“Чанар болон стандарт - тогтвортой хөгжлийн үндэс” сэдэвт зөвлөгөөнд Эрчим хүчний менежментийн тогтолцооны үр дүнгийн талаар илтгэл тавьж, хэлэлцүүлсэн “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Эрчим хүчний хэлтсийн дарга-Ерөнхий эрчим зүйч Л.Ариунболдтой хэрэглээ, хэмнэлт, бодлого хэрэгжилтийн талаар цөөн хором ярилцлаа.
-Эрдэнэт үйлдвэрт эрчим хүчний менежментийн тогтолцооны стандарт тогтвортой хэрэгжиж байна. Үр дүн хэр гарч байгаа вэ?
-Эрчим хүчний менежментийн тогтолцоо ISO 50001 стандартыг 2024 оны наймдугаар сараас хэрэгжүүлж эхэлсэн. Ер нь бол эрчим хүчний менежментийн тогтолцооны стандарт нь өөрөө хэмжигдэхүйц. Эрчим хүчний гүйцэтгэлийн гол үзүүлэлттэй холбогддог. Үүгээрээ дамжуулаад хэрэглээнд хяналт тавих боломжтой. Цаашдаа эрчим хүчний хэрэглээгээ бууруулах, үр ашигтай ашиглахад илүү чиглэсэн энэ стандартыг нутагшуулснаар эрчим хүчний зардлаа бууруулах, эрчим хүчнийхээ системийг зөв зохистой удирдах ач холбогдолтой. Энэ санааг илтгэлээрээ онцлохыг зорилоо.
-Өнөөдөр Эрдэнэт үйлдвэр хэчнээн хэмжээний цахилгаан эрчим хүч хэрэглэдэг вэ. Энэ нь нийт зардлын хэдэн хувийг эзэлж байна?
-2025 оны үзүүлэлтээр бол Эрдэнэт үйлдвэрийн нийт зардлын 12-13 хувийг цахилгаан эрчим хүчний зардал эзэлж байна. Энэ нь үйлдвэрийн дөрөв дэх том зардал. Өнгөрсөн онд 1.2 тэрбум кВт цаг эрчим хүч хэрэглэсэн. Энэ нь Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн 10-12 хувийг эзэлж байгаа юм. Энэ онд Эрдэнэт үйлдвэр анх удаа 40 сая тонн хүдэр боловсруулах буюу үйлдвэрийн хүчин чадалдаа 100 хувь хүрч ажиллах зорилттой төлөвлөгөө батлуулсан. Үүнтэй холбоотойгоор эрчим хүчний хэрэглээ 1.3 тэрбум кВт.цагт хүрнэ гэж төлөвлөсөн. Түүнээс гадна 2026 оны 6 дугаар сараас цахилгаан эрчим хүчний тусгай тарифыг Эрчим хүчний зохицуулах хорооноос Эрдэнэт үйлдвэрт тогтоолоо. Үүнтэй холбоотойгоор манай эрчим хүчний зардал огцом өссөн. Энэ жил бид 600 тэрбум орчим төгрөгийг цахилгаан эрчим хүчний зардалд зарцуулахаар байна.
-Эрдэнэт үйлдвэр хүчин чадлаа нэмэгдүүлж байна. Дээр нь Оюутын орд нээгдлээ, түүхэн гэмээр өргөтгөл, бүтээн байгуулалтууд өрнөсөөр байна. Үүнтэй холбоотой цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөх үү? Ямар төлөвлөлтэй байна?
-Эрдэнэт үйлдвэр жилд 40 сая тонн хүдэр боловсруулах, дээд хүчин чадалдаа хүрсэн. Ирэх жил тэр хэмжээндээ ажиллах учраас эрчим хүчний хэрэглээ өсөхгүй. Өөрөөр хэлбэл, 1.3 тэрбумдаа барьж, ажиллах зорилготой байна. Хүдэр бэлтгэлийн 1 дүгээр шугамын шинэчлэлийн төсөл 2027 онд ашиглалтад орвол 2028 оноос эрчим хүчний томоохон хэмнэлт гарах ёстой. Тэгэхээр бид 2028 оноос эрчим хүчний хэрэглээг тодорхой хэмжээгээр буурна гэж харж байгаа. Дунд хугацаандаа буюу 2029, 2030 оноос цааш Ил уурхайн хувьд цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөх төлөвтэй байгаа. Яагаад гэхээр энд эрчим хүчний шилжилтүүд хийгдэнэ. Өөрөөр хэлбэл, хүнд даацын авто самосвалуудыг цахилгаан-дизель хосолсон, бүр цаашлаад бүрэн цахилгаан руу шилжүүлэх явцад цахилгаан эрчим хүчний хэрэглээ өсөж таарна. Оюутын ордын хувьд одоогоор хараахан ТЭЗҮ гараагүй байгаа учраас ямар хэмжээгээр нэмэгдэх нь тодорхойлогдоогүй. Мэдээж, нэмэгдэх нь тодорхой.
