“Өнөөгийн Эрдэнэт” - Бидний тоонот

Анх “Өнөөгийн Эрдэнэт” сонины үүдээр догдлон алхаж орсон тэр өглөө өдгөө ч сэтгэлд тодхон. Сэтгүүлч болох гэгээн мөрөөдөлдөө хөтлөгдөн редакцын босго давтал, бичгийн машины товшилт, цаасны сэрчигнээ, кофе, бэхний үнэр сэнгэнэсэн өвөрмөц ертөнц намайг угтсан юм. Удалгүй хижээл насны нэгэн эр том хар цүнхээ барьсаар орж ирж, халимаг үсээ самнан, өрөөний хоймор талын ширээнд нам гүмхэн суух нь нүдэнд одоо ч харагдах шиг. Тэр бол Оросын сэтгүүл зүйн чансаатай сургууль төгссөн, “Өнөөгийн Эрдэнэт” сонины эрхлэгч Өсөхбаярын Тогоо багш байлаа. Багш болбоос өгүүлбэрийн байр байцыг олохдоо гаргуун. Сэтгүүлч хүн үг, өгүүлбэрээр хэлэх гэсэн санааныхаа байг яг онох ёстой гэж үзнэ. Сонинд орох матeриалыг эрээн алаг болтол нь засахгүй ч аман дотроо бувтнан уншиж байснаа өгүүлбэрийн аль нэг хэсэгт ганц хоёр үг, үсэг нэмж хатган оруулж байх жишээтэй. Ингэхэд нөгөө өгүүлбэр эвлэгхэн уншууртай болдог сон. Тэрбээр үг бүрийн жинг тааруулж, өгүүлбэр бүрийн хэмнэл, амьсгалыг мэдэрдэг, сэтгүүлч хүний хувьд үгэнд нэн хүндэтгэлтэй ханддаг эрхэм хүн байв. Тэрбээр надад анхны даалгавраа өгөхдөө “Манай сонины өнгө дотроо бий. Эхлээд мэдэр...” хэмээн захиж билээ. Энэ хэдхэн үг миний сэтгүүлчийн замын эхэнд өгсөн анхны хичээл, хожим ч мартагдаагүй үнэт сургаал болсон юм. Ийнхүү би түүний шавь болж, сэтгүүлчийн замналынхаа үнэ цэнтэй эхлэлийг тавьжээ. Өнөөдөр “Өнөөгийн Эрдэнэт” сонин 39 нас хүрч байна. Анх А3 хэмжээтэй, хар цагаанаар хэвлэгддэг жижигхэн сонин маань өдгөө А2 форматаар, долоо хоног тутам дөрвөн нүүр өнгөтэйгөөр, бас цахимаар уншигчдадаа хүрч байна. Энэ бол зөвхөн хэвлэлийн хэмжээ, өнгө үзэмжийн өөрчлөлт бус, цаг хугацаатай хамт өсөж, төлөвшсөн нэгэн түүхийн илэрхийлэл юм. 
Тэр түүхийн нэгэн томоохон хэсэгт миний ажил, амьдралын мөр ч бий. Сурвалжлагч, сэтгүүлч, редактор, эрхлэгчээр ажилласан он жилүүд минь амьдралын хамгийн үнэ цэнтэй дурсамж, мэргэжлийн бахархал болон үлджээ. “Өнөөгийн Эрдэнэт” бол зүгээр нэг мэдээлэл дамжуулдаг сонин биш. Орхон аймаг, Эрдэнэт үйлдвэрийн түүх, хотын хөгжил, хүмүүсийн хөдөлмөр зүтгэл, урам зориг, итгэл найдварыг хуудас бүрдээ хадгалсан амьд архив. Хуучин дугааруудыг нь сөхөхөд тухайн цаг үеийн амьдрал буцалж, үйлдвэрийн уур амьсгал, хотын хэмнэл, хүний хөдөлмөрийн үнэр хүртэл мэдрэгдэх. Яг л “гэдэс гүзээ, толгой шийртэйгээ тогоо дүүрдэг” шиг нэгэн үеийн амьдрал бүхий л өнгө төрхтэйгөө энэ сонинд багтжээ. Үйлдвэрийн ажилчин, уурхайчин, инженер, сэхээтэн, уран бүтээлч гээд Эрдэнэтийн амьдралыг нуруундаа үүрч явсан хүмүүсийн түүх энд бий. Үе үеийн сурвалжлагч, сэтгүүлч, идэвхтэн бичигчид хотынхоо амьдралыг бичиж, мөр бүрдээ хөдөлмөр, бахархал, сэтгэлээ шингээж ирсэн билээ. 
