Нийгмийн хариуцлагын жишиг тогтоогч Эрдэнэт үйлдвэр, жил бүр бүх ажилтнуудаа эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулснаар хүн бүр эрүүл мэндийн асуудлаа эргэж харах боломж бүрдүүлдэг. Энэ ажлыг “Эрдэнэт” сувиллын цогцолбор гардан зохион байгуулж, цех хариуцсан эмч нар чиглүүлж ажилладаг уламжлалтай болсон байна. Энэ жилийн үзлэгийн онцлог, явцын талаар “Эрдэнэт” сувиллын цогцолборын Статистикч эмч Ж.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.
-Энэ оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн хамрагдалт, ажилтнуудын идэвх ямар явцтай байна вэ?
-Эрдэнэт үйлдвэрийн нийт ажилтны 2026 оны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг Ерөнхий захирлын тушаалын дагуу 5 дугаар сарын 06-ны өдрөөс эхлээд, үргэлжилж байна. Өнөөдрийн байдлаар 5433 ажилтан үзлэгтээ хамрагдаад байна. Энэ онд бид үйлдвэрийн ажилтнууд, ахмадууд болон мэргэжлээс шалтгаалах өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоолгосон ажилтан гээд нийт 8800 хүнийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахаар төлөвлөсөн. Төлөвлөгөөний дагуу цех нэгжүүд, хариуцсан эмчтэйгээ хамтран, хуваарь гаргаад, ажилчдаа үзлэгт хамруулж байгаа.
-Үзлэгийн багц, өөрөөр хэлбэл ямар төрлийн үзлэг, шинжилгээнд орохоо ажилтан өөрөө зөв сонгох нь чухал. Нөгөө талаас, үзлэгийн багц сонголттой байх нь илүү хүртээмжтэй, чанартай болно. Тэгэхээр энэ жилийн үзлэгийн багц, тэдгээрийн онцлог юу вэ?
-Энэ жил 10 чиглэлд 22 багцтай хийхээр бид боловсруулсан. Тодруулбал, 10 чиглэлээр хийх үзлэгээ дотор нь задалж нарийвчлаад, 22 багцын үзлэгээс ажилтан сонголт хийх боломжтой гэсэн үг. Үндсэн багцаас гадна зүрхний багц холдертой, эсвэл судасны, ходоодны багц дурантай, дурангүй, дотоод шүүрлийн багц гэхэд дотроо чихрийн шижин-1, чихрийн шижин-2 гэх мэтчилэн үе шаттай, нарийвчилж оруулж байгаа юм. Үений багцыг 45-аас доош насныханд өвдөгний MRI, түүнээс дээш насныханд рентген оношилгоо хийх гэх зэргээр ангилсан. Түүнчлэн, эмэгтэйчүүд, хамар дайвар, урологийн үзлэгийн багцууд дотроо нарийвчлалтай хийгдэж байна.
-Нарийвчилсан үзлэгийн багцын тухайд та ярилаа. Үндсэн багцын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Бид энэ багцаар 3000 гаруй ажилтныг хамруулахаар төлөвлөсөн. Учир нь, сүүлийн жилүүдэд үйлдвэрийн ажилтнууд нэлээд залуужиж байна. Нийт ажилтнуудын 70 орчим хувийг 45 хүртэлх насны залуучууд эзлэх болсон. Нөгөө талаар, дөнгөж шинээр ажилд орсон болон тав хүртэлх жил ажиллаж буй ажилтнууд ойр ойрхон үзлэгт хамрагдсан байдаг тул эрүүл мэндийн хувьд харьцангуй эрүүл байдаг. Үүнтэй уялдуулаад, үндсэн багцын төлөвлөгөөг гаргасан. Үндсэн багцын тухайд дэлгэрүүлж хэлэхэд, юуны өмнө бүх нарийвчилсан үзлэгийн суурь нь үндсэн багц гэж ойлгож болно. Манай зарим ажилтнууд үндсэн багцыг их ерөнхий, цус, шээсний шинжилгээгээр хязгаарлагддаг гэж ойлгоод байж магадгүй. Үндсэн багц бол хүний эрүүл мэндийн бүх үзүүлэлтийг дэлгэрэнгүй үздэг. Элэг, бөөр гэх зэрэг эд эрхтнүүдийн шинжилгээ багтсанаас гадна хеликобактер, элэгний В, С вирусийн үзлэг, оношилгоог нэмж өгснөөрөө онцлогтой. Эмэгтэй ажилтнууд дээр хүний хөхөнцөр вирусийн шинжилгээг нэмсэн. Ер нь энэ жилийн тухайд, нэлээд олон шинжилгээг шинээр нэмж оруулж өгснөөр багц үзлэг өндөр ач холбогдолтой болсон гэж хэлмээр байна.
