Хаврын цагт хашаандаа суулгасан моддынхоо соёолж, навчлахыг ажиглан баярлах нэгэн эрхэм байх. Тэр бол Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын Цахилгаан техникийн хэсгийн цахилгааны монтёр Чулуунбаатарын Батцоож. Түүний хашаанд 30 гаруй төрлийн 200 гаруй мод ургадаг. Алим, чавга, лийр гээд жимсний мод ч тарьжээ. Харин ажил дээрээ тэр тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааг хангаж, хүний хөдөлмөрийг хөнгөвчлөх шинэ шийдэл ургуулж явдаг нэгэн. Мод тарих, мэргэжлийн ажлаа хийх хоёр өөр мэт боловч нэгэн ижил чанар шаарддаг. Тэр нь тэвчээр, арчилгаа, сэтгэл, бас үр дүнг нь үзэх хүртлээ тууштай байх чанар юм.
Говь-Алтай аймгийн Цээл суманд төрсөн Батцоож бага насандаа Эрдэнэт хотод ирж, энд өсөж торнин, боловсрол эзэмшжээ. Цэргийн ангид ажилладаг аав, ээжийнхээ таван хүүхдийн нэг болон өссөн тэрээр хожим Дархан хотын техникийн коллежид цахилгаан ашиглалтын инженер мэргэжлээр суралцаж, 2003 онд төгссөн байна. Залуу насандаа амьдралаа дээшлүүлэх, хөдөлмөрийн үр шимийг хүртэх хүсэлдээ хөтлөгдөн БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр явж, чулуун эдлэлийн үйлдвэрт гурван жил ажиллажээ. Өглөөний наймаас оройн найман цаг хүртэл үргэлжлэх ажлын хэмнэл түүнд хөдөлмөрийн үнэ цэн, цаг ашиглалт, ажлын зохион байгуулалтын талаар ихийг ойлгуулсан гэдэг.
“Тэнд очоод, ажлыг яг яаж хийдэг юм байна гэдгийг ойлгосон. Манай энд хийж байсан ажилтай харьцуулахад хөдөлмөрийн зохион байгуулалт, ажилдаа хандах хандлагаас нь сурах зүйл их байсан” хэмээн тэр дурсана. Эх орондоо эргэн ирээд цахилгаанчнаар ажиллаж байсан Батцоож 2014 онд сонгон шалгаруулалтаар Дулааны цахилгаан станцад анх ажилд оржээ. Нэг жилийн дараа ажлын байрны нөхцөл өөрчлөгдөж, хэсэг хугацаанд завсарласан ч 2017 онд станцын өргөтгөлөөр шинээр ажлын байр бий болоход эргэн ирж, өнөөг хүртэл мэргэжлээрээ ажиллаж байна. Түүний хувьд цахилгааны монтёрын ажил гэдэг эвдэрсэн тоног төхөөрөмжийг засаж, хэвийн ажиллагаанд оруулахаар хязгаарлагдахгүй. Харин эвдрэл гарахаас урьдчилан сэргийлэх, ажилчдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, аюулгүй ажил-лагааг сайжруулах шинэ гарц олох нь чухал. Энэ бодол нь түүнийг шинийг санаачлахад хөтөлдөг. Цахилгаан хөдөл-гүүрийн сэнс салгах тусгай багаж хийж, хөдөлгүүр өргөж зөөх зориулалтын тэргэнцэр санаачлан бүтээсэн нь ажилчдын хүч хөдөлмөрийг хэмнэх, эрсдэлийг бууруулахад чиглэсэн бодит шийдлүүд юм. Кран ажиллах үед хүмүүсийг аюулаас сэрэмжлүүлэх дуут болон гэрлэн дохио хийсэн нь ч түүний аюулгүй ажиллагаанд хэрхэн анхаардгийг харуулна.
Түүнчлэн, цахилгаан тоноглолын хамгаалалтыг сайжруулах, элэгдэж гэмтдэг эд ангийг илүү бат бөх материалаар орлуулах, кранбалкны удирдлагыг радио удирдлагатай болгох, гэрэлтүүлгийг шинэчлэх зэрэг ажлуудад оролцжээ. Эдгээрийн цаана цаг хугацаа, хүн хүч, эрчим хүч, засвар үйлчилгээний зардлыг хэмнэхийн зэрэгцээ үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангах зорилго бий.
