Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал тэргүүтэй Засгийн газрын гишүүд, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням, Эрчим хүчний сайд Б.Найдалаа нар болон “Чингис хаан баялгийн сан нэгдэл”-ийн төлөөлөл өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт ажиллалаа.
Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн явц, тулгамдаж буй асуудлын талаар танилцуулах уулзалтад “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Ерөнхий инженер Т.Батмөнх, Үйлдвэрлэл, технологийн парк төслийн нэгжийн дарга Б.Алтангэрэл нар оролцож, Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэл, эдийн засгийн өнөөгийн байдал, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн явцын талаар танилцуулж, санал бодлоо солилцон, Ерөнхий сайдаас тодорхой үүрэг, чиглэл авлаа.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Монгол Улсын засгийн газрын 2024-2028 онд хэрэгжүүлэхээр онцолсон 14 мега төслийн нэг болох Зэс хайлуулах үйлдвэрийн төслийг Эрдэнэт үйлдвэр анх 1987 оноос хойш эхлүүлж, үе үеийн Ерөнхий захирлууд онцгой анхаарал хандуулж ирснийг дурдаад, энэ төслийн эхлүүлэх Монгол Улсын Засгийн газрын шийдвэр гарснаас хойш хийгдсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ыг түшиглэсэн Үйлдвэрлэл, технологийн паркийн дэд бүтцийн бүтээн байгуулалт, “Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр” байгуулах төсөл, хөрөнгө оруулагч сонгон шалгаруулах явцын талаарх мэдээллийг дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Эрдэнэт үйлдвэр 2022 онд 3,7 их наяд төгрөгийн орлоготой ажиллаж байсан бол 2025 оны аудитлагдсан тайлангаар 4,9 их наяд төгрөгийн орлоготой ажилласан юм. Цэвэр ашиг 2022 онд 756 тэрбум төгрөг байсан бол 2026 оны хүлээгдэж байгаа гүйцэтгэлээр бид 1,5 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажиллахаар байна. 2025 оны аудитын тайлангаар гарсан дүнгээр 2,3 их наяд төгрөгийг улсад татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн. Энэ бол хамгийн сүүлд, хамтарсан үйлдвэр байсан 2016 онтой харьцуулахад улс, орон нутгийн төсөвт төвлөрүүлсэн татвар, хураамж 12,5 дахин нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Монгол Улсын засгийн газрын 2021 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолд, дээрх төслийг Эрдэнэт үйлдвэр өөрөө санхүүжүүлнэ гэж заасан байдаг. Энэ нь Эрдэнэт үйлдвэр санхүү, эдийн засгийн хувьд өөрсдөө тогтвортой, найдвартай байж, төслийг санхүүжүүлэх бүрэн боломж бүрдэх ёстой. Өнөөдрийн байдлаар, Эрдэнэт үйлдвэр Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн төслийн дэд бүтцэд 70 орчим сая ам.долларын хөрөнгө гарган санхүүжүүлж, авто зам, төмөр зам, цахилгаан хангамж, усан хангамжийн бүтээн байгуулалтын эхний ээлжийг ашиглалтад хүлээн аваад байгаа юм.
Засгийн газрын хуралдаанаас өгсөн чиглэлийн дагуу уг төсөлд хөрөнгө оруулж, хамтран ажиллах сонирхолтой дэлхийн зэс-металлын салбарын тэргүүлэгч 20 улсын 55 компанид, Олон улсын Хөрөнгө оруулалтын 20 санд, Олон улсын байгууллага, Хөгжлийн 20 банканд, түүнчлэн өмнөх жилүүдэд төслийн талаар хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байсан хөрөнгө оруулагч нарт ч холбогдох мэдээллийг нээлттэй хүргүүлж, гадаад, дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслээр төслийн талаар мэдээлэл түгээх ажлыг зохион байгуулж, улмаар долоон улсын 13 компани санал ирүүлжээ.
Санал ирүүлсэн компаниудаас холбогдох үнэлгээ хийсний үндсэнд 4 оролцогч хураангуй жагсаалтад багтаж, үе шаттай зохион байгуулсан сонгон шалгаруулалтын дүнд төслийн стратегийн хөрөнгө оруулагчаар БНХАУ-ын “China Nonferrous Metal Industry's Foreign Engineering and Construction Co., Ltd” буюу NFC компанийг шалгаруулж, хөрөнгө оруулагчтай санхүүжилт, хувьцаа эзэмшил, барилга угсралтын гэрээний хэлэлцээ үргэлжилж байна.
Тус компани дэлхийн зэс хайлуулах үйлдвэрүүдийн 35 хувь, Хятадын зэс хайлуулах үйлдвэрүүдийн 70 хувийнх нь зураг төсөл, бүтээн байгуулалтад оролцсон. Уул уурхайн хөгжүүлэлт, инженеринг, хөрөнгө оруулалт, олборлолт, боловсруулалт, оператор, үйлдвэр бүтээн байгуулах EPC Ерөнхий гүйцэтгэгчээр ажиллаж ирсэн, дэлхийн хэмжээнд өрсөлдөх чадвартай компани юм.
Нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эдийн засгаа төрөлжүүлэх зорилтын хүрээнд Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр ашиглалтад орсноор жилд 560 мянган тонн зэсийн баяжмал боловсруулж, 124 мянган тонн катодын зэс үйлдвэрлэхээр төлөвлөж байна.
Ерөнхий сайд Н.Учрал, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэр байгуулах төслийн явцтай танилцаж, дараах үүрэг, чиглэлийг өгсөн.
Төслийн техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол болон хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээг эрчимжүүлж, ирэх 11 дүгээр сард багтаан эцэслэх, Үйлдвэрээс гарах хүхрийн хүчлийг дотоодын үйлдвэрлэлд ашиглах чиглэлээр нөхцөлийг бүрдүүлэх, одооноос бэлтгэл ажил хангах, мөн Орхон аймгийн Баян-Өндөр, Жаргалант сумын нутаг дэвсгэр дэх “Эрдэнэт” үйлдвэрлэл, технологийн паркийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т шилжүүлэх, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтад шаардлагатай, түгээмэл тархацтай ашигт малтмал болон илүүдэл хүхрийн хүчлийн саармагжуулалтад шаардлагатай шохойн чулууны хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-т олгох зэрэг асуудлыг судалж, Засгийн газрын хуралдаанд танилцуулан, шийдвэрлүүлэхийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням болон “Чингис хаан баялгийн сан нэгдэл”, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын удирдлагуудад даалгалаа.















