Монголын туялзуур сэлмийн холбооноос Өсвөр үе, багачуудын Улсын аварга шалгаруулах тэмцээнийг энэ сарын 24, 25-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо амжилттай зохион байгууллаа.
Тус тэмцээнд Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын дэргэдэх туялзуур сэлмийн “Хангарди” клубын дасгалжуулагч багш А.Бат-Эрдэнийн удирдлага дор 24 тамирчин оролцож, хоёр алт, таван мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн бахдам амжилт үзүүлэв.
Ганцаарчилсан төрөлд Мөнхжаргалын Гоодарь алтан медаль хүртсэн бол Соёл-Эрдэнийн Төгөлдөр мөнгө, Билгүүний Маралгоо, Амарбаярын Хурцболд нар хүрэл медалийн эзэд болжээ.
Багийн төрөлд “Хангарди” клубын тамирчид амжилтаа үргэлжлүүлж, U8 ангилалд С.Төгөлдөр, С.Эрдэнэ, Б.Гэгээн, О.Энэрэл нар мөнгөн медаль хүртсэн бол U10 ангилалд Б.Тогтуун, О.Энхлүүн, Б.Амуу нар алтан медаль хүртлээ. Мөн А.Эмүжин, Б.Маралгоо, М.Гоотөгөлдөр нарын баг мөнгөн медаль хүртсэн бол холимог багт хүч сорьсон М.Гоодарь, Ц.Ундрахмөрөн, Л.Пүрэвдорж, Б.Ивээлтбаяр нар хүрэл медалиар энгэрээ мялаасан байна.
Түүнчлэн, багийн төрлийн U12 ангилалд А.Хурцболд, Б.Сайханбилэг, С.Соёмбо нар мөнгөн медаль хүртсэн бол U16 ангилалд М.Түвшинбаяр, О.Содбилэг, П.Тэмүүлэн нар мөнгө, Н.Марал, Г.Анудар, Б.Хүслэн нар хүрэл медаль хүртэж, амжилтаа бататгалаа.
Ийнхүү, “Хангарди” клубын өсвөрийн сэлэмчид Улсын аварга шалгаруулах тэмцээнээс медалийн арвин ургац хүртэж, Эрдэнэт үйлдвэрийнхээ нэрийг өндөрт өргөв. Тамирчдадаа болон дасгалжуулагч багшдаа уурхайчин хамт олныхоо нэрийн өмнөөс баяр хүргэж, спортын их амжилт, улам их ялалт хүсэн ерөөе!




