Манай редакцын хаалга зохиолч, сэтгүүлч, яруу найрагч, идэвхтэн бичигчдэд үргэлж нээлттэй байлаа. Тэд орж гарч, бичсэнээ уншуулж, санал бодлоо хуваалцан, сониныхоо өнгө төрхийг хамтдаа бүрдүүлдэг байсан тэр цаг үеийг эргэн санахад сэтгэл өөрийн эрхгүй дулаацдаг. Сайн бичлэгийн шагнал, урамшуулалд хэдэн төгрөг гаргуулахын тулд дарга нарын эвийг олж, учирлаж гуйх үе ч байв. Гэхдээ тэр хэдэн төгрөгөөс илүүтэй, бичсэн бүтээлийг нь үнэлж, хөдөлмөрийг нь анзаарсан, мэдрэмж үзэг нэгт нөхдөд маань урам өгдөг байлаа. Тэр л урам, хамтын сэтгэлээр “Өнөөгийн Эрдэнэт” сонины хавсралт “Аранжин бэх” хэмээх амралт, чөлөөт цагийн сонин мэндэлж, орон нутгийн соёл, утга зохиолын орон зайд шинэ өнгө нэмсэн юм. Сард нэг удаа гардаг энэ хавсралтын эхийг манай редакцад бэлтгэж, эрхлэгч миний бие хэвлэлтэд алдаа мадаггүй хүргэх хариуцлагыг үүрдэг байлаа. Ийнхүү бүтэн жилийн хугацаанд “Аранжин бэх”-ийн арван хоёр дугаар уншигчдын гарт хүрсэн юм. Түүний хуудсанд гадаад, дотоодын сонгодог бүтээлээс эхлээд орон нутгийн уран бүтээлчдийн шүлэг, өгүүллэг, тууж хүртэл багтана. Өнөөдөр тэр шарласан хуудсуудыг сөхөхөд залуу уран бүтээлчдийн хүсэл тэмүүлэл, бичгийн ариухан үнэр хүртэл сэнгэнэх шиг. Цаас шарласан ч тэнд шингэсэн сэтгэл, мөрөөдөл, бүтээх гэсэн тэмүүлэл нь цаг хугацааны цаанаас гэрэлтсээр байдаг ажээ. 
Тэр жилүүдэд радио, телевизийн уран бүтээлч нөхөдтэйгөө мөр зэрэгцэн ажиллаж, урам зориг, алдаа оноогоо хуваалцан, өдөр бүр шинийг эрж тэмүүлдэг байлаа. Миний залуу насыг гэрэлтүүлсэн он жилүүд гэвэл тэр үеийг л хэлнэ. 2000 оны Улсын баяр наадмын бөхийн барилдааныг анх удаа тайлбарлан, телевизээр хүргэсэн нь мэргэжлийн замналын минь бас нэгэн мартагдашгүй дурсамж байдаг. Тэр бүхний дундаас би уран бүтээл гэдэг ганц хүний хөдөлмөрөөр хэмжигддэггүй, харин олон хүний сэтгэл, зүтгэл, нэгэн зорилгын нэгдлээр бүтдэгийг улам гүн ойлгосон билээ. Нүдний шилнийхээ дээгүүр ширвэж хардаг, ширвээ сахалтай Р.Цэрмаа гуай бидэнд ажил, амьдралын олон үнэнийг ойлгуулсан хүн. Түүний хэлсэн үг, хандлага, бидэнд үлдээсэн сургамж сэтгүүлчийн замд минь үл үзэгдэх гэрэл болон туссаар иржээ. Харин гэрэл зургийн сурвалжлагч Ц.Батбаатар бол манай редакцын хамгийн өвөрмөц хүмүүсийн нэг байлаа. Хэнтэй ч ялгалгүй хүндэтгэлтэй харьцана. Ер нь хэн нэгэнд “мэдэхгүй”, “чадахгүй” гэж хэлж үзээгүй болов уу гэмээр. Сонинд хэрэгтэй зургийг гялс хийтэл аваад өгчихнө. Тэгээд л хаашаа ч юм гараад явчихна. Харин хэсэг хугацааны дараа юу ч болоогүй юм шиг гэнэт орж ирнэ. Ө.