С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа

Эрдэнэт үйлдвэрийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны даргаар хоёр өөр цаг үед ажиллаж, хөгжлийн чухал шийдвэрүүдийг гаргаж байсан Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн С.Шаравдоржийг сониныхоо 1000 дахь дугаарын хойморт урьж ярилцлаа. 

-Ингэхэд, та инженер мэргэжилтэй хүн байх аа? 
-Би Уралын Политехникийн дээд сургуулийг Автоматик телемеханикийн мэргэжлээр төгссөн инженер шүү дээ. Эрдэнэт үйлдвэрт эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу ЗХУ-ын өндөр мэргэжлийн шилдэг инженерүүдтэй мөр зэрэгцэн 14 жил ажиллахдаа тэднээс ихийг сурсан. Үйлдвэрлэлийн автоматжуулалтын нэгэн гол нэгжийг удирдаж, үйлдвэрийн хэмжээнд ашиглаж буй цахилгаан, уур, ус, дулааны эрчим хүчний хэрэглээг хянахаас гадна, технологийн автомат удирдлага, диспетчерийн нэгдсэн хяналт хэрэгжүүлж явснаараа бахархдаг. 
-Та Хэвлэл мэдээллийн албаны даргаар томилогдохоосоо өмнө Спорт цогцолборын захирлаар ажиллаж байсан байдаг. Тэнд удсан уу? 
-Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолборын захирлын албан тушаалд 1994 оны сүүлчээр томилогдсон юм. Нэг л өглөө 14 жилийн турш нэг жимээр, нэгэн хэмээр явж, техник тоног төхөөрөмжтэй голдуу харьцдаг инженерийн ажлаа орхин, нийгэм соёлын амьдрал руу хөл тавьсан. Энэ нь миний хамгийн дуртай, сонирхолтой ажлаа хийх он жилүүдийн эхлэл байсан гэж хэлж болно. Би Спорт цогцолборын захирлаар хоёр жил чамлахааргүй амжилттай ажилласан шүү. 
-Тэгвэл яагаад Хэвлэл мэдээллийн албаны даргаар гэнэт томилох болдог билээ. Тухайн үед ямар нөхцөл байдал, шаардлага үүссэн бэ? 
-1996 оны Атлантын олимпын ганц медалийг Д.Нармандах маань авчирч, Т.Үйтүмэн дэлхийн тамирчин болох нь нэгэнт тодорхой болсон цаг үе. Спорт цогцолборын захирлаар ажиллаж байсан миний хувьд амжилт бүтээл арвин, дараагийн олимпоос алт, мөнгөн медальтан ч төрүүлчхэж болмоор янз бүрийн төсөл төлөвлөгөө толгойд эргэлдсэн, ирмүүн хүсэл эрмэлзэлтэй явлаа. 


Гэтэл 1996 оны есдүгээр сарын эхээр Эрдэнэт үйлдвэрийн Боловсон хүчний хэлтсийн дарга Д.Тогооч намайг дуудаад “Хэвлэл мэдээллийн албаны даргаар С.Шаравдоржийг томилох тушаал гарга” гэсэн Ерөнхий захирлын даалгаврыг дуулгасан. Үнэхээр гэнэтийн, төсөөлж төлөвлөөгүй ажил. Би спортын ажлыг нь унагаагүй, харин ч амжилттай авч яваа. Тэгэхэд яагаад намайг гэнэт өөр ажилд томилж байгаа юм бол... гэж бодогдсон ч асууж зүрхлээгүй. Харин Д.Тогооч даргаас “Энэ томилгооноос татгалзаж болох уу?” гэж асуухад “Би чиний өмнөөс ярихгүй. Өөрөө учир байдлаа Ерөнхий захиралд хэлэхгүй юу” гэсэн янз муутай хариу өгч билээ. Гэхдээ сэтгүүл зүй, хэвлэл мэдээлэл бол миний сэтгэлийн угт байсан багын мөрөөдөл учраас шийдвэрийг дотроо баяртай хүлээж авсан. Хожим Ерөнхий захиралтай хамт явж байгаад ярианы далимд асуухад “Чиний спортын ажил сайн байсан. Би мэдэлгүй яах вэ. Миний спортын ажил ч бас муугүй явсан. (Тэр үед Ш.Отгонбилэг захирал Монголын олимпын хорооны Ерөнхийлөгч байсан) Гэхдээ чи бид хоёрын спортын ажлаас чухал ажил цаана чинь мандаад байна. Чи төвийн сонин, телевизүүдээр гарч байгаа мэдээ, мэдээллүүдийг харж байгаа биз дээ. Үйлдвэрээ хэвлэл мэдээллийн албатай болгож, энэ чиглэлийн ажлаа идэвхжүүлэхгүй бол үйлдвэр маань улс төржилтийн бай боллоо. Энэ ажлыг чи л хийж чадна” гэж билээ. Ингэж л би хэвлэл мэдээлэлтэй эргэлт буцалтгүй холбогдсон хүн дээ. 
-Ажлаа юунаас эхэлж байв? 
-Тус тусдаа үйл ажиллагаа явуулж байсан “Ажилчны үг” сонин, Теле студийг нэгтгэж, дээр нь FM радиог үүсгэн байгуулж, бие даасан алба болгон үйл ажиллагаагаа эхлүүлж байлаа. Одоогийн “Уурхайчин” соёлын ордны зүүн жигүүрийн нэгдүгээр давхарт байсан номын санг Сургалтын төв рүү нүүлгэж, тэр байранд алба маань төвхнөж, 12 орон тоотойгоор ажиллаж эхэлсэн. Тэр үед “Ажилчны үг” сонины нэрийг “Өнөөгийн Эрдэнэт” болгон өөрчлөх миний саналыг нөхөд маань дэмжсэн. “Өнөөгийн Эрдэнэт” сонин одоо ч миний нэрээр Хууль зүйн яаманд бүртгэлтэй архивлагдсан байдаг. Сониноо А2 форматаар 4 нүүрээр хэвлүүлж, телевиздээ “Номин” гэж нэр өгч, FM радиогийн станцыг Испани Улсаас худалдан авч суурилуулан, 107,1 долгионоор нэвтрүүлгээ цацаж эхэлсэн дээ. Телевизийн тоног төхөөрөмжүүдээ Сингапураас авчирч цоо шинээр суурилуулснаар манай албаны ажил “буцалсан” даа. 


