Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Чанарын хяналтын хэлтсийн Хяналтын товчооны Тэргүүлэх мэргэжилтэн П.Баянмөнхтэй ярилцлаа.
-Юуны өмнө Дэлхийн стандартын өдрийн мэнд хүргэе. Стандартын ач холбогдол, түүний хэрэгжилтийн талаар ярилцъя.
-Баярлалаа. Эрхэм удирдлагууд, инженер техникийн ажилтнууд, стандарт, чанар, итгэмжлэлийн чиглэлээр хамтран ажилладаг журмын нөхдөдөө Дэлхийн стандартын өдрийн мэнд дэвшүүлье. Стандарт гэдэг нь зөвхөн дагаж мөрдөх шаардлага, журам, баримт бичгийн цогц биш. Харин бидний хийж буй ажил зөв, найдвартай, тогтоосон шаардлагад нийцэж байгааг нотлох итгэлцлийн үндэс, байгууллагын тогтвортой хөгжлийн чухал баталгаа юм. Ялангуяа, уул уурхайн салбарт стандартын хэрэгжилт нь үйлдвэрлэлийн найдвартай ажиллагаа, бүтээгдэхүүний чанар, хэмжилтийн үнэн зөв байдал, техникийн хяналтын бодитой байдлыг хангах онцгой ач холбогдолтой. Иймээс стандартыг өдөр тутмын үйл ажиллагаандаа хэвшүүлэн хэрэгжүүлэх нь ажилтан бүрийн үүрэг хариуцлага, байгууллагын нийтлэг соёл байх ёстой.
-Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд Чанарын хяналтын хэлтэс ямар үүрэгтэй оролцдог вэ?
-Манайх үйлдвэрлэлийн үйл ажиллагааны найдвартай байдал, бүтээгдэхүүний чанар, хэмжилт болон техникийн хяналтын үр дүнгийн бодитой байдлыг хангахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Үйлдвэрлэлийн аливаа шийдвэр үнэн зөв мэдээлэл, найдвартай хэмжилт, бодитой хяналтын үр дүнд тулгуурлах ёстой. Үүний тулд шинжилгээ, сорилтын үр дүнгийн үнэн зөв байдлыг хангах, хяналтын үйл ажиллагааг мэргэжлийн түвшинд хэрэгжүүлж, холбогдох стандарт шаардлагыг мөрдөн ажилладаг. Эдгээр үйл ажиллагаа нь үйлдвэрлэлийн эрсдэлийг бууруулах, алдаа зөрчлөөс урьдчилан сэргийлэх, чанарын асуудлыг бодит нотолгоонд тулгуурлан үнэлэх, улмаар байгууллагын үр ашгийг нэмэгдүүлэхэд үйл ажиллагаагаа чиглүүлдэг.
-Танай хэлтсийн үйл ажиллагаанд ISO/IEC 17025 болон ISO/IEC 17020 стандарт ямар ач холбогдолтой вэ?
-Эдгээр стандарт нь лабораторийн шинжилгээ, сорилт болон техникийн хяналтын үйл ажиллагааны чадавх, найдвартай байдлыг хангах үндсэн шаардлагуудыг тодорхойлдгоороо онцлогтой. ISO/IEC 17025 стандарт нь сорилт, тохируулгын лабораторийн чадавх, хараат бус ажиллагаа, үр дүнгийн найдвартай байдлыг хангахад чиглэдэг. Энэ стандартын шаардлагыг хэрэгжүүлснээр шинжилгээ, сорилтын үр дүнг үнэн зөв гаргах, хэмжилтийн ул мөртэй байдлыг хангах, үр дүнг баталгаатай мэдээлэл болгон ашиглах нөхцөл бүрддэг. Харин ISO/IEC 17020 стандарт нь хяналтын байгууллагын үйл ажиллагааны чадавх, хараат бус байдал, бодитой байдлыг хангахад чиглэнэ. Техникийн хяналтыг эдгээр шаардлагад нийцүүлэн хэрэгжүүлснээр тоног төхөөрөмж, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн процесс болон холбогдох үйл ажиллагааны нийцлийг бодит нотолгоонд үндэслэн үнэлэх боломжтой болдог. Товчхондоо, эдгээр стандарт нь бидний гаргаж буй үр дүн мэргэжлийн шаардлага хангасан, найдвартай, шийдвэр гаргалтад ашиглах нөхцөлийг бүрдүүлдэг.
