“Эрдэнэ үйлдвэр” ТӨҮГ-т 2026 онд шинээр ажилд орсон ажилтнууд өнөөдөр “Хувь хүний төгөлдөршил” сэдэвт сургалтад оролцлоо.
“Ажилтан хүний суурь анхнаасаа зөв тавигдах, өөрөөр хэлбэл зөв хандлагатай эхлэх нь юу юунаас илүү чухал. Тиймээс “Хувь хүний төгөлдөршил” нь хүний төлөвшил хийгээд ажилтны оролцоо, ажлаасаа сэтгэл ханамж мэдрэх, амжилттай бүтээмжтэй байхад нөлөөлөх хүчин зүйл, хувь ажилтан өөрийгөө хөгжүүлэх боломжийг хэрхэн нээх зэрэг олон чиглэлд нь анхны зөв суурийг тавих зорилготой” гэж сургалтын сургагч багш, Бизнесийн зөвлөх, хуульч Ц.Азбаяр онцолсон.
Энэ онд Эрдэнэт үйлдвэрт сонгон шалгаруулалтаар нийт 205 хүн шинээр ажилд орсноос тус сургалтад 153 нь оролцсон байна. Хүний нөөц, захиргааны хэлтсээс хэрэгжүүлж буй хүний хөгжлийн цогц бодлогын нэг нь энэхүү шинэ ажилтныг дасан зохицоход нь чиглүүлэх, хөгжүүлэх хөтөлбөр байдаг. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх Ажлын хэсгээс ээлжит сургалтаа хувь хүний төлөвшил, хандлагад чиглүүлж, энэ удаагийн сургалт идэвхжүүлэлтийн үйл ажиллагаагаа эхэллээ.
“Шинэ ажилтны дасан зохицох хөтөлбөр”-ийн сургалт, идэвхжүүлэлтийн үйл ажиллагааны үеэр оны эхний 9 сард шинээр ажилд орсон А.Мөнгөнсүх, Б.Отгонбаяр, Б.Хишигбаатар, Н.Мөнхтөмөр, Н.Наранзул, Ө.Болор-Эрдэнэ нарт “Шинэ ажилтны бэлгийн багц”-ыг гардуулан, амжилт хүслээ. Мөн сургалтад оролцсон ажилтнуудаас сэтгэл ханамжийн судалгаа авч, санал бодлыг нь сонсохын зэрэгцээ, Соёл, урлагийн цогцолборын уран бүтээлчид Эрдэнэт үйлдвэрийн сүлд дуу “Уурхайчин би” дууг өргөн барьж, ажил хөдөлмөрийн амжилт, бүтээлийн мэндчилгээ болгон хүргэсэн юм.















