Орон сууцны “Уурхайчин-2” хороолол хэзээ ашиглалтад орох вэ...

Эрдэнэт үйлдвэр ажилтнуудаа орон сууцжуулах хөтөлбөрийн хүрээнд “Уурхайчин-1, 2, 3” төслийг хэрэгжүүлж байна. Залуу ажилтнуудыг орон сууцаар хангах “Уурхайчин-1” төсөл тун амжилттай хэрэгжиж, захиалагч нар намрын сэрүүнээс урьтаж шинэхэн, дулаан байрандаа хэдийнээ төвхнөжээ. Мөн амины орон сууцны “Уурхайчин-3” хорооллын барилгын явц Эрдэнэтчүүдийн нүдэн дээр эрчтэй үргэлжилж байна. Харин орон сууцны “Уурхайчин-2” хорооллын барилгын ажлын явц удаашралтай байгаад уурхайчид шүүмжлэлтэй хандаж байгаа тул захиалагч, гүйцэтгэгч талын байр сууринаас тодруулга авлаа. 

Д.ЭРДЭНЭБАТ: Барилга итгэл төрөхүйц хэмжээнд хүрсэн үед ажилтнууд захиалга өгөх хэрэгтэй

Захиалагч тал болох “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Нийгмийн харилцааны хэлтсийн орлогч дарга Д.Эрдэнэбаттай цөөн хором ярилцлаа.  

