Эрдэнэт үйлдвэр 2024 оноос ERP буюу байгууллагын нөөц төлөвлөлтийн системийг үйл ажиллагаандаа үе шаттайгаар нэвтрүүлж байна. Худалдан авалт, хүний нөөц, баримт бичиг, цаг бүртгэл, томилолт, дотоод борлуулалтын модулиудыг ашиглалтад оруулсан бол энэ онд хамгийн том хоёр модуль болох санхүү, агуулахын модулийн хөгжүүлэлт хийгдэж байгаа юм. Энэ нь байгууллагын үйл ажиллагааг нэг системд уялдуулж, мэдээллийн ил тод байдлыг нэмэгдүүлэх, цаг хугацаа, зардал хэмнэхээс гадна цаашид хиймэл оюунд суурилсан ухаалаг удирдлагын тогтолцоонд шилжих суурь болох юм. Энэ талаар Мэдээллийн технологийн хэлтсийн дарга М.Мөнхбаатараас тодрууллаа.
-Сүүлийн үед танай хэлтэс ямар ажилд түлхүү анхаарч байна вэ?
-ERP систем нэвтрүүлэх төсөл дээр хамгийн их төвлөрч ажиллаж байна. 2026 он бол хариуцлагатай, чухал ажлын жил. 2024 оноос хэрэгжүүлж эхэлсэн энэ төслийн хүрээнд худалдан авалт, хүний нөөц, баримт бичиг, цаг бүртгэл, томилолт, дотоод борлуулалтын модулийг үе шаттайгаар нэвтрүүлсэн. Цалингийн болон тээврийн хэрэгслийн захиалгын модуль нэвтрэхэд бэлэн болсон. Санхүү, агуулахын модулийг хөгжүүлж, нэвтрүүлэхээр ажиллаж байна. Үүнийг дагаад маш олон дэд модуль давхар хөгжүүлж байгаа. Санхүү, агуулах бол үйлдвэрийн бусад бүх үйл ажиллагаа эцэстээ ирж нийлдэг гол хоёр хэсэг. Тиймээс энэ хоёр модулиа ондоо багтаагаад нэвтрүүлчихвэл ERP систем Эрдэнэт үйлдвэрт бүрэн нэвтэрлээ гэж үзэх боломжтой болно.
-Санхүүгийн модулийн хөгжүүлэлт бусдаасаа илүү нарийвчлалтай, ажиллагаатай байдаг уу?
-Тийм. Санхүүгийн модуль бол ERP-ийн хамгийн нарийн, хамгийн их ажиллагаатай хэсэг. Энэ модуль өөрөө ерөнхий дэвтэр, авлага, өглөгийн тооцоо, мөнгөн хөрөнгө, үндсэн хөрөнгө, татвар, өртгийн бүртгэл, төсөв гэсэн хэд хэдэн дэд модулиас бүрддэг. Эдгээр нь худалдан авалт, агуулах, цалин зэрэг бусад бүх модультай холбогдож ажилладаг. Манай үйлдвэр их бараа материал, олон төрлийн гүйлгээтэй. Олон жилийн энэ мэдээллийг нэг стандартад оруулж цэгцлээд шинэ системд шилжүүлэх нь өөрөө нэлээд цаг хугацаа шаардсан том ажил. Дээр нь санхүүгийн мэдээлэл дээр нууцлал, аюулгүй байдал, хандах эрхийн асуудлыг маш нарийн тооцох шаардлагатай. Одоогоор санхүүгийн модулийн хөгжүүлэлт 80 гаруй хувьтай үргэлжилж байна. Ондоо багтааж дуусгах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа.
-Агуулахын үйл ажил-лагаанд ERP систем нэвтрүүлэх нь ямар давуу талтай вэ?
-Хамгийн наад зах нь бараа материалын үлдэгдлийг бодит цаг хугацаанд шууд харах боломжтой болно. Салангид системтэй, цаасан баримт дээр гарын үсэг зураад олголт хийгдэж байгаа нөхцөлд энэ мэдээллийг нэг дороос харах боломж хязгаарлагдмал. Харин ERP нэвтэрснээр жишээ нь, миний захиалсан бараа ямар төлөвтэй байна, тендер зарлагдсан уу, үгүй юу, нийлүүлэгдсэн бол яг энэ мөчид агуулахад хэд байна, ямар шатанд явж байна гэдгийг эхнээс нь дуустал бүхэлд нь харж чадна гэсэн үг.
Ингэснээр бодит, ил тод мэдээлэл дээр үндэслэн шийдвэр гаргах нь илүү оновчтой болно. Нөгөө талаар агуулахын илүүдэл, дутагдлыг цаг алдалгүй мэдэж байгаа учраас хэрэгцээгүй нөөц хуримтлуулахгүй, хэрэгтэй үед нь бараа материалаа дутаахгүй байхад чухал дэмжлэг үзүүлнэ.
