Эрдэнэтийн уурхайчдын анхны ээлжийнхэн буйраа зассан Говил тосгонд Ц.Эринбүргэдийн хүүхэд нас нь өнгөрчээ. Тэр, Говилын унаган “хүүхэд”. 1982 онд түүнийг дөрөвдүгээр ангид орох жил аав Б.Цэрэндорж нь Эрдэнэт хотын Говил тосгоны цэргийн ангид ажиллахаар болж, гэр бүлээрээ нүүн ирж төвхнөв. Эрдэнэтийн их бүтээн байгуулалт ид өрнөж, уурхайчид болон тэдний ар гэрийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх зорилтын хүрээнд сургууль цэцэрлэг, эмнэлэг, холбоо, ахуйн үйлчилгээний газрууд ар араасаа баригдан, ашиглалтад орж байсан үе. Ээж Б.Түвшинжаргал нь, байгуулагдаад удаагүй хотын Ахуйн үйлчилгээний газарт ажилд орж, анхдагчдын нэг болов. Ингэж манай сонины ээлжит дугаарын “Аваргууд” булангийн эрхэм зочин, Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхайн Цахилгаан тоног төхөөрөмжийн засварын хэсгийн тоног төхөөрөмжийн цахилгаанчин Цэрэндоржийн Эринбүргэдийн уурхайчны замналын урт түүхийн эхлэл тавигдав.
Түүнийг төрөх үед аав Б.Цэрэндоржтой нь цэргийн ангид хамт, ойр дотно ажиллаж байсан түрүүч цолтой казах залуу, хүүгээ “Эринбүргэд” гэж нэрлээрэй, манай нутгийн алдартай анчин хүний нэр юм. Нөгөө талаас, бүргэд хэмээх шувууны хүч, хийморийн бэлгэдэл оршиг гэж хэлсэн юм санж. Ийнхүү аав ээжээс заяасан дуудах алдар нь онцгой, содон Эринбүргэд билээ.
Ц.Эринбүргэд, Эрдэнэт үйлдвэртээ, Ил уурхайдаа, энэ л мэргэжлээрээ тасралтгүй 35 жил ажиллажээ. Гучин тав дахь хаврын босгон дээр тэр Эрдэнэт үйлдвэрийн “Хөдөлмөрийн аварга” болж, хөдөлмөрийн хүний бахархалт нэгэн шагналаа гардсан юм. “Шагнал урамшуулал гэхээсээ илүү сэтгэлээсээ л ажиллахыг хичээдэг дээ” гэж даруухан өгүүлэх. Уурхайчдын нийтлэг дүр төрх болох тэрхүү даруу чанар, түүний сэтгэл зүрхэнд, арга барилд, тэрчлэн амьдрах “хэв маяг”-т ч гүнзгий шингэсэн гэлтэй. Ц.Эринбүргэд цахилгаанчин мэргэжилтэй. Арван жилийн сургуулиа дүүргээд, ОХУ-ын, хуучнаар Ленинград хотын Техник мэргэжлийн сургуульд суралцан, өвөртөө цахилгаанчны мэргэжлийн үнэмлэхтэй, оюун бодолдоо хийж бүтээхийн дэврүүн хүсэл мөрөөдөлтэйгөөр Эрдэнэт үйлдвэрийн босгыг алхаж байжээ. Шинэхэн цахилгаанчин, бульдозерийн хэсэгт ажиллахаар ирэхэд нь хэсгийн дарга, хожмоо Ил уурхайн даргаар олон жил ажилласан, Монгол Улсын Гавьяат уурхайчин Б.Отгондаваа угтан авч, “Тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдал уурхайд маш чухал, цахилгаанчин хүний сэтгэл энд бүрэн шингэсэн байх учиртай” гэж хэлсэн нь одоо ч түүний бодолд тод байдаг гэсэн. Тэр л захиасаар чиг хийж, мөрөө бүтээж өдий хүрчээ.
