Сүүлийн жилүүдэд Баяжуулах үйлдвэрт өргөтгөл шинэчлэлийн ажлууд эрчимтэй өрнөж байна. Үүний нэг нь хаягдлын менежмент буюу шинээр хаягдлын аж ахуй байгуулах, хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлэх хоёр төсөлт ажил юм. Эдгээр төслийн явц, үр дүнгийн талаар Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгоноос тодрууллаа.
-Эхлээд өнөөгийн хаягдлын сан ямар нөхцөл байдалтай байгаа талаар мэдээлэл өгөөч?
-1978 оноос хойш 48 дахь жилдээ ашиглаж байна. Одоо далайн түвшнээс дээш 1320 метр болчихсон. Далангийн өндөр нь 110 метр. Даланд агуулагдаж байгаа хатуугийн хэмжээгээр бол тэрбум гаруй тонн болчихсон. 20 орчим сая м3 ус хадгалагдаж байгаа гээд үзэхээр маш эрсдэлтэй. Дэлхийд хатуугийн хэмжээ болон далангийн өндөршилтийн хэмжээгээрээ эхний 30-д орохоор том далан болсон. Даланд агуулагдаж буй материалын хэмжээ ихсэхийн хэрээр эрсдэл дагуулж байгаа гэсэн үг. Тогтворжилттой холбоотой асуудал. 1978 онд Оросын Механобр институтийн төслөөр баригдаж байсан нь тухайн үеийн тун зөв шийдэл байсан байж магадгүй. Өнөөдөр дэлхийн уул уурхайн компаниуд хаягдлын сангийн далангийн аюулгүй байдал аль стандартаар, яаж хийгдсэн бэ гэдгийг чухалчилдаг болсон. Яагаад гэхээр нийт боловсруулж буй хүдрийн 98 хувийг нь хаягдлын санд хуримтлуулдаг. Хамгийн ихдээ хоёр хувийг л ашигт эрдэс хэлбэрээр авдаг. Уурхайчдын дуун дээр ч гардаг шүү дээ, уулыг нүүлгэх ухааны тэнхээтэй… гэж.
Эрдэнэтийн овоо ордыг ашиглаад, 100 кг хүдэр боловсрууллаа гэхэд 99 кг-ыг нь хаягдлын сан руу шингэн хэлбэрээр тээвэрлэж, уулыг нүүлгэж байгаа хэрэг. Тэгэхээр түрүүний ярьсанчлан, одоо манай хаягдлын сангийн ашиглалтын хугацаа дуусаж байгаа. Бид өмнө нь таван жил болоод нэг далан барьдаг байсан бол бүтээмж нэмэгдсэнтэй холбоотой одоо гурван жил хагас болоод шинээр далан барьж байгаа. Ирэх жил хамгийн сүүлийн 17 дугаар даланг барина.
-Эрдэнэт үйлдвэр цаашид 60 жил ажиллах ашиглалтын нөөцөө баталгаажуулсан. Үүний тулд хаягдлын шинэ сан байгуулах зайлшгүй шаардлагатай. Энэ төсөл хэрхэн хэрэгжиж байна?
-Хаягдлын сан байхгүй бол орд ашиглах, үйлдвэрлэл явуулах боломжгүй. Ийм учраас гидротехникийн хамгийн чухал байгууламж, өндөр хариуцлагатай ажил. Бид Геологи маркшейдерийн хэлтсийнхэнтэйгээ хамтраад, Эрдэнэт үйлдвэрээ тойроод, Орхон, Булган аймгийн нутгаар шинэ хаягдлын сан барих газрыг олон жил эрэл хайгуул хийж судалсан. Хамгийн тохиромжтой газрыг олон улсын байгууллагуудаас санал болгосон. Ингээд Орхон, Булган аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал стратегийн ач холбогдолтой чухал шийдвэр гаргасан. Мөн Монгол Улсын Засгийн газар хуралдаж, Орхон, Булган аймгийн нутгийг хамарсан 7048 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авсан. Одоо энэ дээр бид дараагийн 60 жил ашиглах шинэ хаягдлын санг барих техник эдийн засгийн үндэслэлийг Австралийн “ATC Williams” компани хийсэн. Зөвхөн хаягдлын далангийн чиглэлээр дагнасан 40 гаруй жилийн туршлагатай компани. Бид ирэх 60 жил ашиглах сан байгуулах учраас ерөөсөө яарахгүй байгаа. Үндсэндээ хоёр жил гаруй хугацаанд судалгааны ажил хийлээ. Археологи, палеонтологиос эхлээд газар хөдлөлтийн үед яах вэ, ус нь яах ёстой юм. Геотехник, гидрогеологи гээд маш олон төрлийн судалгааг өргөн цар хүрээтэй хийж байгаа. Маш сайн судалгаа, маш сайн инженеринг дээр үндэслээд, бид дизайнаа боловсруулаад, зураг төслөө хийгээд, үүнийхээ дагуу барих ёстой. Энэ удаа бид шинэ хаягдлын сангаа өөр технологиор барина.
