“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зарласан “Эрчим хүч хэмнэлт” сэдэвт бүтээлийн уралдааны дүн гарч, шилдгүүдэд шагнал гардууллаа. Үйлдвэрийн газрын цахилгаан эрчим хүчний зардлыг бууруулах, хэрэглээний үр ашгийг нэмэгдүүлэх, дэвшилтэт техник, технологи, шинэлэг санаа, бүтээлч шийдлийг үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготой тус уралдаан нь ажилтнуудын мэдлэг, туршлага, идэвх санаачилгыг дэмжихэд чиглэжээ.
Уралдаанд үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн ажилтнууд эрчим хүчний хэрэглээг оновчлох, тоног төхөөрөмжийн ажиллагааг сайжруулах, дулааны алдагдлыг бууруулах, ухаалаг менежмент нэвтрүүлэх чиглэлээр төсөл, судалгаа, бүтээлээ ирүүлж, өрсөлдсөнөөс дараах бүтээлүүд шилдгээр шалгарсан байна. Тэргүүн байрт Засвар, механикийн заводын Механик цехийн ахлах эрчим зүйч Л.Энхтөрийн “Металлын дулаан боловсруулалтад өндөр давтамжит индукцийн халаах төхөөрөмж ашиглах нь” бүтээл шалгарлаа.
Дэд байрт Эрдэнэт цогцолбор их сургуулийн Эрчим хүчний тэнхимийн доктор (Ph.D) Д.Амармөрөнгийн “Хиймэл оюун ухаанаар цахилгаан хөдөлгүүрийн гэмтлийг илрүүлэх боломжийн судалгаа” бүтээл орсон бол гуравдугаар байрт Баяжуулах үйлдвэрийн Дулаан агааржуулалтын хэсгийн цахилгааны мастер О.Бат-Эрдэнийн “РМАС-8001А төхөөрөмжид суурилсан бага, дунд чадлын цахилгаан хөдөлгүүрийн реле хамгаалалт, хяналт удирдлагын схем” бүтээл шалгарчээ.
Харин тусгай байрт Баяжуулах үйлдвэрийн Шүүн хатаах хэсгийн ахлах цахилгаанчин С.Хатанбаатарын “Орчны температурын мэдрэгч ашиглан үйлдвэрийн халаалтын системийг удирдан цахилгаан эрчим хүч хэмнэх” болон Тээвэр ложистикийн төвийн эрчим зүйч Б.Баянмөнхийн “Energy Smart 50001-Эрчим хүчний ухаалаг менежмент” бүтээлүүд шалгарсан байна.
Энэхүү уралдаан нь ажилтнуудын бүтээлч сэтгэлгээ, мэргэжлийн ур чадварт тулгуурласан шинэ санаа, оновчтой шийдлийг дэмжихийн зэрэгцээ үйлдвэрийн эрчим хүчний хэрэглээг үр ашигтай болгох, үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн чухал санаачилга болж байна.