-Удахгүй Оюут дэд станц ашиглалтад орно. Энэ нь Эрдэнэтийн, цаашлаад төвийн эрчим хүчний системд ямар нөлөө үзүүлэх вэ?
-Үйлдвэрлэл, технологийн паркийн цахилгаан хангамжийн хүрээнд 3 багц ажил явж байгаа. Үүний 1, 2 дугаар багцын ажил үндсэндээ дууссан. 10 дугаар сарын 08-нд Техникийн комисс ажиллаад, туршилтын залгалт хийгээд явж байна. Энэ сардаа багтаад Улсын комисс ажиллах байх. Энэний 2 дугаар багц нь Оюут гээд 220/110/35 кВ-ын 2*200 мВа чадалтай дэд станц байгаа. Энэ бол Монгол Улсад сүүлийн жилүүдэд баригдаж байгаа 4 дэх том дэд станц. Энэ дэд станцад 50 мВар-ын хүчдэл тогтворжуулагч нэмэлтээр суурилуулснаараа онцлог. Ийм чадлын төхөөрөмжийг Монгол Улсад анх удаа бид дэд станцад суурилуулсан. Оюут дэд станц нь Үйлдвэрлэл, технологийн парк, зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах үйлдвэрийг хангах үндсэн төлөвлөлттэй. Үүн дээр нэмээд шинэ хаягдлын аж ахуй, цаашлаад Оюутын ордыг түшиглэж барих үйлдвэрүүдийг цахилгаан эрчим хүчээр хангах, тэжээх үндсэн дэд станц болно. Нөгөө талдаа Эрдэнэт дэд станцтай уялдаатай ажиллаж ачааллыг хөнгөлж өгөх юм. Эрдэнэт дэд станц нь Цахилгаан дамжуулах үндэсний сүлжээ компанийн хангайн бүсийн 10 аймаг, 140 сумыг хангадаг. Тэгэхээр манайх энэ дэд станцын ачааллыг хөнгөлж өгснөөрөө энэ 10 аймаг, 140 сумыг цахилгаан эрчим хүчээр найдвартай хангах, хүчдэлийн түвшин тогтвортой байх нөхцөлд өндөр ач холбогдолтой дэд станц болж байгаа юм. Тийм ч учраас Эрчим хүчний яамнаас онцгой анхаарч ажиллаж байна.
-Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын 50 жилийн ой энэ жил тохиож байна. Хүчин чадлыг нь нэмэгдүүлэх хөгжлийн төлөвлөлт бий юу?
-Манай Дулааны цахилгаан станцын үндсэн үүргийн нэг нь Баяжуулах үйлдвэрийг технологийн уураар хангах. Мөн үйлдвэрийн бүсийн объектуудыг дулаанаар хангах үндсэн үүрэгтэй. Үүний зэрэгцээ бас цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж, Төвийн эрчим хүчний системд нийлүүлж байна. Цаашид найдвартай ажиллагааг хангах үүднээс зуухны шаталтын технологи болон автоматжуулалт дээр шинэчлэлтүүд хийх шаардлагатай. 2026-2031 оны дунд хугацааны стратегид өргөтгөл төлөвлөөгүй. Учир нь нэг худалдан авагчийн системтэй учраас Төвийн эрчим хүчний системд цахилгаан эрчим хүч нийлүүлээд, буцаагаад өндөр үнээр авдаг. Ийм гаж тогтолцоотой байгаад байгаа учраас дахиж өргөтгөсөн тохиолдолд бид эндээс үр ашиг хүртэх хууль эрх зүйн орчин байхгүй. Өөрөөр хэлбэл, Дулааны цахилгаан станц болгон ажиллуулснаар сүүлийн жилүүдэд бүр эсрэгээрээ алдагдал хүлээж байгаа. Монгол Улсын эрчим хүчний систем хүнд байгаа жилүүдэд Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, алдагдалтай ч гэсэн дэм үзүүлж, станцаа ажиллуулаад явж байна. Ирээдүйд эрх зүйн орчин өөрчлөгдөж, үйлдвэрлэсэн цахилгаан эрчим хүчээ өөрийн өртгөөр нь үйлдвэр өөрөө ашиглах боломжтой болвол өргөтгөх, эх үүсвэрээ нэмэгдүүлэх асуудлыг бодож үзэх боломжтой.
-Цаг гаргаж ярилцсан танд баярлалаа.