Тогоо эрхлэгчийн шүүгээг уудалж, идэх юм байвал өөрөө аваад зогсохгүй надтай ч хуваалцана. Тэгснээ хүмүүсийн ярианд орж, энд тэндээс үг шүүрэн авч, өөрөө яриа өдөн хөгжөөгөөд эхэлнэ. Удалгүй өрөө тэр чигээрээ инээд хөөрөөр дүүрчихдэг сэн. Нэг удаа Ө.Тогоо гуай өрөөнд орж ирээд: “Миний энэ хавиар “геологи хайгуулын анги” яваад өнгөрчээ. Эзэн нь ч энэ хавьд л байгаа даа” хэмээн нэлээд учиртай үг хэлэв. Би юу ч болоогүй юм шиг чимээгүйхэн сууж байлаа. Харин манай Батбаатар, Тогоо гуайн үгийг нэг их тоосон шинжгүй, өөрийнхөөрөө л шүүгээг нь уудалж, идэх юмаа хуваалцан, хүмүүсийг хөгжөөн сууна. Тэр хүний эрх дураараа атлаа гэмгүйхэн ааш, хэнтэй ч амархан нийцдэг зан нь одоо ч санаанд тодхон. Хүн гэдэг заавал их үг хэлж, өөрийгөө товойлгох албагүй аж. Зарим хүний оршихуй өөрөө л орчны уур амьсгалыг өөрчилж, эргэн тойрныхондоо дурсамж үлдээдэг юм байна. Манай телевизийн редактор М.Балжинням, найруулагч И.Баасанжав, сурвалжлагч Ц.Батбаатар, нэвтрүүлэгч Н.Гантөгс, эдийн засагч Б.Лувсандагва, радиогийн хөтлөгч, сэтгүүлч А.Бямбамаа, зураглаач Д.Алтанбаяр гээд бид үе тэнгийн хэдэн нөхөд байлаа. Нэг дор цуглахаараа ёстой л бужигнаж өгнө. Нэг нь яриа эхлүүлж, нөгөө нь хошигнож, гурав дахь нь инээд нэмнэ. Тэгсээр байтал өрөөний уур амьсгал тэр чигээрээ өөрчлөгдөж, ажил хэргийн яриа хүртэл инээд хөөртэй хутгалдана. Тэгээд л ажлаа хийж байгаа нэртэй, ажил дундаа инээлдэж хөөрөлдсөөр нэг мэдэхэд хийх ёстой бүхнээ амжуулчихсан сууцгаана. Эргээд бодоход бидний ажил гэдэг зөвхөн цаасан дээр буусан мэдээ, сурвалжилга, сонинд нийтлэгдсэн зураг, радио, телевизийн нэвтрүүлгээр хэмжигдэхгүй юм билээ. Хамт олны нөхөрлөл, өдөр тутмын инээд хөөр, нэг нэгнээ гэсэн тэр энгийн атлаа нандин харилцаа ажил, амьдралын маань хамгийн үнэ цэнтэй хэсэг байжээ. Тэр үе улиран одсон ч хүмүүс нь, бужигнасан өдрүүд нь, Батбаатарын гэнэтхэн орж ирээд л өрөөний уур амьсгалыг өөрчилчихдөг төрх нь сэтгэлд дурсамж болон үлджээ. Бид өдөржин сонин, радио, студи хооронд гүйж, шинэ мэдээ, шинэ сэдвийн эрэлд морддог байлаа. Тэр л тасралтгүй хэмнэл миний сэтгүүлчийн амьдралын анхны жинхэнэ хөдөлгөөн байсан юм. Үүнээс хойш С.Шаравдорж, Б.Цогжавхлан, С.Сувдаа, Д.Галбаатар, Б.Ичинноров, Д.Мөнхсайхан, Н.Гантөгс, Б.Золбаяр, Г.Гантулга, Д.Ганчимэг зэрэг олон дарга, олон хүнтэй мөр зэрэгцэн ажилласан нь мэргэжлийн замналыг минь улам баяжуулжээ. Тэдний тухай дурсвал өөр өөрийн өнгө аястай урт түүх болно. Тэр бүхнийг хожмын дурсамждаа үлдээе. 