Улс орны хувь заяаг хөгжлийн хүрдээрээ залуурдаж, дэвжээж буй уул уурхайн салбарын дэвшил уурхайчин нэг бүрийн ажил хөдөлмөрт ч тод томруун нөлөөлдөг. Ц.Эринбүргэдийг цахилгаанчнаар ажилд орох үед уурхайд Орос улсад үйлдвэрлэсэн техникүүд зонхилон ашиглагдаж байв. ОХУ-д мэргэжил эзэмшсэн хүний хувьд тодорхой түвшний орос хэлтэй хэдий ч ажлын талбарт түүнийг гардан сургасан орос багш нар нь илүү мэдлэг, дадлага суулгаж өгчээ. Ажилдаа хурдан гарших, дадлагажих хамгийн том зам нь ингэж нээгдэв. Уурхайчдыг ажилд нь тээвэрлэдэг автобус түүнийг ажилд орох үед Говилын чиглэлд явдаггүй байж. Өглөө эрт босоод Говилоос Ил уурхай хүртэл алхаж ирнэ, ажлаа тараад явганаар харина, эсвэл ажил дээрээ хононо. Таван жил шахуу ажилдаа алхаж, ирж очихдоо нэг ч удаа хойргоших, шантрах бодол төрж байсангүй. Үйлдвэрээс шилдэг ажилтнуудаа телевизор, преставк, систем хөгжим гэх зэрэг цахилгаан бараагаар шагнадаг байсан тэр жил түүний шагналд нэг преставк иржээ. Чухал хэрэгцээг нь бодож, шагналын преставкаа хотод аваачиж, унадаг дугуйгаар “наймаалцсан” гэдэг. Ингээд ажил, гэрийнхээ дунд унадаг дугуй “хөлөглөх” боллоо. Харин удалгүй үйлдвэрээс 2-р хороололд байр өгснөөр тэднийх “Город”-ын айлын эгнээнд баяр хөөртэйгөөр шилжиж, ажилчдын автобусаар зорчих болсон юм. Залуу насны эрч хүчээр бялхаж цалгиж, ид бахтай ажиллаж хөдөлмөрлөсөн “хөөрхөн” түүхийнхээ хэсгээс ийн хуваалцлаа.
Одоо олон зүйл өөрчлөгдсөн. Ажлын орчин, арга барил, уурхайчнаас шаардах мэдлэг чадвар, дадлага туршлага гээд бүгд хөгжлийн шинэ шатанд гарсан гэж цахилгаанчин Ц.Эринбүргэд ярьж сууна. Техник тоног төхөөрөмжөө засварлахын тулд бид орос хэлээ сайжруулахыг хичээдэг байсан бол одоо англи хэл эзэмшихээр суралцаж байна. Учир нь, технологийн хөгжлийг дагаад манай уурхай Комацу, Катерфиллер гэх зэрэг хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техникүүдийг ашиглаж байна. Эдгээрийн заавар, техникийн үзүүлэлт, горим ажиллагаа бүгд англи хэл дээр бичигдсэн. Үүнийг уншиж, ойлгож байж засвар үйлчилгээгээ чанартай, найдвартай хийж чадна. Түүнээс гадна техникийн эвдрэл гэмтлийг комьпютер программын тусламжтайгаар оношилно гэх зэргээр ажилчнаас мэргэжлийн ур чадвар, хувь хүний өсөлт хөгжил өндөрт тавигдаж байна. Тиймээс тэр одоо ч суралцсаар. Үргэлж шинийг эрэлхийлж, өөрийгөө дайчилж, сэтгэл зүтгэлээ шингээн хөдөлмөрлөж буйг нь он удаан жил зузаарсаар ирсэн түүний ажлын амжилт “өмнөөс нь ярьдаг” болжээ. Ил уурхайн хүнд машин механизмын цахилгаан тоноглолын найдвартай ажиллагааг хангаж, гэмтэл саатлыг богино хугацаанд илрүүлэн засварласнаар төлөвлөгөөт бус сул зогсолтыг жил бүр 50 хүртэл хувиар буурууллаа. Тэрээр засвар үйлчилгээний чанарыг сайжруулж, цахилгаан эрчим хүч хэмнэх бодлогыг үйлдвэрлэлд бодитоор хэрэгжүүлснээр сүүлийн хоёр жилд 472.0 сая төгрөгийн хэмнэлт гаргахад бодит хувь нэмрээ оруулсан байна. Амжилт бүрийнх нь ард түүний хамт олон бий. Ажил амьдралын баяр, гуниг ээлжлэх олон өнгийн урт замд бие биеэсээ суралцаж, түшиг болж, гар сэтгэл нийлэн, баялаг бүтээлцэж буй хамт олон, хамтран зүтгэгчид, ээлжийн нөхдөдөө чин сэтгэлээсээ талархдаг, гэж Ц.Эринбүргэд яриандаа онцлов.
Удам, үе дамжин хөдөлмөрлөсөн түүх уурхайчдын гэр бүлд бүтээгддэг нь олонтоо. Түүн луугаа, Ц.Эринбүргэд амьдралын ханиа уурхайчдын ам бүлээс сонгож, ажил мэргэжлийн халаагаа хүүдээ залгамжлуулжээ. Түүний хүү Ц.Бат-Ирээдүй, ОХУ-ын Эрхүү хотод Цахилгааны инженерийн мэргэжил эзэмшиж, аавтайгаа мөр зэрэгцэн ажиллаж байна. Аавын гаргасан зөв мөр, ажил хөдөлмөрийнх нь замыг гэрэлтүүлж, амжилт бахархлын оргилд хүргэх нь мэдээж.
Эрин зууны бахархал Эрдэнэтийн уурхайд “бойжсон” Ц.Эринбүргэдийн алдрын замналаас товч өгүүлэхэд ийн.