-Нийгмийн чиглэлийн томоохон бүтээн байгуулалтуудын нэг орон сууцны “Уурхайчин-2” хорооллын барилгын ажлын явцын талаар мэдээлэл өгнө үү?  
-“Уурхайчин-2” хорооллын барилгын ажлыг “Өргөө хаан констракшн” компани гүйцэтгэж байгаа. Манай Барилга байгууламж, хяналт төлөвлөлтийн хэлтсээс барилгын ажил нь 30 хувийн гүйцэтгэлтэй яваа мэдээлэл өгсөн. Газрын уул геологийн нөхцөлөөс хамаараад ажил удааширсан тал бий. Гүйцэтгэгч компани газар шорооны ажилд нэлээд цаг хугацаа, хөрөнгө мөнгө зарсан нь тодорхой. Одоогийн байдлаар тэгшилгээний ажил бүрэн дууссан, суурийн ажил үргэлжилж байна.
Энд 10 давхар, зургаан блок барилга баригдах юм. Зоорины давхартаа гарааштай, нэгдүгээр давхартаа үйлчилгээний зориулалтын талбайтай, бүрэн цутгамал 600 айлын орон сууц баригдахаар төлөвлөсөн.   
-Энэ оны 12-р сард ашиглалтад хүлээлгэн өгөх гэрээтэй байсан санагдана. Барилгын ажил удааширч байгаагийн гол шалтгаан нь юу вэ?  
-Гүйцэтгэгч компаниас хамаарч байгаа асуудал бий. Төлөвлөгдөөгүй газар шорооны ажил их байсан нь үнэн. Инженерийн шугам сүлжээний техникийн нөхцөл хүлээгдсэнээс үүдэн барилгын зураг, төсөв батлагдахгүй нэлээд удсан ч асуудал бий. Эдгээр шалтгаанаас болж ашиглалтад орох хугацаа хойшилсон. 2020 оны 12-р сард ашиглалтад хүлээлгэж өгнө гэсэн гэрээгээ шинэчлэхээр явж байна.
-“Уурхайчин-2” бол 600 айлын орон сууц барих маш том төсөл. Захын компани гүйцэтгэх хэмжээний ажил биш. Тэгэхээр “Өргөө хаан констракшн” компанийн хүчин чадал, эдийн засгийн чадамж дээр хэр итгэлтэй байгаа вэ? 
-Анх энэ компанийг шалгаруулахад санхүүжилтийн баталгааг нь Хятадын компани хийсэн байдаг. Ажил эхлэхээс өмнө цар тахал гараад, гадаад орчны байдал хүндэрсэнтэй холбоотойгоор тухайн компани орж ирж чадахгүй болсон. Иймээс тендерт шалгарсан компани маань эдийн засгийн хувьд чадамж тааруу болсон юм болов уу, гэж харж байгаа. Бид хөрөнгийн баталгаагаа өгөөч ээ, гэж удаа дараа шаардсан боловч харамсалтай нь одоо хүртэл ирүүлсэнгүй.  
-Эрдэнэт үйлдвэрийн зүгээс “Уурхайчин-2” хорооллын барилгын явц 70 хувьд хүрсэн тохиолдолд захиалгаа өгөөрэй, гэж зөвлөн анхааруулж байгаа. Гэвч ажилтнууд энд байрны захиалгаа өгсөөр, тэд авсаар байна. Үүний ард ажилтнууд маань эдийн засгаараа хохирох эрсдэл үүсвэл хэн хариуцлага хүлээх вэ? 
-2020 оны 11-р сараас хойш энэ чиглэлийн мэдээллийг Нийгмийн харилцааны хэлтсийн зүгээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан маш тодорхой, ойлгомжтойгоор удаа дараа өгсөн. Манай хэлтсийн зорилго бол зөвхөн ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалах. Тиймээс гэрээнд ямар заалт байгаагаас үл хамааран, “Уурхайчин-2” хорооллын барилга нүдэнд харагдах, итгэл төрөх хэмжээнд буюу 70 хувийн гүйцэтгэлтэй болсон үед захиалгаа өгөөч ээ, гэдэг зөвлөмжийг ажилтнууддаа өгч байгаа. Амьдрал баялаг шүү дээ. Цар тахал, гамшиг осол гээд янз бүрийн шалтгаанаас болоод барилга баригдахгүй хэмжээнд хүрвэл ажилтнууд маань хохирно. Гүйцэтгэгч компанийн зүгээс, “гэрээнд тийм заалт байхгүй, та нар бидний бизнест, нэр хүндэд халдлаа” гэсэн гомдол мэдүүлсэн. Бид ажилтнуудынхаа эрх ашгийг л хамгаалахыг зорьсноос өөр санаа үгүй. “Уурхайчин-1” хороолол дээр компани, ажилтан, захиалагч гэсэн гурван талын худалдан авах гэрээ байгуулаад, манай хуулийн хэлтэс хянаад явсан нь маш оновчтой болсон. Бид “Уурхайчин-2, 3” төслийн гүйцэтгэгч компаниудаас үүнийг шаардана. Анхааруулсаар байтал ажилтан өөрөө очоод, захиалга өгөөд ард нь хохирвол үйлдвэр хариуцлага хүлээхгүй. Одоогоор 200 гаруй ажилтан “Уурхайчин-2” хороололд байрны захиалга өгсөн жагсаалт мэдээлэл бий. Үүний 90 гаруй хувь нь орон сууцны дэмжлэгийн 12 сая төгрөгийг байрны урьдчилгаандаа оруулахаар гэрээ хийсэн байна. Энэ хүмүүсийн асуудал хөндөгдвөл яах вэ... Бид гүйцэтгэгч компанийг ажлаа хийж чадахгүй, манай уурхайчдыг хохирооно гэж ярьж байгаа юм биш. Бизнесийн байгууллага талаас нь ойлгож байгаа. Гэхдээ бид ажилтнуудынхаа эрх ашгийг хамгаалах ёстой.

