“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Оёдлын цехийн түүхт 35 жилийн ойг угтан, Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс санаачлан зохион байгуулж буй сайн үйлсийн аяны хүрээнд Зөөлөн оёдлын хэсгийн хамт олон нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, хоёр чиглэлээр хүмүүнлэгийн үйл ажиллагаа өрнүүллээ.
Тус хамт олон Орхон аймагт үйл ажиллагаа явуулдаг, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудыг хөгжүүлэх “Найдвар төв” НҮТББ-ын хүүхдүүдэд нэн шаардлагатай гудас, ор хөнжлийн даавуу, шүлсэвч, шээсний гудас болон ахуйн хэрэглээний эд зүйлсийг хандивлав. Хандивын зарим бүтээгдэхүүнийг хамт олон өөрсдийн хүч хөдөлмөрөөр урлан бэлтгэсэн нь энэхүү үйл ажиллагааны үнэ цэнийг улам нэмэгдүүлсэн юм.
Мөн нийгмийн сайн сайхны төлөөх үйлсээ үргэлжлүүлж, БОЭТ-ийн Цусны салбар төвд хэсгийн 12 ажилтан сайн дураараа цусаа хандивлан, нийт 4.2 литр цус цуглуулжээ. Энэхүү үйл ажиллагаа нь 36 хүний амь насыг авран хамгаалах боломж бүрдүүлсэн бодит хувь нэмэр боллоо. Ийнхүү Оёдлын цехийн Зөөлөн оёдлын хэсгийн хамт олон түүхт 35 жилийн ойн баяраа угтан, хүнлэг энэрэнгүй сэтгэл, хамтын хүч, нийгмийн хариуцлагаа бодит үйлсээр илэрхийлсэн сайхан жишгийг бүтээлээ.
Сайн үйлс бүхэн дэлгэрч, хамт олны эв нэгдэл, эрч хүч улам бадрах болтугай! Оёдлын цехийн хамт олондоо түүхт 35 жилийн ойн баярын мэнд хүргэе.


