-Ямар давуу талтай технологи вэ?
-Одоо ашиглаж байгаа хаягдлын санг наанаас нь харахад шаталсан хэлбэртэй байдаг. Шинээр баригдах хаягдлын далан тэгж харагдахгүй. Өмнөх дээрээ давхарлаж хучиж явах учраас. Давуу тал нь тогтворжилт маш сайн. Далангийн нуралт, гулсалт гэсэн асуудлууд бүр байхгүй. Дээр нь Эрдэнэтийн Овоо ордоос зүүн урагш 8 км-ийн алс, Баяжуулах үйлдвэрээс гэхэд бараг 30 км-ийн зайтай байрлана. Тэндээс эргэлтийн усыг буцааж авна гэдэг технологийн хувьд хүндрэлтэй, өртөг зардал өндөр. Тийм учраас хаягдал өтгөрүүлэх технологи нэвтрүүлнэ. Одоо Хаягдлын аж ахуй руу 26-28 хувийн хатуулагтай материал явуулж байгаа бол шинэ хаягдлын сан руу 60 хувийн хатуулагтайг явуулах юм. Өөрөөр хэлбэл, хаягдлаа өтгөрүүлээд, эргэлтийн усаа шууд буцааж богино циклээр аваад технологитой буцаагаад хэрэглэчихнэ. Тэгэхээр одоо ашиглаж байгаа хаягдлын сангаас бүр бага зардлаар усаа буцааж авна гэсэн үг. Өтгөрсөн хаягдал элс хураалтад их чухал нөлөөтэй. Мөн усны ашиглалтад эерэг нөлөө үзүүлэхээс гадна өнөөх цагаан тоосны дэгдэлт үгүй болно гэхчилэн маш олон давуу талтай ажлыг эхлүүлээд байна.
-Хаягдал өтгөрүүлэх технологийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл хэр явагдаж байна?
-Дэлхийн бренд, “МЭЦО” компани үйлдвэрлэж байгаа. Одоогоор үндсэн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 50 хувьдаа хүрч байна. Удахгүй ерөнхий инженерээр ахлуулсан баг тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийг газар дээр нь үзэж танилцан, акт үйлдэхээр явна. Зэрэгцээд газар шороо, барилгажилтын ажил хийгдэж байна. Өдөрт 5000 м3 уулын цул зайлуулж, тэнд 20-иод техник тасралтгүй ажиллаж байгаа. Мөн гадна цахилгаан хангамж, шугам хоолой татагдчихсан. Одоо дэд өртөө барих ажил эхэлж байна. Тэнд 80 метрийн диаметртэй, хоёр том өтгөрүүлэгч бүхий 10-аад барилга байгууламж байх юм. Ирэх хавраас гадны мэргэжилтнүүд ажиллана. Ер нь Техник эдийн засгийн үндэслэл, инженерийн зураг төсөл, бүх дизайн шийдэл, энэ бүхнийг монгол инженер техникийн ажилчид өөрсдөө хийснээрээ онцлогтой.

-Шинэ хаягдлын сан хэзээ ашиглалтад орох вэ?
-2030 онд гэж төлөвлөсөн. Гурван жил эрчимтэй үргэлжлэх бүтээн байгуулалт.
-Одоо ашиглаж буй хаягдлын санг хаах бэлтгэл ажил эхэлсэн үү?
-Хаалт хөгжлийн менежмент бүр тусдаа асуудал. Шинэ Хаягдлын аж ахуйг ашиглаж эхэлсний дараа, хуучин хаягдлын сан дотор байгаа усыг бүгдийг нь авах хэрэгтэй болно. Ингээд хэрхэн аюулгүй, хааж хөгжүүлэх вэ гэдэг асуудал яригдана. Бүгдийг нь хөрсөөр хучиж байгаад, зүлэг ногоо ургуулах юм уу, эсвэл барилгын материалын чиглэлээр хоёрдогч түүхий эдээр ашиглах уу гэдэг эрдэмтэд, судлаачдын ул суурьтай ажил хийгдэнэ. Тусдаа Техник эдийн засгийн үндэслэл боловсруулагдана. Хаягдлын сан хамгийн их зардалтай цэг. Уурхайг ашиглаж эхлэхээс өмнө, хамгийн түрүүнд хаягдлын сангаа барих ёстой. Уурхайг ашиглаад дуусчихсан байхад хаягдлын санг цаашаа 20 жил арчлаад явна. Усыг нь соруулна, задрахгүй, хөдөлгөөнгүй байлгах найдварт ажиллагааг нь хангана. Уурхайгаас урт настай төсөл бол хаягдлын сан. Байгаль орчин, нөхөн сэргээлт гээд маш чухал ажлууд үргэлжилнэ.















