Эрдэнэт цогцолбор их сургууль болон Бүгд Найрамдах Солонгос Улсын Кореа их сургууль хамтран “Геологи, уул уурхайн дэвшилтэт технологи, арга зүй” сэдэвт Эрдэм шинжилгээний семинарыг өнөөдөр тус сургуулийн Эрдмийн зөвлөлийн танхимд зохион байгууллаа. Семинарын зорилго нь геологи, уул уурхайн салбарын дэвшилтэт технологи, судалгааны орчин үеийн арга зүй, инновацын шийдлүүдийг танилцуулах, эрдэм шинжилгээний үр дүн, туршлага солилцох, олон улсын цаашдын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэв. Энэхүү үйл ажиллагаанд Кореа их сургуулийн Дэлхий ба байгаль орчны шинжлэх ухааны тэнхимийн судлаачид болон Эрдэнэт цогцолбор их сургуулийн Уул уурхайн тэнхимийн багш нар оролцож, ашигт малтмалын хайгуул, хүдрийн судалгаа, гиперспектрийн дүрслэл, хүдэр боловсруулалт, уурхайн нөхөн сэргээлтийн чиглэлээр хийсэн судалгааны ажлаа танилцуулан хэлэлцүүллээ. Мөн Эрдэнэт цогцолбор их сургуулийн Уул уурхайн тэнхимийн багш Б.Алтансолонго, “Динамик нөхцөлд пиритийн шлам дахь агаарын бөмбөлгийн гадаргуу дээр явагдах эрдэсжилтийн кинетикийн судалгаа”, багш Ш.Амгаланбаяр, “Фотоанализын аргаар тэслэгдсэн хүдрийн ширхэглэлийг тодорхойлох боломж”-ийн талаар илтгэл тавив.
Түүнчлэн, Кореа их сургуулийн судлаач Ён Жэ Ли (Young Jae Lee), “БНСУ-ын Сандунг (Sangdong) ордын вольфрам-молибдений эрдэсжилтийн судалгаанд тулгуурлан Монголын порфирын ордын хайгуулд ашиглах боломж, судалгааны туршлага”-ын талаар танилцуулсан бол тус сургуулийн Б.Уянга, “Эрдэнэтийн-Овооны порфирын зэс-молибдений ордын эрдэсжилтийн бүсийг зураглахад “PRISMA” гиперспектрийн хиймэл дагуулын дүрслэл ашиглах судалгаа”-г хэлэлцүүллээ. Харин Эрдэнэт цогцолбор их сургуулийн Уул уурхайн тэнхимийн багш Ж.Даваабаяр, “Монголын уул уурхайн нөхөн сэргээлтэд усан үрслэгээний технологийг нэвтрүүлэх боломж, ач холбогдол”-ын талаар илтгэл тавьж, уул уурхайн үйлдвэрлэл болон байгаль орчны нөхөн сэргээлтийн уялдаа холбооны асуудлыг хөндсөн юм.
Семинарын хүрээнд оролцогчид судалгааны үр дүн, арга зүйн талаар санал солилцож, хоёр сургуулийн хамтарсан эрдэм шинжилгээний өгүүлэл боловсруулах сэдэв, судалгааны арга, оролцогчид болон хэрэгжүүлэх хугацааны талаар хэлэлцлээ. Эрдэнэт цогцолбор их сургууль олон улсын хамтын ажиллагаагаа өргөжүүлж, гадаадын их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтарсан судалгаа, багш, оюутны солилцоо, сургалтын чиглэлээр хамтран ажиллахыг зорин ажиллаж байна. Энэ талаар Эрдэнэт цогцолбор их сургуулийн захирал Д.Заяабаатар хэлэхдээ, тус сургууль гадаад хамтын ажиллагаагаа жил бүр өргөжүүлэн хөгжүүлж байгааг онцлоод, Кореа их сургуулийн эрдэмтэдтэй геологи, уул уурхайн чиглэлээр судалгааны үр дүн, санал санаачилгаа солилцож буй нь цаашдын хамтын ажиллагааг хөгжүүлэх чухал боломж гэдгийг тэмдэглэв. Тэрбээр, цаашид хоёр сургуулийн хамтын ажиллагааг албан ёсоор өргөжүүлж, хамтарсан судалгааны чиглэлүүдийг тодорхойлон, Эрдэнэтийн-Овоо орд болон Монголын уул уурхайн салбарын хөгжилд хувь нэмэр оруулахуйц судалгааны ажлуудыг хэрэгжүүлэх боломжтойг дурдлаа.
Эрдэнэт цогцолбор их сургууль, БНСУ-ын Чонбук үндэсний их сургуультай багш, оюутны солилцоо, хамтарсан судалгаа, сургалтын чиглэлээр хамтран ажилладаг. Харин Кореа их сургуультай хамтын ажиллагаа нь энэ удаагийн эрдэм шинжилгээний семинараар эхэлж байгаа бөгөөд цаашид хамтын ажиллагааны чиглэл, боломжийг тодорхойлон хөгжүүлэхээр зорьж байна. Семинарын төгсгөлд хамтарсан судалгааны ажлын талаар хэлэлцүүлэг өрнүүлж, оролцогчид Эрдэнэт үйлдвэрийн түүхийн музейтэй танилцлаа. Энэхүү семинар нь геологи, уул уурхайн салбарын шинжлэх ухаан, технологийн дэвшлийг судалгаа, сургалт, үйлдвэрлэлтэй уялдуулах, олон улсын эрдэм шинжилгээний хамтын ажиллагааг хөгжүүлэх, Монголын уул уурхайн салбарын тулгамдсан асуудлыг хамтарсан судалгаагаар шийдвэрлэх боломжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн ач холбогдолтой үйл ажиллагаа боллоо.



