-Итгэмжлэлийн үр дүнг хэрхэн ойлгож, үнэлэх нь зүйтэй вэ?
-Итгэмжлэл гэдэг нь зөвхөн гэрчилгээ авах, үнэлгээнд хамрагдах төдий үйл явц биш. Тухайн байгууллага, лаборатори эсвэл хяналтын байгууллага тодорхой үйл ажиллагааг тогтоосон шаардлагын дагуу мэргэжлийн түвшинд гүйцэтгэх чадавхтайг нотлох механизм юм. Итгэмжлэлээр бидний үйл ажиллагааны чадавх, мэргэжилтний ур чадвар, хэрэглэж буй арга аргачлал, чанарын тогтолцооны хэрэгжилтийг үнэлүүлдэг. Ингэснээр шинжилгээ, сорилтын үр дүн болон техникийн хяналтын дүгнэлтэд итгэх итгэл нэмэгдэнэ. Гэхдээ итгэмжлэлийн бодит үнэ цэнийг зөвхөн гэрчилгээ, үнэлгээний дүнгээр хэмжих нь хангалтгүй. Шинжилгээний үр дүн хэр үнэн зөв байна вэ, техникийн хяналт хэр бодитой байна вэ, хэмжилтийн найдвартай байдал хангагдаж байна уу, үйлдвэрлэлийн эрсдэл бодитоор буурч байна уу гэдгээр нь үнэлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, итгэмжлэл нь бидний чадавхыг нотолдог бол түүний үр дүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд бодитоор өгч буй үнэ цэнээр хэмжигдэнэ.
-Цаашид стандарт, чанар, итгэмжлэлийн чиглэлээр ямар асуудалд түлхүү анхаарч ажиллах вэ?
-Бид цаашид ISO/IEC 17025, ISO/IEC 17020 стандартын хэрэгжилтийг тасралтгүй сайжруулахын зэрэгцээ чанар, хэмжилзүй, эрсдэлийн удирдлага, нийцлийн холбогдох шаардлагуудыг үйл ажиллагаандаа улам бүр бэхжүүлэхэд анхаарна. Тухайлбал, итгэмжлэгдсэн үйл ажиллагааны хүрээ, лабораторийн чадавх, мэргэжилтний мэдлэг, ур чадварыг хөгжүүлэх, хэмжилтийн найдвартай байдлыг хангах, мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хамгаалах нь чухал. Мөн технологийн хөгжилтэй уялдуулан мэдээллийн боловсруулалт, бүртгэл, үр дүнгийн хяналтыг сайжруулах нь чанарын тогтолцооны үр нөлөөг нэмэгдүүлэх боломжтой. Гэхдээ аливаа шинэчлэл нь зөвхөн технологи нэвтрүүлэхээр хязгаарлагдахгүй. Хүний мэдлэг, ур чадвар, хариуцлага, мэргэжлийн ёс зүйтэй хосолж байж бодит үр дүн гарна. Бидний зорилго бол стандартыг зөвхөн “хангах” биш, өдөр тутмын үйл ажиллагаандаа “амьдруулж”, түүний үр дүнд чанар сайжирч, эрсдэл буурч, шийдвэрийн үнэн зөв байдал дээшилж, байгууллагын үр ашиг нэмэгддэг тогтолцоог бэхжүүлэх явдал юм.
-Стандартын хэрэгжилтэд ажилтны оролцоо хэр чухал вэ?
-Маш чухал. Стандартын хэрэгжилт нь чанар, хяналтын чиглэлээр ажилладаг цөөн хэдэн мэргэжилтний үүрэг гэж ойлгож болохгүй. Байгууллагын бүх ажилтан, албан хаагчийн өдөр тутмын үйл ажиллагаатай шууд холбоотой асуудал. Ажилтан бүр ажлаа тогтоосон шаардлагын дагуу гүйцэтгэх, хэмжилт, бүртгэлийн мэдээллийг үнэн зөв хөтлөх, илэрсэн зөрчил, эрсдэлийг тухай бүр мэдээлэх, ажлын чанар, аюулгүй байдалд хариуцлагатай хандах нь стандартын соёлыг төлөвшүүлэх үндэс болдог. Стандарт бидэнд чиглэл өгдөг. Итгэмжлэл бидний чадавхыг нотолдог. Харин бодит үр дүн бидний ажлын үнэ цэнийг харуулдаг.
-Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.















