Монгол Улсад хүүхдийн зуслан үүсэж, хөгжсөний 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хурал Монголын хүүхдийн ордны Их танхимд боллоо. Энэ үеэр Эрдэнэт үйлдвэрийн “Найрамдлын Эрдэнэс” зуслан 2026 оны ажлын үзүүлэлт, стандартын хэрэгжилтээрээ Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын Ерөнхий газрын “Хүүхдэд ээлтэй зуслан” шагнал хүртжээ. Мөн тус зуслангийн хүүхдийн хөгжлийн хөтөлбөр хариуцсан арга зүйч О.Дэлгэрмаа салбарын “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан” цол тэмдэг, удирдагч багш Ч.Батбилэг, А.Баяржавхлан, Ц.Рагчаа, ахлах арга зүйч Б.Наранцогт нар Монголын Залуучуудын Холбооны дээд шагнал “Хөдөлмөрийн алдар” цол тэмдгээр шагнагдсан байна.
Хүндэтгэлийн хуралд Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Боловсролын сайд Л.Энх-Амгалан, Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн гишүүд, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын Ерөнхий газрын удирдлагууд, төрийн байгууллагуудын төлөөлөл, Монголын үндэсний зуслангуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүд, хүүхдийн зуслангийн ахмадууд, үе үеийн багш, ажилтнууд хамтран ажиллагч байгууллагуудын 520 гаруй төлөөлөгч оролцлоо.
Хүүхдийн зуслангийн нэгэн зууны түүх, өв уламжлалыг олон нийтэд таниулах, салбарын хөгжилд үе үеийн багш, сурган хүмүүжүүлэгч, ажилтан, удирдлагын оруулсан хувь нэмрийг үнэлэх, цаашдын хөгжлийн чиглэлийг тодорхойлох нь энэхүү үйл ажиллагааны гол зорилго байсан юм. Түүнээс гадна Засгийн газрын 2026 оны 299 дүгээр тогтоолоор хүүхдийн зуслангийн талаар дэвшүүлсэн зорилтууд, зуслангийн үйл ажиллагааны чанар, хүртээмжийг сайжруулах, хүүхэд эрүүл, аюулгүй орчинд амарч, хөгжих нөхцөлийг бүрдүүлэх, салбарын эрх зүйн орчин, дэд бүтцийг боловсронгуй болгох чиглэлээр цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулжээ.
1926 онд Яармагийн дэнжид анхны гэр зуслан үүдээ нээснээс хойш зуун жилийн хугацаанд Улаанбаатар хот болон 21 аймагт 60 гаруй хүүхдийн зуслан байгуулагдаж байсан бол өнөөдөр улсын хэмжээнд нийт 72 зуслан үйл ажиллагаагаа явуулж байна.


















