Эрдэнэт үйлдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийг хангах, худалдан авах ажиллагаанд оролцогч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх зорилгоор нэг өдрийн эрчимжүүлсэн сургалт зохион байгуулж байна.
Сургалтад худалдан авах ажиллагааны чиглэлээр мэргэшсэн 235 ажилтан хамрагдаж байгаа бөгөөд Сангийн яамны дотоодын зөвлөхтэй хамтран, хуульд заасан агуулгын хүрээнд онол, практик хосолсон, асуулт хариултын хэлбэрээр мэдлэг олгож байгаа нь онцлог юм.
Эрдэнэт үйлдвэр 2024 оноос хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор үнэлгээний хороонд ажилладаг мэргэжилтнүүдээ үе шаттайгаар чадавхжуулах, хууль эрх зүйн мэдлэгийг нь шинэчлэх чиглэлээр төрийн захиргааны болон төрийн бус байгууллагуудтай хамтран сургалт зохион байгуулж иржээ. Учир нь худалдан авах ажиллагаа нь зөвхөн тендер шалгаруулалтаар хязгаарлагдахгүй, төлөвлөх, зохион байгуулах, гүйцэтгэлд хяналт тавих, тайлагнах зэрэг харилцан уялдаатай цогц үйл явц юм.
Сургалтаар худалдан авах ажиллагааны явцад мэргэжилтнүүдэд тулгардаг эргэлзээтэй асуудлуудыг хэлэлцэж, хуулийн заалтыг нэг мөр ойлгож хэрэглэхэд анхаарч байна. Сургалт асуулт, хариулт, харилцан ярилцах хэлбэрээр өрнөж байгаа нь эргэлзээтэй асуудлаа мэргэжлийн зөвлөгөө, тайлбартайгаар ойлгох боломж олгож байна, гэж Худалдан авах ажиллагааны газрын Тэргүүлэх мэргэжилтэн Г.Лхагважав ярилаа.
Одоогоор, Эрдэнэт үйлдвэр худалдан авах ажиллагааны мэргэшсэн А3 гэрчилгээ бүхий 500 ажилтантай. Эдгээр ажилтан үндсэн ажлынхаа хажуугаар, Ерөнхий захирлын тушаалаар үнэлгээний хороонд томилогдон ажиллаж, жилд давхардсан тоогоор 1500 орчим тендер шалгаруулалт зохион байгуулахад оролцдог юм.















