Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат миний бие Улаанбаатар хотын Политехникийн Дээд Сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр суралцаж, дүүргээд Түлш Эрчим Хүчний Эрдэм Шинжилгээ Зураг Төслийн Институтэд төслийн инженерээр ажлын гараагаа эхэлж байв. Дараа нь Эрдэнэт Дулааны Цахилгаан Станцад реле хамгаалалт автоматикийн, Тулах цэг хамсалд зохион бүтээгч, Эрдэнэт үйлдвэрт цахилгаан тоноглолын тохируулгын инженер, мөн үйлдвэрт хэсэг, нэгж, цехийн дарга зэрэг ажил албуудыг хашихын зэрэгцээ Эрдэнэт цогцолбор их сургуульд багшилжээ.
Цахилгаан тогтоцын зураг төсөл, угсралт тохируулга, реле хамгаалалт, ус хангамжийн удирдлага гээд их сургуульд багшлах хүртэл өөрөө сурч, бусдыг сургахын зэрэгцээ эрдэм шинжилгээний болон асуудал дэвшүүлсэн өгүүлэл, аян замын тэмдэглэл, хөрөг нийтлэл, шүлэг зохиол оролдох хүртэл эх хэлнийхээ яруу баялагт умбаж яваагийн илэрхийлэл болсон бичвэрүүд маань “Өнөөгийн Эрдэнэт” сонины олон дугаарт үлдсэнийг эргэн дурсахад таатай байна.
Идэвхтэн бичигчийнх нь хувиар “Өнөөгийн Эрдэнэт” сониныхоо МЯНГАТ алдарт мэхийн хүндэтгэе. Сонины бичлэгийн бүхий л төрлөөр уурхайчид, уншигчдынхаа оюун тархийг цэнэглэх бүхэл бүтэн 1000 дугаар гаргана гэдэг том хариуцлага, бас алдар хүнд юм. Энэ алдрын хуудсанд мөрөө тамгалсан үе, үеийн бүтээлч хамт олонтой, их бичгийн хүмүүстэй ерөөлөөр холбогдсон, мянгад ганц тохиох азтаны хувиар ийнхүү мэхийн хүндэтгэж байна. Учир нь энэ л сониныхоо 1000 дугаарын лавтайяа 10-аадыг буюу 1 хувийг бэлтгэн гаргахад миний бие оролцжээ. Энэ ганцхан хувь хаяахан үзэг цаас нийлүүлж бодолдоо торсныгоо эмхлэх дуртай миний бүрэг ичимхий, нууцхан араншныг уншигч олондоо дэлгэж, идэвхтэн бичигчийн зиндаанд өргөсөн.
Анх “Ажилчны үг” нэртэй байхдаа миний “ГОК-ын Баячууд” хэмээх асуудал дэвшүүлсэн өгүүллийг нийтэлж байсан тэр цагаас хойш, –Болж байна, бичээд байгаарай, гэж урам хайрлан, шахаж шаардсаар “Ажлын тодорхойлолт ба удирдахуй” нийтлэл, аян замын тэмдэглэлүүд, Ижийдээ бичсэн захидал, Эрдэнэт хот, үйлдвэрийн ус хангамжийн тухай сурвалжилга, ярилцлага гээд сонины найруулгын бүх төрлөөр идэвхтэй бичүүлжээ. Тэр бүү хэл уран бүтээлчдийнхээ тэмдэглэлт үйл ажиллагаанд намайгаа аминчлан урьж, нүүр хагарах боломж олгоод зогсохгүй, ерөнхий захиргааны байраар “гүйдэг” нэг өрөөнийхөнтэй болгосон доо. Тэр л дотно сайхан өрөөнийхөндөө тусгайлан талархал дэвшүүлье.
Мянган дугаар бүтээсэн цаг хугацаа, их хөдөлмөр тань ямагт хязгааргүйд тэмүүлэн хөгжих болтугай.
Г.БАТМӨНХ
/“Өнөөгийн Эрдэнэт” сонины Идэвхтэн бичигч/