-ERP нэвтэрснээр үйл ажиллагаанд хүлээгдэл үгүй болж байна гэж ойлгож болох уу?
-Болно. Зөвхөн нэг модулиар жишээ авахад тушаал, шийдвэрүүд хэн дээр, хэдий хугацаагаар хүлээгдэж байгаа нь шууд харагддаг. Тиймээс хэн нэгэн хүнээс болоод ажил гацах, хүнд суртал гарах боломжгүй болсон. Энэ нь компанийн засаглалд эергээр нөлөөлөөд эхэлсэн. Бас нэг онцлог нь бид ERP-гээ нэвтрүүлэхдээ дижитал шилжилтийг давхар хийгээд явж байгаа. Өөрөөр хэлбэл, цаасан баримтыг бэлтгээд, гарын үсэг зуруулаад, сканердаад системд оруулдаг биш, шууд системдээ үүсгээд тоон гарын үсгээр баталгаажуулаад л явчхаж байгаа юм. Өнгөрсөн жил гэхэд цаасаар гарах байсан 2,5 сая орчим баримт бичгийг ийм байдлаар тоон гарын үсгээр баталгаажуулсан. Үүнийг цаас, принтерийн хор, хүн хүч, бензин тос, цаг хугацаагаар тооцвол ямар их хэмнэлт вэ. Энэ нь процессыг хурдасгаж, бүтээмжийг нэмэгдүүлж, засаглалд эергээр нөлөөлөхөөс гадна цаашлаад байгаль дэлхийгээ хамгаалж байна гэсэн үг. ERP системийн хамгийн наад захын давуу тал, бодит үр дүн энэ.
-ERP системээ AI-тай холбох шаардлага гарч байна уу?
-Зорьж байна. “ERP”-ийн давуу тал нь бодит цаг хугацааны мэдээлэлтэй болж байгаа явдал. Тэр мэдээлэл дээрээ тулгуурлаад хиймэл оюунаар алдааг урьдчилан илрүүлэх, ухаалаг шийдвэр гаргах боломж нээгдэнэ. Жишээ нь, бараа материалын захиалга оруулж байгаа хүн техникийн тодорхойлолтынхоо үзүүлэлтийг дутуу орхих, нэрийг нь буруу бичих, хэмжих нэгжийг нь буруу өгөх, ангиллыг нь дутуу бөглөх, үндсэн хөрөнгө, эргэлтийн хөрөнгийг хооронд нь хольж андуурах зэрэг алдаа гардаг. Мэргэжилтнүүд шат шатанд хянаж байгаа ч цөөн боловч алдаа гарсаар л байдаг. Хэрэв хиймэл оюун ашиглавал ийм алдааг хамгийн анхан шатанд нь буюу дөнгөж захиалга өгч байхад нь илрүүлж, засаж залруулах боломжтой. Ингэснээр худалдан авалт, санхүү, агуулах дээр үүсдэг олон асуудал эхнээсээ цэгцрээд ирнэ. Хувилбарын хувьд манайх одоо ERP системийнхээ 17 дугаар хувилбар дээр явж байгаа. Энэ намар 20 дугаар хувилбар гарсан бөгөөд түүнд хиймэл оюуны функцтэй ажиллах боломж илүү өргөжсөн. Тиймээс 2027 онд санхүү, агуулахын модулиа жигдрүүлэхийн зэрэгцээ 20 дугаар хувилбар луу шууд шилжих төлөвлөгөөтэй байна.
-ERP-ээс гадна ямар ажлууд хийгдэж байна вэ?
-ERP-ээс гадна хэд хэдэн томоохон ажил зэрэг явж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үйл ажиллагааг бүрэн цахимжуулж байна. Мөн эрсдэлийн удирдлагатай холбоотой хөгжүүлэлт, тендерийн үнэлгээний хиймэл оюунд суурилсан TenderEval системээ сайжруулах, түүнийг төрийн худалдан авах ажиллагааны системтэй уялдуулах ажил хийгдэж байна. Өмнө нь хоёр систем хооронд мэдээлэл солилцох явцад алдаа гардаг байсан бол одоо энэ асуудлыг бүрэн шийдсэн. Үйлдвэрлэлийн талд үйлдвэрлэлийн автоматжуулсан удирдлагын системийн шинэчлэл, галын автоматжуулалтын системийн шинэчлэл, тоон радио станцын нэвтрүүлэлт гэсэн томоохон ажлууд явж байна. Кибер аюулгүй байдлаа сайжруулах, ажилтнуудаа сургах чиглэлээр ч нэлээд ажил хийгдэж байна даа.
-Баярлалаа.















