“СОР17” бага хурлын “Усны өдөр”-ийн үйл ажиллагааны дараа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ус хангамжийн цехийн дарга Б.Баянбаттай уулзаж, уул уурхайн үйлдвэрлэлд усны нөөцийг хэрхэн хэмнэлттэй, үр ашигтай ашиглаж байгаа талаар ярилцлаа.
- Цөлжилт, газрын доройтлын нэг гол шалтгаан нь усны нөөцийн хомсдол, ган гачиг, хуурайшилт. Усны өндөр хэрэглээтэй Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн нөхцөл байдал ямар байна вэ?
-Эрдэнэт үйлдвэр Монголын уул уурхайн салбарт цэвэр усны хэрэглээгээрээ тэргүүлдэг. Манай үйлдвэр жилд 20.9 сая м³ ус хэрэглэдэг. Манай дараа Оюутолгой 13.7 сая м³, “Багануур” компани 5.5 сая м³ ус хэрэглэдгээрээ эрэмбэлэгддэг. Эрдэнэт үйлдвэрийн газар зүйн байршил, зэсийн баяжмал боловсруулах технологийн онцлог, үйлдвэрлэлийн ус хангамжийн тасралтгүй ажиллагаа зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан Эрдэнэт хотоос 65 км-ийн алс орших Сэлэнгэ мөрний ай саваас цэвэр ус олзворлон ашигладаг. Бид олзворлосон усныхаа 83 хувийг Эрдэнэт үйлдвэрийнхээ технологийн хэрэгцээнд ашигладаг бол 17 хувийг Орхон аймгийн хүн ам, аж ахуйн нэгжийн хэрэгцээнд түгээдэг. Харин үйлдвэр технологийн хэрэгцээнд ашигласан усаа эргэлтийн усан сандаа хуримтлуулж, 100 хувь дахин ашиглаж байна. Мөн Эрдэнэт хотын хүн ам, аж ахуйн нэгжүүдээс гарсан ахуйн бохир усыг Төв цэвэрлэх байгууламжаар дамжуулан цэвэрлээд, 50 гаруй хувийг нь үйлдвэрлэлийн технологидоо эргүүлэн ашиглаж байгаа. Өөрөөр хэлбэл манайд саарал усны хэрэглээ, усны дахин ашиглалт нэлээд өндөр түвшинд хүрсэн.
-Эрдэнэт үйлдвэр жилд хэчнээн хэмжээний ус хэрэглэдэг вэ?
-Жилд нийт 111.8 сая м³ ус ашиглаж байна. Үүний 14 хувь буюу 15.9 сая м³ нь байгалийн цэвэр ус. Харин 95.8 сая м³ буюу ойролцоогоор 86 хувь нь үйлдвэрлэлийн технологид ашигласан саарал усаа эргүүлэн ашиглаж байгаа.
- Цэвэр усны хэрэглээг бууруулах, усыг зохистой ашиглах чиглэлээр ямар зохицуулалт хийж байна?
-Бид цэвэр усаа аль болох хэмнэлттэй ашиглахыг зорьдог. Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас жил бүр дүгнэлт гаргуулдаг. Энэ дүгнэлтийг үндэслэн Сэлэнгэ голын сав газрын захиргаатай гэрээ байгуулж, байгалийн цэвэр ус олзворлон ашигладаг. Усны газрын дүгнэлтээр жилд 23.2 сая м³ ус ашиглах зөвшөөрөл олгосон. Харин Эрдэнэт үйлдвэр гүйцэтгэлээрээ 15.9 сая м³ ус хэрэглэж байгаа. Өөрөөр хэлбэл, усны хэрэглээг 31.5 хувиар бууруулсан.
- Энэ хэмнэлтийг ямар арга замаар бий болгов?
-Нэгдүгээрт, зэсийн баяжмал үйлдвэрлэх технологийн процесс дахь усны хэрэглээг оновчтой зохион байгуулж байна. Ер нь нийт хэрэглэж байгаа усны хэмжээг бууруулах чиглэлээр тодорхой, үр дүнтэй алхмууд хийж байгаа. Тухайлбал, өмнө нь 162.5 сая м³ ус ашиглахаар төлөвлөж байсан бол хэрэглээгээ 111.8 сая м³ болгон бууруулсан. Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа жишиг нормоор нэг тонн зэсийн баяжмал боловсруулахад 4.1 м³ ус шаардлагатай гэж үздэг. Харин Эрдэнэт үйлдвэр энэ үзүүлэлтийг 2.82 м³ хүртэл бууруулсан. Түүнээс гадна усны дахин ашиглалтыг нэмэгдүүлсэн. Сүүлийн жилд бид усны дахин ашиглалтаа 86 хувьд хүргэсэн. Цаашид 100 хувьд аль болох ойртуулах зорилт тавин ажиллаж байна.
- Эрдэнэт хотын Төв цэвэрлэх байгууламж мөн Эрдэнэт үйлдвэрийн харьяанд байдаг. Тэнд цэвэрлэгдсэн усыг үйлдвэрлэлд хэр хэмжээгээр ашиглаж байна?
-Эрдэнэт хотын хүн ам, аж ахуйн нэгжүүдээс жилд 6.9 сая м³ бохир ус татан авч, 98 хувьтай цэвэрлэдэг. Үүний 3.4 сая м³ буюу 50 хувийг нь эргэлтийн усан сангаар дамжуулан Баяжуулах үйлдвэрийн технологийн процесст дахин ашиглаж байна. Цаашид энэ хэмжээг 100 хувьд хүргэх зорилт тавьсан. Бид хотын бохир усыг бүрэн цэвэрлэж, үйлдвэрлэлдээ дахин ашиглаж чадвал жилд 6.9 сая м³ орчим байгалийн цэвэр усны хэрэглээг бууруулах юм.
- Усны эх үүсвэрийн аюулгүй байдал, бохирдлоос хамгаалах асуудлыг хэрхэн шийдэж байна вэ?
-Дотоодын цэргийн харуул хамгаалалтаас гадна ус хангамжийн үйл ажиллагаандаа ухаалаг “SCADA” системийг ашиглаж байна. Энэ систем усны зүй бус алдагдал, хорогдлыг цаг тухайд нь илрүүлж, шуурхай арга хэмжээ авах боломжийг бүрдүүлдэг давуу талтай. Мөн газар доорх усны нөөцөд тогтмол хяналт тавьж, мониторинг, судалгаа хийж, нөөцийг баталгаажуулан ажиллаж байна. Усны нөөцийн дутагдал болон сөрөг үзүүлэлт илэрсэн тохиолдолд шаардлагатай арга хэмжээг тухай бүр авч хэрэгжүүлдэг. Ус бол нөхөн сэргээгдэх боломжтой боловч хязгаарлагдмал нөөц учраас өнөөдөр бид усаа хэрхэн зөв, хэмнэлттэй ашиглаж байгаагаас ирээдүйн усны аюулгүй байдал ихээхэн шалтгаална.
- Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.