 

-“Шар сонин”-ууд хүчээ авч, Монголын нийгэмд Эрдэнэт үйлдвэрийн асуудлаар ид шуугьж байсан, амаргүй цаг үеийг эргэн дурсвал бас сонирхолтой болов уу? 
- Үнэхээр “халуун өдрүүд” байсан шүү. Төвийн хэвлэлд “Ш.Отгонбилэгийн толгой хэдэн “ногоон” хүрэх вэ?” гэсэн гарчигтай нийтлэл гарах энгийн үзэгдэл байсан. “Эрдэнэтийн халуун өдрүүд” гэж монголын улс төрийн амьдралын түүхэнд бичигдсэн 1998 оны 8-р сард Эрдэнэт үйлдвэрийн Хэвлэл мэдээллийн албаны даргын жижигхэн өрөө төвийн хэвлэлийнхний хөлд дарагдаж, тэд ганц муу факсын аппаратыг маань улайстал төв рүүгээ мэдээ, нийтлэлээ дамжуулж байлаа. Төвийн хэвлэлийнхэн “Төрийн хэвлэл”-ийнхэн, “Чөлөөт хэвлэл”-ийнхэн гээд хоёр хэсэг хуваагдчихаад хоорондоо үзэлцэнэ. Гудмаар алхахдаа замын хоёр талаар явна. Хоолны газар оруулахаар хоёр хэсэг ялгараад суучихна. Ш.Отгонбилэгийн хаалгыг эвдэж орох ажиллагаа хэд хоногоор саатах болсон тул би төвийн хэвлэлийнхнийг салхинд гаргаж, дайлдаг баатар болсон чинь, шар сониныхон хоймор нь гарч суугаад, Үндэсний телевиз, Ардын эрх зэрэг төвийн хэвлэлийн сэтгүүлчдийг үүдэнд суу гэж томроод, хоорондоо маргалдаж, сүүлдээ зодолдох шинжтэй байхаар нь бушуухан тарааж билээ. Ерөнхий захирлын хаалгыг эвдэх агшны зураг дүрсийг авахын тулд хэвлэлийнхэн, түрүүлж авсан байрлалаа бусдад алдахгүйн тулд Гендирекцийн шалан дээр унтаж, сууж өдрийг өнгөрөөнө. Би өөрийн зураглаачаа аваарын хаалгаар оруулан шилэн хаалганы нөгөө талд байрлуулж зураг дүрс авхуулж байлаа. Миний утас руу янз бүрийн дуудлага орж ирнэ. Наад сэтгүүлчдээ оффисоос гарга л гэнэ. Танай албаны гадаа юун хар машин эргэлдээд байгаа юм бэ л гэнэ. Факсын аппараттай өрөөгөө байнгын нээлттэй байлга л гэнэ. Сэтгүүлчдийн аюулгүй байдал, тав тухад нь анхаараарай л гэнэ. Миний алхах гишгэх бүрийг тал талаас хараад байгаа ч юм шиг, заримдаа хаанаас хэн ярьж байгаа нь мэдэгдэхгүй нэг үүрэг өгөөд л утсаа тасалчихна. Ёстой гал авалцсан үйл явдал дунд ажиллаж байлаа. 
-“Өнөөгийн Эрдэнэт” сонин маань тэр үед ямар хэлбэрээр гардаг байв?  
-Үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, уурхайчдын ажил үйлс, Эрдэнэт хотод болон улс оронд өрнөж буй үйл явдлын мэдээ, мэдээллийг өргөн тусгадаг байсан. Сард 2 удаа, А2 форматаар хэвлэгддэг. Мөн орос хэл дээр хавсралт сонин гаргадаг байсан. Сонины анхны дугааруудыг сэтгүүлч С.Сувдаа хариуцан гаргаж байсан бол удалгүй Монголын сонины томоохон төлөөлөгч, сэтгүүлч Ө.Тогоо Эрдэнэтэд ажиллахаар ирж, “Өнөөгийн Эрдэнэт” сонины редактораар олон жил ажилласан даа. 
-Та 1998 оны намар ажлаасаа халагдаад, удалгүй буцаагаад авсан байдаг. Энэ талаар..? 
-Тийм. 1998 оны 8-р сард. Эрдэнэт үйлдвэртэй холбоотой улс төржилтийн улмаас Ерөнхий захирал Ш.Отгонбилэгийн удирдлагын баг болох найман нөхрийнхөө хамт ажлаасаа халагдаж, албаны даргын ажлаа Б.Цогжавхлан гэдэг залууд хүлээлгэн өгч байлаа. 2000 онд шүүхийн шийдвэрээр ажилдаа эргэн тогтоогдож, С.Сувдаагаас албаны даргын үүрэгт ажлыг хүлээн авсан. Амьдрал баян шүү. Эрч хүчтэй, сэтгэлтэй, бүтээлч хамт олныг бүрдүүлэн ажиллаж байсан он жилүүдээ “Өнөөгийн Эрдэнэт” сониныхоо 1000 дахь дугаарт дурсахад сайхан байна.
-Танд баярлалаа. 
 

