Эрдэнэт үйлдвэрийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөний эхэнд Ерөнхий инженер Т.Батмөнх, Геологи, хайгуулын экспедицийн Өрөмдлөгийн хэсгийн өрмийн инженер Гансүхийн Төрболдыг тус экспедицийн Ерөнхий инженерээр томилон ажиллуулах тушаалыг уншиж танилцуулан, амжилт хүслээ. Г.Төрболд нь өрөмдлөгийн инженер мэргэжилтэй, магистр зэрэгтэй, Эрдэнэт үйлдвэрийн Геологи, хайгуулын экспедицид 20 жил ажилласан тушлагатай инженер юм.
Өнгөрсөн долоо хоногт үйлдвэрийн хэмжээнд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн зөрчилгүй, хэвийн ажиллажээ. Эрдэнэт цогцолбор их сургуульд 118, ажлын байранд 267, гаднын байгууллагын найман ажилтанд ХАБЭА-н сургалт зохион байгуулсан байна. Мөн хугацаанд, өндөр эрсдэлтэй 17 ажил гүйцэтгэжээ. Түүнээс гадна ХАБЭА-н дөрөвдүгээр шатны хяналт шалгалт Барилга, засварын цехэд хийгдсэнээр энэ оны хуваарьт шалгалт дуусаж байгааг ХАБЭА-н хэлтсээс мэдээллээ.
Цагаан тоосны нөлөөллийн бүсэд амьдарч буй иргэдэд эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, нөлөөллийн үйл ажиллагааг есдүгээр сарын 15-наас эхлүүлсэн байна. Өнөөдрийн байдлаар эрүүл мэндийн үзлэгт 3575 иргэн хамрагдаж, уг ажил 71,5 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байгааг Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтсээс мэдээлсэн. Мөн Эрдэнэт үйлдвэрийн ажилтнууд хавар, намрын тарилтаар нийт 506,623 мод тарьсан байна. Үүний 2000 ширхгийг нь Баян-Өндөр ууланд тарьжээ.
10 дугаар сар гарсаар уулын цул гаргалт +82,000 м3, хөрс хуулалт +73,000, хүдэр боловсруулалт +20,000 тонн, хүдэр дэх зэсийн агуулга 0384, молибден 0,013 байна. Тайлант хугацаанд 22,35 хувийн агуулгатай 9426 тонн цэвэр зэс агуулсан, 42,173 тонн зэсийн баяжмал үйлдвэрлэв. Сарын эхнээс молибдены баяжмал 120 контейнерыг гаргажээ.
Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл “Эрдэнэтийн-Овоо зэс, молибдены ордыг ашиглах техник, эдийн засгийн үндэслэлийн тодотгол-I” баримт бичгийг баталсан. Тус зөвлөлийн өргөтгөсөн хуралдааны дүгнэлт бүхий ТЭЗҮ-ийн 3 боть, түүнийг дагалдах хавсралт 20 боть ирсэн бөгөөд ажлын хэсгийн гишүүд болон цех, нэгжүүдийн дарга, инженерүүд гарын үсэг зурж баталгаажуулах ажлыг зохион байгуулна гэж Ерөнхий уурхайчин Д.Эрдэнэбаатар мэдээлэлдээ дурдав.
Баяжуулах үйлдвэрт өрнөж буй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна. Гадаа цаг агаар хүйтэрч байгаатай холбогдуулан Хүдэр бэлтгэлийн нэгдүгээр шугамын барилгын цутгалтын ажил эрс багассан, -15 градусын технологийн горимын дагуу багахан цутгалт хийгдэж байна. Өвлийн улиралд металл хийцийн угсралт, механик ажлууд хийгдээд, ирэх дөрөвдүгээр сараас цутгалтыг эхлүүлэхээр болжээ.
11 дүгээр сарын 05-наас 19-ний өдрийг хүртэл CuMo Arena цогцолборын нээлтэд зориулсан долоон төрлийн 12 удаагийн төвлөрсөн үйл ажиллагааг Эрдэнэт хотод анх удаа зохион байгуулахаар төлөвлөснийг Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газраас мэдээллээ. Мөн билетийн 30 хувийг ажилтнууддаа III улирлын хэмнэлтээс урамшуулал олгож, үзвэр үзүүлэх санал дэвшүүлсэн юм.
Оны төгсгөлд үйлдвэрлэлийн төлөвлөгөө биелэх боломжтойг Ерөнхий захирал онцлоод, үүний тулд технологийн бараа материалын худалдан авалт, өвлийн түлшний нийлүүлэлт, Ил уурхайд нэвтрүүлсэн Мөчлөгт урсгалт тээврийн технологийн жигд ажиллагааг хангахад анхаарч ажиллахыг үүрэв болгов.