У.ГАНБААТАР: 2022 онд орон сууцны хорооллоо бүрэн дуусгах төлөвлөгөөтэй

“Өргөө хаан констракшн” компанийн Эрдэнэт хот дахь төсөл хариуцсан захирал У.Ганбаатартай дээрх асуудлаар ярилцлаа.  
-Барилгын ажил удааширч байгаа шалтгааныг та тайлбарлаач?  
-2019 оны 12-р сард “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Өргөө хаан констракшн” компанийн хооронд мастер гэрээ байгуулагдсан юм. Барилгын зургийг 12-р сарын 31 хүртэл хугацаанд дуусгах төлөвлөгөөтэй байсан боловч манайхаас хамааралгүй хүндрэлүүд үүссэн. 
-Тодруулбал..?
-Бид гэрээ байгуулсны дараа ерөнхий төлөвлөгөөний зургаа өгсөн. Захиалагч тал Орхон аймгийн Ерөнхий архитектораар батлуулах үүрэгтэй. Манай ерөнхий төлөвлөгөө “Уурхайчин-3”-ынхтай цуг явсан юм. Тэр үед Орхон аймгийн Ерөнхий архитектурч солигдоод, ажлаа өөр хүнд өгч таарсан. Ингэж явсаар манай төлөвлөгөө наймдугаар сард батлагдсан. Дүрмийн дагуу ерөнхий төлөвлөгөө батлагдсанаас хойш барилгын зураг эхлэх ёстой байдаг. Гэхдээ бид цаг алдахгүйн тулд зургаа хийгээд явж байсан. 10-р сард Эрдэнэт үйлдвэрээс зааж өгсөн газраа хүлээж аваад барилгын ажлыг албан ёсоор эхлүүлсэн. Барилгын зураг хийхэд техникийн нөхцөл хамгийн чухал. 12-р сарын 25-нд техникийн нөхцөлийг баталж, манай компанид өгсөн. Техникийн нөхцөл гараагүй тохиолдолд зураг батлуулж чаддаггүй. Хамгийн сүүлийнх нь МХЕГ, Онцгой байдал, Барилгын зургийн шинжээчийн хяналт байдаг. Өөрөөр хэлбэл техникийн нөхцөл батлагдаагүй үед энэ процесс явагдахгүй, хүлээгдээд байна гэсэн үг. Ингээд 2020 оны 10-р сараас цар тахлын улмаас хөл хорио тогтооход ажил түр зогссон. Барилгыг 2020 оны 12-р сард багтаах ямар ч боломжгүй нь тодорхой болсон. 2021 он гарахад бид зургуудаа батлуулж эхэлсэн. МХГ-ын хяналтыг хотод хийлгээд, Онцгой байдлын хяналтыг орон нутагт нь хийлгэх хүсэлт гаргаад шийдүүлсэн. Дараа нь барилгын зургийн экспедицийн иж бүрэн хяналтыг Барилга, хот байгуулалтын яамны дэргэдэх Барилгын хөгжлийн төв гэж газар хийдэг байсан юм. Тэнд материалаа өгчхөөд хүлээж байтал шүүхийн маргаанаас болоод тэдний эрхийг хураачихдаг юм. Хамгийн сүүлийн, хамгийн чухал шинжээчийн хяналтыг хаана хийлгэх вэ, гэх асуудал үүссэн. Энэ зургийн хяналтгүйгээр барилгыг эхлүүлбэл эрсдэлтэй гэж үздэг юм. Ингэж явсаар, зурагт засвар өөрчлөлт орсоор 6-р сар гэхэд барилгын зургийн шинжээчийн иж бүрэн хяналтыг давж, газар дээрээ ажил эхлэхэд бэлэн болсон. Ингээд Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас барилгын ажил эхлэх зөвшөөрөл хүсэхэд захиалагч тал зөвшөөрлийг авах  үүрэгтэй гэсэн шаардлага тавьсан. Ингээд бид зургаа захиалагч талд 8-р сард хүлээлгэн өгсөн. Хариу хүлээж байна. 
-Газар дээрээ барилгын ажил эхэлчихсэн яваа байхаа..? 
-Тиймээ. Барилгын ажил эхлэх зөвшөөрлийг хүлээлгүйгээр эхэлсэн. Манайх зургаан суурь барилга барина. Тэрнээс 104 буюу нэг байшингийн хавтан суурь болох хамгийн доод үеийг хийж байгаа. Энэ жилийн хувьд зургаан байшингийнхаа суурийг хийчихье гэсэн чигтэй ажиллаж байна. 
-“Уурхайчин-2” хороолол хэзээ ашиглалтад орох вэ? 
-Барилга хавар эхлэх боломжийг хангалаа. 2022 оны хоёрдугаар сараас барилгын ажлыг эхлүүлнэ. Арматур угсраад, гуравдугаар сарын 10-аас бетон цутгалт хийгээд явна. 2022 ондоо багтаагаад орон сууцны хорооллоо бүрэн дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
-М2-ийн үнэ нь хэд вэ? 
-Бидний байгуулсан мастер гэрээгээр м2-ийн үнийг 1 сая 580 мянган төгрөг, дулаан зогсоолыг 15 сая төгрөг байна гээд хатуу тохирчихсон юм. Гэтэл өнгөрсөн 6-р сараас барилгын материалын үнэ гэнэт огцом өссөн. Үнийн өсөлтийн зөрүүний асуудал тавьсан боловч захиалагч тал үнийг огт хөдөлгөхгүй гэсэн хатуу байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Цар тахлын нөхцөл байдалтай уялдуулан шийдэх боломжит хувилбарыг санал болгосон. Ажлын хэсэг дүгнэлт гаргаад хариу өгөх болов уу.  
-Орон сууцны барилгын онцлог..?
-Хүн төвтэй шийдэлтэй. Тухайлбал, орон сууцны барилга дундаа авто зогсоолгүй, бүх зогсоолыг дор нь шингээж өгснөөрөө аюулгүйн бүс үүсгэж байна гэсэн үг. Хүн төвтэй шийдлийн бас нэгэн онцлог нь үйлчилгээний талбайн хүртээмж. Энд өргөн хэрэглээний худалдаа оруулахгүй. Учир нь олны хөл хөдөлгөөн ихэсдэг болохоор оршин суугчдын тав тух алдагддаг. Тиймээс банк, санхүүгийн байгууллага, кофе шоп, ресторан, баар, фитнес клуб, хүүхдийн цэцэрлэг байх болно. Оршин суугчид сэтгэл хангалуун байх стандарт барьж байгаа. Нийслэлийн өндөр зэрэглэлийн орон сууцнуудын төлөвлөлт энд хэрэгжинэ. Барилгууд зөвхөн 3 болон 4 өрөөний сонголттой. 
-Эрдэнэт үйлдвэр ажилтнууддаа, барилгын явц 70 хувьд хүрсэн тохиолдолд захиалга өгөхийг зөвлөж байгаа. Гэтэл танайх захиалгаа тасралтгүй авсаар байна. Энд ямар тайлбар өгөх вэ?  
-Бидний үндсэн буюу мастер гэрээнд барилга 70 хувьд хүрсэн тохиолдолд захиалга авна гэсэн зохицуулалт заалт байхгүй. Гүйцэтгэгч компанийн өөрийнх нь менежментийн багийн зохион байгуулах асуудал. 600 ажилтантай гэрээ байгуулахын тулд нэг хүнтэй багадаа 2-3 уулзана. Барилга 70 хувьд хүрсэн тохиолдолд захиалга авбал ачаалал үүсэж, цаг алдах учраас боломжгүй.

