Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх өнөөдөр Эрдэнэт үйлдвэрийн шинэ бүтээн байгуулалтын төслийн явцтай танилцсаны дараа уурхайчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ. Тус үйл ажиллагаанд УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Д.Батлут, УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа, Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, Орхон аймгийн Засаг дарга Б.Зоригтбаяр, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хот, хөдөөгийн хөгжлийн бодлогын зөвлөх Т.Энхтүвшин, Төсөл хөтөлбөрийн зохицуулалт, иргэний нийгмийн бодлогын зөвлөх Б.Жавхлан, Залуучууд, спортын бодлогын зөвлөх Д.Даваадорж, “Чингис хаан баялгийн сан нэгдэл” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Даваадалай, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон болон үйлдвэрийн удирдлагууд оролцлоо.
Уулзалтыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон нээж, үйлдвэрийнхээ үйл ажиллагаа, үйлдвэрлэл, эдийн засгийн үзүүлэлт, бүтээн байгуулалт, өргөтгөл шинэчлэлийн ажлуудын талаар танилцуулсан.
Энэ үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, төрийн дээд одон, медаль хүртэж буй эрхмүүдэд шагналыг гардуулан, баяр хүргэв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирал асан Х.Наранхүүд “Аж үйлдвэрийн Гавьяат ажилтан” цол, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Механикийн хэлтсийн дарга, Ерөнхий механикч Б.Чинзоригт “Гавьяат уурхайчин” цол тус тус хүртээж,” Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Геологи хайгуулын экспедицийн дарга М.Дамдинсүрэн, Авто тээврийн цехийн уурхайн тээврийн зориулалттай хүнд даацын авто машины жолооч Н.Отгонболд, Баяжуулах үйлдвэрийн дарга М.Отгон нарыг “Хөдөлмөрийн гавьяаны улаан туг”-ийн одонгоор, Засвар механикийн заводын Механик цехийн засварчин Г.Баярсайхан, Авто тээврийн цехийн уурхайн тээврийн зориулалттай хүнд даацын авто машины жолооч С.Баярмагнай, “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын ахлах тогооч, Монгол Улсын мастер тогооч П.Сарангэрэл, Ил уурхайн Ерөнхий инженер С.Баярбат, Засвар механикийн заводын зорох машины операторч Н.Нүрзэд, “Эрдэнэт сувиллын” цогцолборын Уламжлалт эмчилгээний бага эмч Д.Бат-Эрдэнэ, Хүний нөөц, захиргааны хэлтсийн Хүний нөөцийн тэргүүлэх мэргэжилтэн Ө.Золбаяр, Эдийн засгийн хэлтсийн Төлөвлөлт шинжилгээний албаны дарга Д.Будсүрэн нарыг “Алтан гадас” одонгоор, Ил уурхайн Уулын төхөөрөмжийн засварын хэсгийн дарга С.Даваа-Очир, Чанар хяналтын хэлтсийн Төлөвлөлт шинжилгээний товчооны хөдөлмөрийн эдийн засагч М.Амаржаргал, Авто тээврийн цехийн хүнд даацын авто машины жолооч Х.Гантөмөр, Геологи хайгуулын экспедицийн операторчин Д.Энхбаяр нарыг Хөдөлмөрийн хүндэт медалиар шагнаж, эх орныхоо хөгжил дэвшилд оруулж буй хөдөлмөр зүтгэлийг нь үнэлэн алдаршууллаа. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг болгосны дагуу эзэн богд Чингис хааны эш хөргийг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндонд хүндэтгэлтэйгээр гардуулав.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж хэрэгжүүлж буй бодлого хөтөлбөр, үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй танилцуулахын зэрэгцээ Эрдэнэт үйлдвэр бол байгуулагдсан цаг үеэсээ өнөөг хүртэл аж үйлдвэрийн тулах багана болж ирсэн, Монгол улсын стратегийн өндөр ач холбогдол бүхий үйлдвэр гэдгийг онцлон тэмдэглэсэн.
Тэрээр “Хорьдугаар зууны түүхэн бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэртэй ажил амьдралаа холбон, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө хүчин зүтгэж буй ажилсаг, хичээнгүй уурхайчин хамт олон, үе үеийн удирдлагуудад билэгт сайн өдрийн мэндчилгээ дэвшүүлье” хэмээгээд эх орны нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж, ковид цар тахлын хүнд үед 1.6 жилийн турш улсынхаа бүх байгууллага, айл өрхийн ус, дулаан, цахилгаан эрчим хүчний хэрэглээний төлбөрийг дангаараа хариуцаж, хямралыг даван туулахад онцгой гавьяа байгуулсныг бид үргэлж санаж явах учиртай гэж талархлаа илэрхийлэв. Түүнчлэн Монгол хүн бүр эх орон, үндэсний өв соёл, үнэт зүйлээрээ бахархаж, тусгаар тогтнол, аюулгүй байдал, эв нэгдлийг эрхэмлэн хичээж явахын чухлыг тодотголоо.
















