“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын “Сэлэнгэ” амралт, аялал жуулчлалын цогцолборын ажилтнуудын дунд зохион байгуулагдаж буй “Бага олимп-2026” спортын тэмцээний нээлт өнөөдөр “Энэрэл” төвийн спорт зааланд боллоо. Тус тэмцээн нь ажилтнуудын биеийн тамир, спортоор хичээллэх идэвхийг нэмэгдүүлэх, хамт олны нөхөрлөл, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Тэмцээнд Нийтийн хоолны ресторан, Захиргаа, Зочид буудал, “Энэрэл” төв, “Сэлэнгэ катеринг”, “Сэлэнгэ” амралтын баазын ажилтнууд таван багт хуваагдан оролцож байна. Багууд сагсан бөмбөг, волейбол, Дота буюу цахим спорт, буухиа, корнхол гэсэн таван төрлөөр хурд хүч, авхаалж самбаа, ур чадвараа сорин өрсөлдөх юм.
Өөр өөр чиг үүрэгтэй нэгжүүдийн ажилтнуудыг нэгтгэсэн тус спортын тэмцээн багаар ажиллах чадварыг хөгжүүлэх, харилцан ойлголцлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ эрүүл, идэвхтэй амьдралын хэв маягийг дэмжиж буйгаараа онцлогтой. Тэмцээний төрөл тус бүрд эхний гурван байрт шалгарсан баг, тамирчдыг өргөмжлөл, медаль, мөнгөн шагналаар урамшуулах бөгөөд сагсан бөмбөгийн эрэгтэй, эмэгтэй шилдэг тоглогчдыг тодруулна.
“Бага олимп-2026” спортын тэмцээн нь хамт олны эв нэгдлийг бэхжүүлж, спортын нөхөрлөл, шударга өрсөлдөөнийг эрхэмлэсэн үйл ажиллагаа болж байна.















