх “Эрдэнэт цогцолбор” их сургуулийн нийт хамт олон, багш нар, оюутан суралцагчдадаа баярын мэнд хүргэж, ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.
“Сайн багшийн гар дээр маргаашийн нар манддаг” гэсэн сайхан үгийн эзэд болсон Монголын бүх багшдаа баярын мэнд дэвшүүлье.















