Эрдэнэт хотын соёл, урлагийн хөгжилд шинэ хуудас нээсэн “CuMo Arena” цогцолборын албан ёсны нээлт өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 05-нд боллоо. Нээлтийн ёслолын хүрээнд Эрдэнэтийн-Овоо ордыг нээсэн үе үеийн геологичид, уурхайчдын хөдөлмөр зүтгэлийг мөнхжүүлсэн хөшөөг цогцолборын А хаалганы дэргэд байруулж, ёслол төгөлдөр нээсэн нь энэ өдрийн онцлох үйл явдал байв.
Монгол Улсын баатар, Зууны манлай бүтээн байгуулалт “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчдын хөдөлмөр, бүтээн байгуулалтын үр шимээр сүндэрлэсэн энэхүү цогцолбор нь Эрдэнэт хот төдийгүй хойд бүсийн соёл, урлаг, спортын томоохон төв болон хөгжих зорилготой юм.
Нээлтийн ёслолыг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Геологи-минералогийн ухааны доктор (Ph.D) Г.Ёндон нээж үг хэлэхдээ, үйлдвэрийн бүтээсэн үнэ цэн зөвхөн үйлдвэрлэлийн амжилтаар хэмжигдэхгүй, харин Эрдэнэт хотын хөгжил, иргэдийн сайн сайхан амьдралд чиглэсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтаар үргэлжилж байгааг онцоллоо. Тэрбээр Эрдэнэт үйлдвэр нийгмийн хариуцлагын хүрээнд соёл урлаг, спорт, боловсрол, эрүүл мэндийн салбарт чиглэсэн хөрөнгө оруулалтыг тогтвортой хэрэгжүүлж ирснийг дурдаад, 2025 онд “Эрдэнэт медикал” эмнэлгийг Хавдар судлалын үндэсний төвийн харьяа Хойд бүсийн хавдрын оношилгоо, эмчилгээний дэд төв болгон хүлээлгэн өгсөн бол өнөөдөр “CuMo Arena” цогцолбор үүдээ нээснээр соёл, урлагийн хөгжилд шинэ боломж нээгдэж байгааг тэмдэглэв.
Орчин үеийн шийдэл, дэвшилтэт техник, тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон “CuMo Arena” нь цирк, урлаг соёлын тоглолт, үзэсгэлэн яармаг, спортын олон төрлийн үйл ажиллагааг зохион байгуулах боломжтой бөгөөд Эрдэнэт хот, хойд бүс төдийгүй Монгол Улсын хэмжээнд үйлчлэх соёл, урлагийн томоохон төв болох юм.
Нээлтийн үйл ажиллагааны бас нэгэн утга төгөлдөр хэсэг нь геологичид, уурхайчдын хөшөөг нээсэн ёслол байлаа. Энэхүү хөшөө нь 2021 онд Эрдэнэт үйлдвэрийн музей байгуулагдах үеэр Эрдэнэтийн-Овоо ордыг нээсэн Чехословак, Монголын геологичдын гавьяаг мөнхжүүлэх зорилгоор бүтээгдсэн түүхтэй. Хөшөөг Монгол Улсын Үйлчилгээний гавьяат ажилтан, зураач, уран бүтээлч Д.Батбилэг урласан бөгөөд өнөөдөр “CuMo Arena” цогцолборын үүдэнд дахин хүндэтгэлтэйгээр залж, олон нийтэд нээлттэй болголоо.
Хөшөөний нээлтэд Орхон аймгийн ИТХ-ын дарга Д.Мөнхбат, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, Хамтын ажиллагаа, нийгмийн харилцааны бодлогын газрын дарга Ц.Бат-Энх нар оролцож, хөшөөний бүтээлээс хөшгийг зэрэг буулган ёслолын ажиллагааг гүйцэтгэсэн юм.
Ийнхүү нэгэн цагт Эрдэнэтийн-Овоо ордыг нээн илрүүлж, Монгол Улсын хөгжил дэвшлийн түүхийг эхлүүлсэн геологичдын нөр их хөдөлмөр, өнөөдөр хотын хөгжил, бүтээн байгуулалтыг үргэлжлүүлж буй уурхайчдын зүтгэл нэгэн дор бэлгэдлээ оллоо.
“CuMo Arena” цогцолборын нээлтийн үйл ажиллагаа 14 хоногийн турш үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд долоон төрлийн нийт 12 удаагийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ. Нээлтийн эхний өдрийн хөтөлбөрөөр үзэгчдэд дэлхийн циркийн “Bravo” тоглолтыг толилуулж, урлаг, соёлын баярын салхийг хагалав.
Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн уурхайчдын хөдөлмөрөөр бүтсэн энэхүү цогцолборын үүд хаалга өнөөдрөөс эхлэн иргэд, хүүхэд залуус, уран бүтээлчид, тамирчдын өмнө нээлттэй болж байна. Энэхүү цогцолборын нээлт нь, Эрдэнэт хотын соёл, урлаг, спортын ирээдүйд чиглэсэн шинэ хөрөнгө оруулалт, уурхайчдын хөдөлмөрийн үнэ цэнийг хойч үедээ өвлүүлэн үлдээх бас нэгэн түүхэн үйл явдал боллоо.



