Харин “Эрдэнэт хөгжил” сэтгүүлийн эрхлэгч Д.Галбаатар даргын удирдлага дор ажилласан он жилүүд миний мэргэжлийн төлөвшилд онцгой байр суурь эзэлдэг. Би найруулга хянаж, мэргэжлийн нэр томьёо бүрийг задлан судалж, үгийн цаана нуугдах утга, найруулгын нарийн учрыг таньж мэдэхийн хэрээр бичгийн ухаанд улам гүнзгий нэвтэрсэн юм. Удалгүй “Уран бүтээлчийн цаг” нэвтрүүлгийг хөтөлж, Эрдэнэтийн авьяастнуудын ертөнцөөр зочлон, тэдний бүтээл туурвилыг олон нийтэд хүргэж явахдаа сэтгүүл зүй, уран бүтээл гэдэг миний хувьд зүгээр нэг мэргэжил бус, залуу насны минь итгэл, амьсгаа, бахархал болохыг улам ихээр мэдэрсэн билээ. Гэвч хэчнээн олон ажил, уран бүтээлийн замаар явсан ч сэтгэлд минь хамгийн дотно хэвээр үлдсэн газар бол “Өнөөгийн Эрдэнэт” сонины редакц юм. Сонины ажил гаднаас харахад хэдэн мэдээ, нийтлэл бэлтгээд хэвлүүлэх төдий мэт боловч цаанаа чимхлүүр, нарийн ажиллагаа, асар их хариуцлага шаарддаг. Ялангуяа дугаар хаах үеэр цаг хугацаатай уралдаж, үг үсэг бүрийг нягталж, нэг ч алдаа гаргахгүйг хичээнэ. Би редакторын ажилд томилогдоод, ажилдаа төдийлөн зүгшрээгүй, дадлага туршлага багатай, сурвалжлагч Я.Энхтуяа, Р.Оюун-Эрдэнэ, гэрэл зурагчин А.Баясгалан нартайгаа ажилласан юм. Бидний дундаас арай туршлагатай нь оператор П.Цэдэврэнцэн эгч, бид хоёр байлаа. Дугаар гаргах бүрд би ихэд бухимдана. Сурвалжлагч нараасаа матeриалаа хугацаандаа нийлүүлэхийг шаардана. Өөрийнхөө бичсэнийг уншиж засахаас гадна бусдынхаа материалыг ч нягталж, үг өгүүлбэр бүрийг нь янзална. Нэг мэдэхэд л хугацаа тулчихсан, хийх ажил овоорчихсон байдаг сан. Гэхдээ тэр бүхний ард нэг л зорилго байв. Тэр нь уншигчдын гарт алдаа мадаггүй, чанартай сонин хүргэх. Тэр үеийн сонины захиалга ч бидний хувьд том ажил байлаа. Одоогоос 17 жилийн өмнө жилдээ 15-16 сая төгрөгийн орлого захиалгаар олдог байсан юм. Гэтэл үйлдвэрийн сонинг үнэгүй унших ёстой гэсэн олон арван хүний гарын үсэгтэй өргөх бичиг ерөнхий захиралд хүрснээр сонины захиалга зогссон билээ. Редакцаа удирдаж, бичих хүсэлдээ хөтлөгдөхийн зэрэгцээ эрхтэн дархтнуудын хэлэх үгийг бэлтгэх, захиалгаа хариуцах, эх материалыг нааж бэлтгэн төмөр замд хүргэж хэвлэлтэд шилжүүлэх, хэвлэгдсэн сониноо тосож авах, өргөж зөөх, түгээх гээд хийх ажил мундахгүй. Залуу ч байж дээ. Энэ бүхнийг нэг их түүртэлгүй амжуулж, ажлынхаа ард гардаг байж. Хамт ажилласан дарга нар маань ч өөр өөрийн арга барилтай, харизмтай, боловсрол мэдлэгтэй хүмүүс байв. Тэдний тухай дэлгэрэнгүй бичвэл бас л нэгэн урт түүх болох тул энэ сэдвийг энд хүрээд орхиё. 


