Эрдэнэт үйлдвэрийн харьяа итгэмжлэгдсэн лаборатори, товчоодын үйл ажиллагаанд магадлах хяналтын үнэлгээ хийх ажлын хэсгийн нээлтийн хурал боллоо. Монгол Улсын Үндэсний итгэмжлэлийн төвийн даргын 2024 оны А/358 тоот тушаал болон MNS ISO/IEC 17025:2018, 17025:2013 стандартуудын “Сорилтын болон шалгалт тохируулгын лабораторийн чадавхад тавих ерөнхий шаардлага”, “Тохирлын үнэлгээ, хяналтын ажил эрхэлдэг төрөл бүрийн байгууллагын ажиллагаанд тавих шаардлага”-ын дагуу давтан итгэмжлэгдсэн лаборатори, товчоодод хийх магадлах хяналтын аудит энэ сарын 11-нээс 13-ны өдрүүдэд Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн 7 нэгж, тэдгээрийн харьяа лабораториудад хийгдэнэ. Магадлах хяналтын аудитыг Үндэсний итгэмжлэлийн төвийн Чанарын менежер, Үнэлгээний багийн ахлагч Д.Удвал тэргүүтэй ажлын хэсэг, олон улсын стандартын шаардлага болон Үндэсний итгэмжлэлийн төвөөс гаргасан шалгуур үзүүлэлтийг хангаж буй эсэхэд үнэлгээ хийж, дүгнэлт, үр дүнгийн тайланг танилцуулах зорилгоор зохион байгуулна.
Дөрвөн жил тутамд хийгддэг итгэмжлэлийн магадлах аудитад Эрдэнэт үйлдвэрийн харьяа лаборатори, товчоод хамгийн сүүлд 2024 онд давтан итгэмжлэгдсэн бөгөөд хоёр жилийн дараа магадлах үнэлгээг хийхээр төлөвлөсөн байна. Магадлах хяналтын үнэлгээний хүрээнд итгэмжлэгдсэн хугацаанаас хойш тухайн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, хүний нөөцийн ур чадвар, техник тоног төхөөрөмж, хэмжлийн нэгж дамжуулалт, эрх олголт болон үйл ажиллагаанд гарч буй өөрчлөлт нь олон улсын стандартын шаардлагад нийцэж байгаа эсэхэд хяналтын үнэлгээ хийх чиглэлтэй гэдгийг нээлтийн хуралд Үнэлгээний ажлын хэсэг мэдээллээ.
“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирлын энэ сарын 05-ны өдрийн А/793 тоот тушаалын дагуу тус үйлдвэрийн 7 бүтцийн нэгжийн 12 сорилтын болон тохируулгын лаборатори, техник хяналтын товчоод магадлах хяналтын аудитад хамрагдахаар бэлтгэл хангасан байна. Бэлтгэл ажлын хүрээнд дээрх тохирлын үнэлгээ бүхий 12 байгууллагыг нэгдсэн арга зүйгээр хангах ажлыг Чанарын хяналтын хэлтэс хариуцан ажиллаж буйг хэлтсийн Чанар аргачлалын мэргэжилтэн О.Туяацэцэг онцлов.
Магадлах хяналтын үнэлгээний нээлтийн хуралд Эрдэнэт үйлдвэрийн Чанарын хяналтын хэлтэс, Дулааны цахилгаан станц, Ус хангамжийн цех, ХАБЭА-н хэлтэс, Байгаль орчин, ногоон хөгжлийн хэлтэс, Судалгаа, шинжилгээний хүрээлэн, Баяжуулах үйлдвэр зэрэг үнэлгээнд хамрагдах бүтцийн нэгжийн удирдлага, инженер техникийн ажилтан, мэргэжилтнүүд оролцож, ажлын хэсгийн зорилго, чиглэлтэй танилцлаа.















