Уурхайчдын бие бялдрыг чийрэгжүүлэх, нийтийн биеийн тамирыг хөгжүүлж, идэвхтэй хөдөлгөөнийг хэвшүүлэх зорилгоор Эрдэнэт үйлдвэрийн Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газар, Спорт цогцолбороос уламжлалт “Алхам бүрийн амт” явган алхалтыг дөрөв дэх жилдээ амжилттай зохион байгууллаа.
Энэ удаагийн нэгдсэн алхалтад Эрдэнэт үйлдвэрийн 29 бүтцийн нэгжийн 2000 гаруй ажилтан нэгдэж, цэвэр агаар, дасгал хөдөлгөөнөөр дархлаагаа дэмжихийг уриалав. Үйлдвэр болон хотын дүүргээс угталцан гарсан алхалтын хоёр баг Эрдэнэт хотын Дулааны цахилгаан станцын өмнөх талбайд байгуулсан “дунд өртөө”-нд уулзаж, цех, нэгжийнхээ тугийг мандуулан, нэгдсэн алхалтын уур амьсгалыг бүрдүүлэв.
Энэ үеэр Сэлэнгэ амралт, аялал жуулчлалын цогцолборын хамт олон уурхайчдыг халуун аарц, цай, жимсний шүүс, бантан, гэрийн боорцгоор дайлж, эрч хүчийг нь сэлбэсэн юм. Мөн Спорт цогцолборын багш нар хөгжмийн хэмнэлд хөдөлгөөн зааж, хөгжөөнт тоглоом явуулан, ялагчдыг спорт цүнх, усны саваар урамшуулсан нь алхалтын өдрийг улам хөгжилтэй, дурсамжтай болгосон юм.
“Алхам бүрийн амт” нэгдсэн алхалт нь уурхайчдыг хөдөлгөөнд уриалахын зэрэгцээ хамт олны нэгдэл, нөхөрлөлийг бэхжүүлсэн эрүүл амьдралын нэгэн уламжлал болон өргөжиж байна.