-Үзлэгийн багцыг боловс-руулахдаа өмнөх жилүүдийн үзлэгийн дүн, ажилтнуудын санал, эрэлт хэрэгцээг үндэслэдэг байх?
-Тэгэлгүй яах вэ. Манай улсын хэмжээнд нийт иргэдийн дунд зонхилж буй өвчлөл юу вэ гэдэгт анхаарал хандуулдаг. Тухайлбал, сүүлийн жилүүдэд хоол боловсруулах замын эмгэг, зүрх судас, дотоод шүүрлийн булчирхай, бодисын солилцоотой холбоотой өвчлөл маш түгээмэл болсон. Нөгөө талаар, манай үйлдвэрийн ажилтнуудын өмнөх жилүүдийн шинжилгээгээр ямар төрлийн өвчлөлүүд тэргүүлж байгаа дүнг судалж үзнэ. Эдгээр үндэслэл дээр тулгуурлаж, хамгийн түгээмэл байгаа өвчлөл, тэдгээрийг илрүүлэх шинжилгээ үзлэгийг түлхүү оруулж, багцаа боловсруулж байгаа. Мэдээж, иж бүрэн үзлэг оношилгоо хийх зорилготой учраас шаардлагатай бүх талын багажийн шинжилгээнүүдийг нэмж батлуулдаг. Мөн хэдийгээр нийгмийн тэргүүлэх өвчлөлийн тоонд орохгүй байгаа ч нас баралтын гол шалтгаан болоод байгаа хавдрын эрт илрүүлэлтийн шинжилгээнүүдийг оруулдаг. Өмнө хэлсэнчлэн, нийтлэг байгаа хеликобактер, элэгний В, С вирус гэх зэрэг үзлэг бас оруулах зайлшгүй шаардлагатай гэж үздэг. Энэ ажлыг манай “Эрдэнэт” сувиллын цогцолбор, Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төвтэй хамтран зохион байгуулж байна.
-Энэ удаагийн эрүүл мэндийн үзлэгт хэвийн бус нөхцөлд ажиллаж байгаа ажилтнуудад зориулсан багц шинжилгээ бас нэмэгдсэн. Үүний талаар тодруулах уу?
-Тиймээ. ХАБ буюу хэвийн бус нөхцөлд ажилладаг ажилтнуудад ажлын байрны сөрөг хүчин зүйлийн нөлөөлөл байгаа эсэхийг шинжлэх багц гэж нэрлэж байгаа. Мэргэжлээс шалтгаалах өвчний эрсдэлийг тогтоох энэ багцын үзлэгт шуугиан доргионтой, цацраг химийн бодисын орчин дахь ажлын байранд ажилладаг ажилтнууд хамрагдана. Мөн нүдний харааны чадвар шаарддаг, өндөрт болон тусгай хөдөлгөөний албадмал байрлалд ажилладаг гэх мэтчилэн бүх хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулаад ХАБ-ын 6 багц шинжилгээг нэмсэн. Эдгээр багц шинжилгээг энэ оны 6 дугаар сарын 29-ний өдрийн Эрүүл мэндийн сайдын 215 дугаар тушаалаар батлагдсан Ажилтны эрүүл мэндийн үзлэг хийх тухай шинэчилсэн журмын дагуу нэмэлтээр оруулж өгснийг дурдах нь зүйтэй. Энэ дашрамд хэлэхэд, уг журмын шинэчлэлээр ажилтны эрүүл мэндийн үзлэгийн ач холбогдол, чанар хүртээмжид маш өндөр ач холбогдол өгч, тухайн ажилтан ажлын байранд эрүүл мэндийн хувьд тохирч, нийцэж байгаа эсэхийг маш нарийн үзүүлэлтээр тодорхой болгохыг зааж өгсөн. Тиймээс ирэх жилүүдийн урьдчилан сэргийлэх үзлэгийг энэ журмын дагуу зохион байгуулна. Бид бас, ажилтан бүрийн ажлын байрны онцлог, түүнд