Батцоожийн бүтээлч оролцоо хамт олных нь дунд ч үнэлэгддэг. Тэрээр “Эрчим” бүтээмж, чанарын дугуйлангийн идэвхтэй гишүүн бөгөөд ажлын байрыг эмх цэгцтэй болгох, тоног төхөөрөмжийн эрсдэлийг бууруулах, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэх ажилд идэвх санаачилгатай оролцдог. Үйлдвэрийн ХАБ-ын бүтээлч уралдаанд тээрмийн хөтлөгч араа, конвейерын туузан дамжуулгын аюулыг мэдрүүлэх төхөөрөмжийн төслөөр оролцож, тэргүүн байр эзэлсэн нь түүний санаачилгын нэгэн тод жишээ юм. Тэрээр зөвхөн өөрийн ажлыг сайн хийхийг зорьдоггүй. Залуу ажилтнуудад мэдлэг, туршлагаа хуваалцаж, мэргэжлийн ур чадвараа дээшлүүлэхэд нь тусалдаг. Учир нь нэг хүний мэдлэг өөрт нь үлдэхээс илүү олон хүнд түгж, хамт олны чадвар болон төлөвшихөд үнэ цэн нь нэмэгддэг .
Ажлынхаа дараа Батцоож гэр бүлийнхээ дунд, моддынхоо дунд цагийг өнгөрүүлнэ. Гэргий Ц.Ганхуяг нь хүнсний технологийн инженер мэргэжилтэй, Хүнс, хөдөө аж ахуйн салбарт ажилладаг. Том хүү нь цахилгаан системийн автоматжуулалтын чиглэлээр их сургуульд суралцаж, бага хүү нь ерөнхий боловсролын сургуулийн есдүгээр ангид сурч байна. Хашаан дахь алимын моддын тухай ярихдаа тэрээр Эрдэнэтэд ч зөв арчилж чадвал жимсний мод ургуулж болдгийг онцолно. Ховдын Булган нутгаас алимын мод захиалан авчирч тарьсан тэрээр одоо алимын хорь гаруй модтой болжээ. Хавар бүр мод суулгаж, ургалтыг нь ажиглан, ирээдүйн ургацыг хүлээх нь түүний дуртай ажлын нэг. Энэ сонирхолд нь Батцоожийн амьдралд хандах хандлага шингэсэн мэт. Юмыг зүгээр байгаагаар нь орхих бус, илүү сайжруулахыг хичээнэ. Тарьсан модоо арчилж, ургуулахын адил ажлынхаа орчинд ч асуудлыг олж харж, шийдэл бүтээнэ. Өнөөдрийн хичээл зүтгэл маргаашийн үр шим болдгийг тэр амьдрал, хөдөлмөрөөрөө харуулж яваа хүн.
Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагааны ард өдөр бүр хариуцлага үүрч, бусдын анзаараагүй асуудлыг шийдэхээр хөдөлмөрлөдөг мэргэжилтнүүд бий. Тэдний нэг Ч.Батцоожийн хувьд сайн ажилтан байна гэдэг өгсөн үүргээ биелүүлэхээс эхэлдэг ч тэндээ дуусдаггүй. Ажлаа сайжруулах, бусдын хөдөлмөрийг хөнгөвчлөх, аюулгүй орчин бүрдүүлэх, мэдлэгээ бусдад өвлүүлэхэд үргэлжилдэг. Хашаандаа мод ургуулж, ажил дээрээ шинэ санаа бүтээж яваа түүний амьдралын утга учир энгийн атлаа үнэ цэнтэй. Хөдөлмөрлөсөн бүхэн үр шимээ өгдөг. Гагцхүү түүнийг ургуулах сэтгэл, арчлах тэвчээр, тууштай зан хэрэгтэй. Чулуунбаатарын Батцоож энэ зарчмаар мэргэжлээ ч, амьдралаа ч бүтээж явна.