-Ярилцсанд баярлалаа.
М.ОДГЭРЭЛ

 


 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
3
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.УУГАНБАЯР: Манайх аваарын бригад болохоор илүү хариуцлагатай, чадвартай байхыг шаарддаг
Г.ГАНБОЛД: Шинэ үйлдвэржилтийн байнгын хороо нь хүнд, хөнгөн, жижиг, дунд үйлдвэрийн бодлогыг тодорхойлно
Л.МӨНХБААТАР: Эрдэнэт үйлдвэрийн ажилтнуудын нийгэм, эдийн засаг, хууль эрх зүйн баталгааг хангахад УИХ онцгой анхаарч ажиллана
П.ОЮУНСҮРЭН: Би Эрдэнэт үйлдвэртэй хувь заяагаа холбосон азтай хүн
Д.ҮҮРИЙНТУЯА: Хэмнэлтийн 105 тэрбум төгрөгийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаанд зарцуулна
С.НАРАНЧИМЭГ: “MNS 70142023” стандарт нэвтэрснээр эмч, сувилагч, ажилчдын тусламж, үйлчилгээний чанар сайжирна
Д.Жаргалсайхан: Хүн хүч, хөрөнгө мөнгө дутаж байгаа энэ үед тусалж буй баялаг бүтээгчдэдээ баярлалаа
М.ДАВААЖАВ: Химийн шинжилгээний чанар хангалт Олон улсын түвшинд хүрсэн
Г.БАТМӨНХ: Энэ онд техникийн томоохон шинэчлэлүүд хийнэ
Л.Уранцэцэг: Манай бүтээмж чанарын дугуйлангууд үйлдвэрлэл, үйл ажиллагаанд тулгарсан асуудлыг шийдэхэд томоохон нөлөө үзүүлдэг

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2023-12-31
-6°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
-13°C
Багавтар үүлтэй
Салхи: 5м/сек
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %