Жил бүрийн Ахмадын баярыг тохиолдуулан Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүд гавьяаны амралтад гарсан ахмад ажилтнуудаа хүлээн авч, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Өнөөдөр Ерөнхий захиргааны хамт олон ахмадууддаа хүндэтгэл үзүүлэх ёслолын үйл ажиллаааг “Петушки” ресторанд зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагааг нээж, Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга, Ерөнхий нягтлан бодогч Т.Очирхүү хэлсэн үгэндээ, Эрдэнэт үйлдвэр өнөөдөр 48 жилийн түүхэн замналаа үргэлжлүүлж, хөгжил дэвшлийн шинэ үеийг бүтээн байгуулж буйг онцлоод, хагас зууны хөгжлийн түүхийн хуудас бүрд үе үеийн ахмад ажилтнуудын хөдөлмөр зүтгэл, мэдлэг туршлага, сэтгэл зүрх шингэснийг тэмдэглэв. Мөн ахмад ажилтнууд залуу насныхаа эрч хүч, мэдлэг чадвараа Эрдэнэт үйлдвэртээ зориулж, ажлын байр, техник технологи, бүтээн байгуулалтын үндэс суурийг тавиад зогсохгүй хөдөлмөрч зан чанар, сахилга хариуцлага, хамт олонч уур амьсгал, мэргэжлийн үнэт уламжлалыг хойч үедээ өвлүүлэн үлдээсэнд талархал илэрхийлсэн юм.
Түүнчлэн аливаа шинэчлэл, хөгжил дэвшил нь өмнөх үеийнхний бүтээсэн бат бөх суурин дээр тулгуурлан өргөжин хөгждөгийг онцолж, Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн амжилтад үнэтэй хувь нэмэр оруулсан ахмад буурлуудынхаа хөдөлмөр, бүтээлийг өндрөөр үнэлж буйгаа илэрхийлсэн.
Ерөнхий захиргааны ажилтнууд ахмадуудынхоо мэлмий, сонорыг урлагийн тоглолтоор мялааж, азын сугалаа зохион байгуулан, мөнгөн хонжвор гардуулсан юм. Үүний зэрэгцээ ахмадуудын дурсамж, хууч ярианд анхаарал хандуулж, халуун дулаан уур амьсгал дунд хамтдаа зоог барин, гарын бэлэг гардууллаа.