тохирох ажилтны эрүүл мэндийн байдлын шалгуур үзүүлэлт, тэнцэх босго зэргийг тодорхойлж гаргасан. Тухайлбал, хэвийн бус болон эрсдэлтэй ажлын байранд ажиллах ажилтан биеийн эрүүл мэндийн хувьд ямар үзүүлэлттэй байх вэ, бүр цаашилбал биеийн жингийн индекс хэвийн байгаа эсэхийг ч чухалчилж авч үзнэ. Хэрэв биеийн жингийн индекс нь 35 хувиас дээш бол хэт таргалалтын эрсдэл үүсэх, улмаар уг ажлын байранд тохирох эсэхийг гаргасан лавлагаа үзүүлэлтээр урьдчилан сэргийлэх үзлэгийг зохион байгуулах болж байна. Ийм учраас ажилтан бүр эрүүл мэнддээ онцгой анхаарч, урьдчилан сэргийлэх үзлэгт өндөр ач холбогдол өгч хамрагдахыг анхааруулмаар байна. Хамгийн чухал зүйл бол эрүүл мэнд гэдгийг цаг ямагт санаж, амьдралын хэв маягаа илүү зөв, чанартай болгохыг зөвлөж байна.
-Ажилтнууд урьдчилан сэргийлэх үзлэгийн багц сонгохдоо юуг анхаарах шаардлагатай вэ? Ер нь ажилтнууддаа анхааруулж, зөвлөгөө өгнө үү?
-Энэ бол ажилтан хүн бүрд маш чухал асуудал. Хамгийн эхлээд цех хариуцсан эмчтэйгээ маш сайн зөвлөлдөх хэрэгтэй. Өртөг нь өндөр багцыг шилэх, турших хэлбэрээр биш яг өөрийн бие, эрүүл мэндийн онцлог, өөрт илэрдэг, илэрч болзошгүй шинж тэмдэг зэргээ хянаж, түүнтэйгээ уялдуулж сонгоорой гэж зөвлөе. Манай үйлдвэрийн ажилтнууд жил бүр эрүүл мэндийн бүрэн үзлэгт хамрагдаад ирсэн учир харьцангуй ойлголттой, оношилгоо шинжилгээнд орох хувийн бэлтгэлээ хангахад цаг гаргадаг болсон гэдэгт итгэлтэй байна. Багцаа зөв сонгоод, үзлэгтээ орох нь маш өндөр ач холбогдолтой гэдгийг өмнөх шинжилгээний үр дүнгүүд харуулж байгаа. Ялангуяа хавдрын өвчлөлийг эрт үед нь илрүүлж, хугацаа алдахгүй шуурхай эмчилгээнд орох боломжийг бүрдүүлж байна. Энэ оны урьдчилан сэргийлэх үзлэгийн явцад хавдрын өвчний 4 тохиолдлыг эрт үед нь илрүүлж, шуурхай арга хэмжээ аваад байгаа. Эмчилгээ авах шатанд нь илрүүлж, эмчийн хяналтад эмчлүүлээд илаарьшиж, эдгэх нь л энэ үзлэгээс хүлээх гол үр дүн. Тиймээс бид урьдчилан сэргийлэх үзлэгийн чанар хүртээмжийг сайжруулах, нөгөө талаас ажилтнууд маань үзлэгтээ цаг хугацаандаа орох, тэгээд зөвхөн хамрагдаад орхичих биш үзлэгийн дүгнэлт дээр бичсэн зөвлөмжийг хэрэгжүүлэх, шаардлагатай бол дахин эмчид хандах гэх зэргээр харилцан уялдаатай хамтран ажиллах ёстой. Эцэст нь дахин хэлэхэд, хөдөлмөрийн өндөр бүтээмжтэй ажиллаж, амьдралын чанараа сайжруулъя гэвэл нэн түрүүнд эрүүл мэнддээ анхаарах хэрэгтэй. Эрүүл байвал эрч хүч, амжилт ололт дүүрэн аз жаргалтай амьдрахын үндэс бүрэлддэг тул хүн бүр ажил амралтаа зохицуулж, зөв дадлыг хэвшил болгох нь чухал юм.















