Эрдэнэт үйлдвэрийн хүдэр боловсруулах хүчин чадал нэмэгдсэнтэй холбоотойгоор цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг хангах зорилгоор Баяжуулах үйлдвэрийн Өөрөө нунтаглах хэсгийн гадна цахилгаан хангамжийн дэд станцын Т-1 хүчний трансформаторыг шинэчлэн суурилууллаа. Цахилгаан цехийн ажилтнууд уг трансформаторыг долоо хоногийн хугацаанд сольж, угсралтын ажлыг гүйцэтгэн, ашиглалтад оруулах бэлтгэлийг хангажээ.
Өөрөө нунтаглах хэсэг анх, жилд дөрвөн сая тонн хүдэр боловсруулах хүчин чадалтайгаар ашиглалтад орж, 40 МВА-ын хүчин чадалтай хоёр трансформатороор цахилгаан хангамжаа шийдвэрлүүлж байв. Харин үйлдвэрлэлийн өргөтгөл, гуравдугаар секцийн ашиглалтад орсноор хүдэр боловсруулах хүчин чадал жилд 8.5 сая тоннд хүрч, цахилгаан хэрэглээ нэмэгдсэн байна.
Үүний улмаас ялангуяа дулааны улиралд трансформаторын ачаалал нэмэгдэж, цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг сайжруулах шаардлага үүсжээ. Энэ талаар Эрчим хүчний хэлтсийн ахлах эрчим зүйч С.Баянбат хэлэхдээ, үйлдвэрлэлийн хүчин чадал, технологийн тоног төхөөрөмж нэмэгдэхийн хэрээр цахилгаан хангамжийг үе шаттай шинэчлэх шаардлагатай болсныг онцоллоо.
Тиймээс Т-1 трансформаторыг өмнөх 40 МВА-ын хүчин чадлаас 50 МВА болгон нэмэгдүүлж, шинэ тоног төхөөрөмж суурилуулсан байна. Шинэ трансформаторыг энэ онд тендерээр худалдан авч, угсралтын ажлыг үйлдвэрийн дотоод нөөц бололцоонд тулгуурлан гүйцэтгэжээ. Цахилгаан цехийн гурван бригад долоо хоногийн турш ажиллаж, трансформаторыг сольж суурилуулсан бөгөөд туршилт, тохируулгын ажлыг дуусган, хэвийн ажиллагаанд шилжүүлэхээр бэлтгэсэн байна. Цахилгаан цехийн ерөнхий инженер Э.Ганзоригийн мэдээлснээр, трансформаторын нийлүүлэлт энэ онд хийгдэж, угсралтын ажлыг тавдугаар сард бэлтгэн дуусгасан ч үйлдвэрлэлийн тээрмүүдийн тасралтгүй ажиллагаатай холбоотойгоор хүчдэл залгах ажлыг төлөвлөсөн зогсолтын үеэр гүйцэтгэжээ.
Ийнхүү, үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд саад учруулахгүйгээр шинэчлэлийн ажлыг зохион байгуулсан байна. Цаашид Т-2 трансформаторыг мөн адил 50 МВА-ын хүчин чадалтайгаар шинэчлэхээр төлөвлөжээ. Уг ажлыг ирэх оны худалдан авалтын төлөвлөгөөнд тусгасан бөгөөд хоёр трансформаторыг ижил хүчин чадалтай болгосноор Өөрөө нунтаглах хэсгийн цахилгаан хангамжийн найдвартай ажиллагааг нэмэгдүүлж, үйлдвэрийн үйлдвэрлэлийн тасралтгүй үйл ажиллагааг хангах нөхцөл бүрдэх юм.
