Энэ мэдээ танд ямар санагдав?
Хайр татам байна
2
Таалагдаж байна
0
Гайхалтай байна
0
Гунигтай байна
0
Уур минь хүрч байна
0

Сэтгэгдэл (0)

wave

Сэтгэгдэл үлдээх

wave
зочин1
зочин2
зочин3
зочин4
зочин5
зочин6
зочин7
зочин8

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ErdenetToday.mn хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

ӨНӨӨДРИЙН ЗУРХАЙ

wave
|
Нар минутад мандаж минутад жаргана.


Үс засуулвал:
Суудал:


Ярилцлага

wave
С.ШАРАВДОРЖ: “Өнөөгийн Эрдэнэт” сонины нэрийг өгч, анхны FM радиогийн суурийг тавилцаж байлаа
Инженерийн оновч – Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааны баталгаа
М.МӨНХБААТАР: Санхүү, агуулахын үйл ажиллагааг ERP системд нэгтгэнэ
П.БАЯНМӨНХ: Стандарт бол итгэлцлийн үндэс, итгэмжлэл бол чадавхын нотолгоо юм
Л.АРИУНБОЛД: Эрдэнэт үйлдвэр жилд 1.3 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч хэрэглэнэ
М.ОТГОН: Хаягдлын менежмент бол Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 60 жилийн суурь
Б.Энхцэцэг: Судалгааны ажил маань хавтсанд үлдээгүй, сургалтын технологийн шинэчлэлд бодитой хувь нэмэр оруулсанд урамтай явдаг
Ж.Эрдэнэчимэг: Хэвийн бус нөхцөлийн ажилтнуудад зориулж ХАБ-ын зургаан багц шинжилгээг нэмсэн
Д.Алтанхуяг: Төв Азийн эрдэмтэд чуулж, геологийн хамтарсан төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхээр боллоо
Я.ДАМДИНДОРЖ: Комацу HD1500-8 загварын 10 автомашиныг 1.5 жилийн хугацаанд үйлдвэрлэлийн үндсэн үйл ажиллагаанд ашигласнаар уулын цул тээвэрлэлтийн хэмжээ 7.9 хувиар өссөн бол 1м3 уулын цул тээвэрлэлтийн өртөг 5.8 хувиар буурсан

Хайлт хийх ...

ESC дарж буцах боломжтой.

Цаг агаар
Эрдэнэт хот
Өнөөдөр
2024-01-01
-6°C
Үүл багаснa
Салхи: 7м/сек
-16°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
2024-01-02
-8°C
Багавтар үүлтэй
Салхи: 7м/сек
-18°C
Багавтар үүлтэй
Салхи: 6м/сек
2024-01-03
-6°C
Цас
Салхи: 5м/сек
-13°C
Үүлшинэ
Салхи: 5м/сек
2024-01-04
-10°C
Үүлшинэ
Салхи: 6м/сек
-17°C
Цас
Салхи: 5м/сек
2025-08-18
21°C
Үүлшинэ
Салхи: 7м/сек
9°C
Үүлэрхэг
Салхи: 5м/сек
Валютын ханш
Монголбанк
Валют Ханш
USD 3409.39 -0.0004 %
EUR 3731.58 -0.0161 %
GBP 4332.82 -0.0091 %
RUB 37.42 -0.0067 %
CNY 476.27 -0.0079 %
KRW 2.59 -0.0232 %
CAD 2548.89 -0.0144 %
NZD 2125.75 -0.0195 %
AUD 2285.66 -0.0225 %
JPY 23.61 -0.0258 %
HKD 436.62 +0.0004 %
SGD 2562.2 -0.0112 %
CHF 4010.58 -0.0131 %
SEK 331.69 -0.0360 %
TRY 114.24 -0.0140 %
THB 97.51 -0.0251 %