Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захиргааны ажилтнуудын дунд энэ сарын 19-нөөс 21-ний өдрүүдэд зохион байгуулагдсан спортын таван төрөлт тэмцээний дүн гарч, шилдгүүд тодорлоо.
Энэхүү тэмцээнд 100 гаруй тамирчин оролцож, волейбол, корнхол, дартс, олс таталт, хөгжөөнт буухиагаар спортын авьяас чадвар, хурд хүч, авхаалж самбаа, багийн ажиллагаа, эв нэгдлээ сорин өрсөлдсөн юм.
Сүүлийн өдөр хөгжөөн дэмжигчдийн уухай, алга ташилт дунд өрсөлдөөн ширүүн өрнөсөн хөгжөөнт буухиа, олс таталтын тэмцээн болов. Хурд, авхаалж самбаа, зохион байгуулалт, харилцан дэмжлэг шаардсан хөгжөөнт буухиа тэмцээнд VI баг буюу Мустанг баг тэргүүлж, II баг удаалсан бол I баг гуравдугаар байрт шалгарлаа. Харин олс таталтын тэмцээнд I баг хамтын хүч, татах техникээрээ илүүрхэж түрүүлсэн бол III баг хоёрдугаар байр, II баг гуравдугаар байр эзэлсэн юм.
Ерөнхий захиргааны ажилтнуудын спортын таван төрөлт тэмцээний нийлбэр дүнгээр Б.Энхжин ахлагчтай Захиргаа, удирдлага, санхүүгийн газар, Дотоод хяналт, мониторингийн хэлтэс, Гадаад харилцаа, экспортын хэлтэс, Хүний нөөц, захиргааны хэлтсийн хамтарсан II баг тэргүүн байрын шагнал хүртлээ. Харин дэд байрт Т.Батмөнх ахлагчтай Үйлдвэрлэл, техникийн бодлогын газар, Үйлдвэрлэл, техникийн хэлтэс, ХАБЭА-н хэлтэс, Механикийн хэлтэс, Эрчим хүчний хэлтэс, Геологи, маркшейдерийн хэлтсийн хамтарсан I баг, гутгаар байрт Т.Очирхүү ахлагчтай Санхүү, нягтлан бодох бүртгэлийн хэлтэс, Эдийн засгийн хэлтэс, Улаанбаатар дахь төлөөлөгчийн газрын хамтарсан Мустанг буюу VI баг шалгарч, шагналаа гардсан юм.