Харин редактораар ажилласан он жилүүдэд надад нэгэн чухал чадвар суусан нь сэтгүүлчдийнхээ бичлэгийн өнгө аясыг таньдаг болсон явдал юм. Нэрээ тавиагүй байсан ч хэний бичсэн мэдээ, сурвалжилга, нийтлэл болохыг уншаад л мэднэ. Хэнээс ямар сэдэв, ямар өнгө аястай бүтээл гарах, хэн нэг хэвийн бичлэгт баригдаж байгааг ч гадарлана. Энэ нь нэг талаар хамт олноо таньж мэдсэний илрэл бол нөгөө талаар редакторын ажилд гаршсаны шинж байжээ. Хугацаа өнгөрөх тусам сэтгүүлчид маань ажилдаа гаршиж, бичлэг нь сайжирч ирэв. Арван хоног тутам гардаг байсан сонин маань долоо хоног тутам уншигчдадаа хүрдэг болсон нь бидний ажлын хэмнэл, хариуцлагад ч өөрчлөлт авчирсан юм. Р.Оюун-Эрдэнэ маань мэргэжлийнхээ ажилд шилжиж, сэтгүүлчээр Я.Энхтуяа, Ж.Оюун, М.Одгэрэл, М.Балжинням, гэрэл зургийн сурвалжлагчаар Ц.Батбаатар, А.Баясгалан, Б.Баттөгс, эх бэлтгэгчээр Б.Лувсандагва, П.Цэдэврэнцэн, Ш.Лхамсүрэн нар ажиллаж ирсэн түүхтэй. Харин 2020 оноос редактороор Ч.Бадрал ажиллаж байна. Тэдний заримтай нь өнөөдрийг хүртэл хорь гаруй жил гар сэтгэл нийлэн ажиллаж иржээ. Сониныхоо мянга дахь дугаар уншигчдын гарт хүрэх энэ мөчид хамтдаа туулсан он жилүүд, хуримтлуулсан туршлагаа эргэн дурсахад сэтгэлд бахархал, талархал зэрэгцэн төрж байна. Бид нийтлэлийн бодлогоо чанд баримтлахын зэрэгцээ мэдээ, ярилцлага, сурвалжилга, нийтлэлийнхээ хэл найруулгад онцгой анхаардаг байлаа. Үг үсэг, тоо баримт, утга агуулга, мэргэжлийн нэр томьёог нягтлан шалгаж, материалыг дамжуулан уншиж, засаж хянадаг байсан нь бидний өдөр тутмын ажил. Ийнхүү мэргэжлийн сэтгүүлчид нэг дор ажиллаж эхэлснээр сонины өнгө төрх ч өөрчлөгдөв. Нэг нь баримтыг нягт нямбай өгүүлж, нөгөө нь хүний сэтгэлд ойртуулан бичиж, бас нэг нь өөрийн өвөрмөц өнцөг, хэл найруулгаар баяжуулна. Тэдний ялгаатай бичлэгийн өнгө аяс сониныг улам баялаг, уншууртай болгож байлаа. Ер нь сайн сонин гэдэг ганц хүний бичлэгийн өнгөөр бүтдэггүй. Олон сэтгүүлчийн өөр өөрийн үзэл бодол, бичих арга барил, амьдралыг харах өнцөг нийлж байж уншигчдад олон талтай, амьд бүтээл хүрдэг билээ. Үүнийг манай сэтгүүлчид надаар хэлүүлэлтгүй мэднэ дээ. Дашрамд дурдахад нэгэн цагт сонины сэтгүүлчээр Л.Батаа, Н.Гантөгс, гэрээт сурвалжлагчаар Б.Баатарсүрэн, С.