1987 оны 11 дүгээр сарын 5. Пүрэв гараг. “Ажилчны үг” сонины №1 дугаарт Анхны эрхлэгч, ахмад сэтгүүлч Д.Ёндонравцаг, “Эрдэнэсийн сан Эрдэнэт уулын оройгоор үүрийн туяа манхайн цайхад эртэч хүмүүс ээлжийн ажилдаа бэлтгэдэг. Манай эх оронд хөгжил цэцэглэлтийн нэгэн өдөр ирж байгаа нь энэ.” хэмээн бичиглэснээс хойш 1000 дахь дугаар хэвлэлтэд шилжиж байна...
Он цаг улиран өнгөрөх тусам сонины нэр өөрчлөгдөж, өнгө төрх нь шинэчлэгдэж, нийтлэлийн хэлбэр хувьсаж. Харин нэг зүйл хэвээрээ үлджээ. Энэ сонины хуудсанд Эрдэнэт үйлдвэрийн амьдрал үргэлжилсээр байна. Нэгэн цагт цоо шинэ мэдээ, сурвалжилга болон нийтлэгдэж байсан үйл явдлууд өнөөдөр үйлдвэрийн түүх болон үлджээ.
Шагнал авсан ажилтан, ашиглалтад орсон объект, үйлдвэрлэлийн шинэ амжилт, хамт олны баяр хөөр, хөдөлмөрийн бахархал. Тэр бүхнийг тухайн цаг үед нь тэмдэглэн үлдээсэн хүмүүсийн хөдөлмөр энэ сонины шарласан хуудас бүрээс мэдрэгддэг. 1000 дахь дугаарт хүрэх замналын ард олон хүний хөдөлмөр, олон цагийн эрэл хайгуул, олон өдрийн сурвалжилга, олон мянган мөр бичвэр бий. Дугаар бүрийн ард сурвалжилгын тэмдэглэл, ярилцлагын дуу бичлэг, гэрэл зургийн хальс, кадр, эх бэлтгэгчийн нягт нямбай өрөлт, тойруулан уншиж, цоохорлож, тулгасан, гарын үсэгтэй дардас бий.
Уурхайн гүнд ажиллаж буй нэг ажилтны тухай нийтлэл, үйлдвэрийн нэг ээлжийн хөдөлмөр, бүтээн байгуулалтын талбай дээрх нэгэн зураг тухайн үедээ өдрийн мэдээ болон нийтлэгдсэн ч, он цаг өнгөрөх тусам тэр бүхэн уурхайчдын түүх, баримт болон үнэ цэнээ нэмдэг. Тийм учраас дугаар бүрийн ард өнөөдрийн үйл явдлыг маргаашийн түүх болгон үлдээх эрхэм үүрэг бидэнд бий.
Өнөөдөр бид өмнөх 999 дугаарыг бүтээсэн хүмүүсийг бодлоо. Энэ сонинд гарчиг өгч суусан үе үеийн эрхлэгчид, редакторуудаа хүндэтгэлээ. Мэдээ бичиж, сурвалжилгад явж, зураг дарж, эх бэлтгэж, хэвлэх үйлдвэр рүү материал илгээж байсан уран бүтээлчдээ дурслаа. Бас сониноо хүлээж авдаг, уншдаг, санал бодлоо редакцтай хуваалцдаг уншигчдадаа талархлаа.
“Ажилчны үг”-ээс эхэлсэн “Өнөөгийн Эрдэнэт” сонины 1000 дугаарын түүхийг бүтээлцсэн үе үеийн сэтгүүлч, уран бүтээлчид, идэвхтэн бичигчид, хамтран ажиллагчид, эрхэм уншигч Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Маргааш дахин шинэ сурвалжилга эхэлнэ. Шинэ ярилцлага буулгана. Шинэ дугаар бэлтгэнэ...
Өнөөдрийн үйл явдлыг маргаашийн түүх болгон үлдээх эрхэм үүрэг бидэнд бий
Энэ мэдээ танд ямар санагдав?
0
0
0
0
0