Түмэндэмбэрэл нарын уран бүтээлчид ажиллаж байлаа. Тэдний бичлэг, үзэл бодол, амьдралыг өөр өөрийнхөөрөө харж, илэрхийлдэг байдал сонины маань өнгө төрхийг улам баяжуулсан юм. Эргээд бодоход тэр үеийн ажил амаргүй ч үнэхээр сайхан байжээ. Нэг дугаарын төлөө хамтдаа санаа зовж, нэгнийхээ бичсэнийг засаж, алдааг нь олж, уншигчдын гарт хүрэх сониноо догдлон хүлээнэ. Цаасны үнэр, бичгийн машины товшилт, бэхний мөр, редакцын шуугиан дунд бүтсэн тэр сонин бидний хувьд зүгээр нэг ажлын үр дүн байгаагүй. Тэнд бидний залуу нас, хөдөлмөр зүтгэл, нөхөрлөл, мөрөөдөл бүхэн шингэсэн байлаа. Эрдэнэт үйлдвэрийн үүдээр алхах бүрд одоо ч нэг л дотно санагддаг. Яг л аавынхаа гал голомтод ирсэн мэт сэтгэлд дулаан. Харин “Өнөөгийн Эрдэнэт” сонины редакц бол бидний тоонот байжээ. Энд бид мөрөөдлөө бүтээж, үгээрээ амьдралыг хүүрнэж, алдаа оноогоо хуваалцан, нэгнийхээ мөрийг түшиж явсан. Эндээс л Эрдэнэт хэмээх хотын зүрхний цохилтыг сонсож, хүмүүсийнх нь хөдөлмөр, хүсэл тэмүүллийг бичиж, хотынхоо амьдралтай хамт алхаж сурсан юм. Тиймээс “Өнөөгийн Эрдэнэт” сонины түүхийг эргэн сөхөхөд нүдэнд зөвхөн хуучин дугаарууд харагддаггүй. Тэдгээр хуудасны цаана үе үеийн сэтгүүлчдийн залуу нас, хөдөлмөр, нөхөрлөл, мөрөөдөл, тэмүүлэл хамтдаа амилдаг. Нэгэн цагт редакцын ширээний ард бөхийж, үг өгүүлбэр бүрээ нягталж суусан хүмүүсийн сэтгэл, хичээл зүтгэл өнөөдөр ч тэр хуудас бүрээс мэдрэгдэнэ. “Өнөөгийн Эрдэнэт” бол зүгээр нэг сонин биш ээ. Энэ бол Эрдэнэт үйлдвэрийн амьдрал, Эрдэнэтчүүдийн хөдөлмөр, бахархал, итгэл найдварыг хадгалсан амьд архив. Өчигдрийн түүхийг өнөөдөрт авчирч, өнөөдрийн амьдралыг маргаашийн дурсамж болгон үлдээдэг цаг хугацааны гэрч юм.
Сонины нийтлэлийн бодлого нь үйлдвэрлэл, үр ашиг, техник технологийн шинэчлэл, удирдлагуудын бодлого шийдвэр, хөдөлмөрийн сайчуудын ололт амжилт, цаг үеийн үйл явдлыг нийт ажилчид, аймгийн иргэдэд сурталчлан таниулахад чиглэж байв. Одоо ч энэ бодлогоосоо хазайхгүй яваа юм. Он жилүүд улиран одож, хүмүүсийн зам мөр өөр өөр тийш салсан ч хамтдаа бүтээсэн зүйл, нэгэн цагт хуваалцсан инээд хөөр, хөдөлмөр зүтгэл биднийг үл үзэгдэх утсаар холбосоор байдаг ажээ. Сонины мянган дугаар гэдэг цаасан дээр хэвлэгдсэн тоо төдий бус, олон хүний амьдрал, олон жилийн хөдөлмөр, итгэл сэтгэлийн нийлбэр болой. Тэр бүхнийг эргэн харахад би ганцаараа туулсан замаа бус, хамтдаа алхсан хүмүүсээ, нэгэн цагт дүүрэн шуугьж асан редакцаа, биднийг нэгэн дээвэр дор зангидаж байсан тэр л нандин холбоогоо хамгийн түрүүнд санадаг. Харин бидний хувьд “Өнөөгийн Эрдэнэт” бол өнгөрсөн бүхний дурсамжийг тээж, сэтгэлд үргэлж дулаахан хэвээр үлдэх, эргэн очиход үргэлж өөриймсөг санагдах үе үеийн сэтгүүлчдийн тоонот билээ.

Эрдэнэт 2026.11.03

Б.Баттөгс
Зурагчин
Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
0
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %