Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын эхэн үеэс үйлдвэрийн хөгжил, хотын дулаан хангамжид чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байгууллага бол Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц юм. 1976 онд Төв уурын зуух нэртэйгээр үйл ажиллагаагаа эхлүүлсэн тус станц өнөөдөр эрчим хүчний салбарт өөрийн байр сууриа бататган ажиллаж, хагас зууны түүхийн хуудсаа эргүүлж байна. Өнгөрсөн 50 жилийн ололт амжилт, өнөөгийн үйлдвэрлэлийн үзүүлэлт, цаашдын хөгжлийн зорилтын талаар Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станцын дарга Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
-Та станцынхаа хагас зуун жилийн түүхэн замналыг өнөөдрийн өндөрлөгөөс хэрхэн дүгнэж байна вэ?
-Эрдэнэт хотын ууган станц, анхны гал голомт болсон Эрдэнэт үйлдвэрийн Дулааны цахилгаан станц өнөөдөр 50 жилийн түүхээ бичиж байна. Аливаа улс оронд хот суурин байгуулах, үйлдвэржилтийг хөгжүүлэх, иргэдийн ая тухтай амьдрах, ажил хөдөлмөр эрхлэх нөхцөлийг бүрдүүлэхэд хамгийн эхний хэрэгцээ нь эрчим хүчний хангамж байдаг. Тиймээс 1973 онд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотыг байгуулах шийдвэр гарсны дараа хэрэгжүүлэх эхний төслүүдийн нэг нь Дулааны цахилгаан станц барих байсан. Гэвч тухайн үед Эрдэнэт үйлдвэрийг ЗХУ-аас цахилгаан эрчим хүчээр хангах шийдвэр гарч, Белгород хотын зуухны үйлдвэрт үйлдвэрлэсэн, тус бүр нь цагт 75 тонн уур үйлдвэрлэх хүчин чадалтай зургаан уурын зуух суурилуулсан. Улмаар, 1976 оны 11 дүгээр сарын 07-нд анхны зуухыг галласнаар Төв уурын зуух нэртэй манай станцын үйл ажиллагаа эхэлсэн түүхтэй. 1987 онд Эрдэнэтийн хоёр дахь Дулааны цахилгаан станц ашиглалтад орох хүртэл манай станц хотын үйлдвэрүүд, орон сууц, үйлчилгээний барилга байгууламжуудыг дулаанаар хангаж байсан. Мөн цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхэд ашиглаж болох өндөр параметрийн уур үйлдвэрлэх хүчин чадалтай зуухтай байсан учраас Эрдэнэт хотын бүтээн байгуулалтын ид үед барилгын үйлдвэрүүдийг технологийн уураар хангаж, бетон хийц үйлдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Ингэж манай станц Эрдэнэт хот, үйлдвэрийн хөгжлийн эхний суурийг тавилцаж, өнөөдрийг хүртэл хагас зуун жилийн түүхийг бүтээлцэн ажиллаж байна.
-Эрдэнэт үйлдвэрийн хөгжилд онцгой нөлөө үзүүлсэн бүтээн байгуулалт, шинэчлэлүүдээс онцолбол?
-Эрдэнэт үйлдвэрийн эхний ээлж 1978 онд ашиглалтад орох үед манай станцын гурван зуух бүхий эхний ээлж мөн ашиглалтад орсон. 1981 онд сүүлийн зуухыг хүлээн авснаар станц бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой болсон юм. Ингэснээр, Эрдэнэт үйлдвэрийн бүх цех, нэгжийг дулаанаар хангахын зэрэгцээ Баяжуулах үйлдвэрийг технологийн уураар тасралтгүй хангах хариуцлагатай үүрэг хүлээсэн. Зах зээлийн эдийн засагт шилжихээс өмнөх жилүүдэд Баяжуулах үйлдвэр, Засвар, механикийн завод болон бусад цехийн хэрэгцээнд цагт 40–өөс 60 тонн уур нийлүүлэн ажиллаж байлаа. Харин 1991 оноос хойш нийгэм, эдийн засгийн өөрчлөлт, барилгын үйлдвэрүүд зогссон, Баяжуулах үйлдвэрийн үйлдвэрлэлийн хэмжээ буурсан зэргээс шалтгаалан технологийн уурын хэрэгцээ багассан. Үүнийг дагаад дулаан үйлдвэрлэл, түгээлтийн хэмжээ ч буурсан юм. Улмаар 2002–2010 онд зуны улиралд технологийн бүрэн зогсолт хийдэг байлаа. Гэсэн хэдий ч энэ үеийн нөхцөл байдал бидэнд цаашдын хөгжлийн шинэ гарц эрэлхийлэх, үйлдвэрлэлийн чиглэлээ өргөжүүлэх шаардлагатайг ойлгуулсан.
-Энэ үед үйл ажиллагаагаа тогтвортой хадгалах, цаашид хөгжүүлэхийн тулд ямар арга хэмжээ авсан бэ?
-Монгол, Оросын хамтарсан Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Зөвлөлөөс баталсан “2005–2015 он хүртэлх хөгжлийн концепц”-д Дулааны станцын шинэчлэлийг үе шаттай хэрэгжүүлэхээр тусгасан. Энэ хүрээнд 2008 онд 5 МВт-ын хүчин чадалтай Дулааны цахилгаан станц байгуулах төслийг эхлүүлсэн. 2012 онд АНУ-ын “Дрессер-Ранд” компанид үйлдвэрлэсэн тус бүр 2.5 МВт-ын хүчин чадалтай хоёр турбин генератор суурилуулж, эрчим хүчний сүлжээнд холбосон. Ингэснээр станц цахилгаан эрчим хүчнийхээ дотоод хэрэгцээг хангаад зогсохгүй Засвар, механикийн завод, Барилга засварын цех, Засвар, угсралтын цех зэрэг үйлдвэрийн бүтцийн нэгжүүдийн цахилгааны хэрэглээг хангах боломжтой болсон юм. Дараагийн томоохон алхам нь станцын хүчин чадлыг нэмэгдүүлэх өргөтгөл байлаа. 2014 онд өргөтгөлийн хоёрдугаар үе шатыг эхлүүлэхээр 12 МВт-ын хүчин чадалтай дөрвөн турбингенератор суурилуулах, нийт 48 МВт-ын өргөтгөл хэрэгжүүлэх тендер зарлаж, 2016 оны тавдугаар сарын 07-нд барилгын талбайд шав тавьсан юм.
-Энэ нь станцын хөгжлийн шинэ үеийг эхлүүлсэн түүхэн өргөтгөл байсан гэж ойлгож болох уу?
-Тийм ээ. Энэ өргөтгөл манай станцын хөгжлийн түүхэн чухал үе шат болсон. Төслийг БНХАУ-ын “Харбин электрик интернэшнл” компани гүйцэтгэж, амжилттай хэрэгжүүлсэн. 2017 оны 12 дугаар сарын 25-нд Эрчим хүчний яамнаас байгуулсан Улсын комисс станцыг ашиглалтад хүлээн авахаар шийдвэрлэсэн юм. Ингэснээр, Дулааны цахилгаан станцын суурилагдсан нийт хүчин чадал 53 МВт-д хүрч, Монгол Улсын эрчим хүчний салбарын томоохон үйлдвэрлэгчдийн нэг болсон. Тухайн үед суурилагдсан хүчин чадлаараа ДЦС-4, ДЦС-3-ын дараа эрэмбэлэгдэнэ гэдэг бахархал байлаа.
-Монголд эрчим хүчний шинэ эх үүсвэр бий болно гэдэг стратегийн чухал үйл явдал. Хамгийн гол нь цахилгаан эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болж буй дэвшил байсан болов уу?
-Мэдээж. Тухайн үед манай улсад эрчим хүчний томоохон эх үүсвэр баригдаагүй удсан байсан. Ийм нөхцөлд Эрдэнэт үйлдвэр өөрийн хөрөнгөөр 48 МВт-ын өргөтгөлийг барьж, ашиглалтад оруулсан нь онцгой ач холбогдолтой үйл явдал болсон юм. Энэ өргөтгөлийн үр дүнд Эрдэнэт үйлдвэр цахилгаан эрчим хүч хэрэглэгчээс үйлдвэрлэгч болж, улс орны эрчим хүчний хангамжид бодит хувь нэмэр оруулах болсон. Төслийг хэрэгжүүлэх явцад олон бэрхшээл тулгарч байсан ч Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагууд онцгой анхаарч, дэмжиж ажилласан. Тэдний бодлого, шийдвэр, хамт олны хичээл зүтгэлээр энэ том төсөл амжилттай хэрэгжсэн гэж хэлж болно. 2018 оны нэгдүгээр сарын 09-нөөс манай станц цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлж эхэлсэн. Түүнээс хойш Диспетчерийн үндэсний төвийн нэгдсэн удирдлага дор, батлагдсан горимын дагуу цахилгаан үйлдвэрлэлээ тасралтгүй, найдвартай явуулж байна.
-Станц маань Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний хэдэн хувийг хангаж байна вэ? Өнөөдөр үйлдвэрлэлийн хүчин чадал, үндсэн үзүүлэлтүүд ямар түвшинд байгаа бол?
-Манай станц Монгол Улсын цахилгаан эрчим хүчний хэрэглээний 4,3 хувийг хангадаг. Жилд дунджаар 347 сая кВт.цаг орчим цахилгаан эрчим хүч үйлдвэрлэж байна. Үүнээс 52 сая кВт.цагийг станцынхаа дотоод хэрэгцээнд, 16 сая кВт.цагийг шинийн түгээлтээр Эрдэнэт үйлдвэрийн бүтцийн нэгжүүдэд нийлүүлдэг. Харин үлдсэн 280 сая кВт.цаг орчим цахилгаан эрчим хүчийг Төвийн бүсийн нэгдсэн сүлжээнд нийлүүлэн борлуулж байгаа. 2018–2026 онд нийт гурван тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэн, нийлүүлсэн. Энэ бүхэн манай хамт олны олон жилийн хөдөлмөр, тоног төхөөрөмжийн найдвартай ажиллагаа, үйлдвэрлэлийн горимыг тогтвортой хадгалах хүчин чармайлтын үр дүн. Цаашид ч үйлдвэрлэлийн үр ашгийг нэмэгдүүлж, эрчим хүчний системийн найдвартай ажиллагаанд оруулах хувь нэмрээ ахиулахыг зорьж байна.

-Эрчим хүчний эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдсээр байгаа энэ үед ямар шинэчлэл төлөвлөж байгаа вэ?
-Дулаан, цахилгаан хослон үйлдвэрлэх болсноор станцын хэвийн, найдвартай, үр ашигтай ажиллагааг хангах шаардлага улам нэмэгдсэн. Үйлдвэрлэлийн найдвартай ажиллагааг хангахын тулд зуухнуудаа төслийн бус нүүрсээр тогтвортой ажиллуулах, хурц уурын параметрүүдийг шаардлагатай түвшинд барих, хүчин чадлыг боломжит хэмжээнд нэмэгдүүлэх, эдийн засгийн үзүүлэлтүүдийг сайжруулах шаардлага тулгарч байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэх зорилгоор 2027 оноос үндсэн тоноглол болох БКЗ-75-39ФБ маркийн зуухны шаталтын технологийг “нам температурын эрчимжсэн давхаргад нүүрс шатаах технологи”-д шилжүүлэхээр төлөвлөж байна.
-Мэргэшсэн инженер, техникийн ажилтнуудыг бэлтгэх, залуу боловсон хүчнийг тогтвор суурьшилтай ажиллуулахад ямар бодлого хэрэгжүүлж байна вэ?
-Үйлдвэрлэлийн найдварт ажиллагаа тоног төхөөрөмжөөс гадна түүнийг ажиллуулж, хянаж, сайжруулдаг хүний нөөцийн мэдлэг, ур чадвараас шууд хамаардаг. Тиймээс бид ажилтнуудынхаа мэргэжлийн ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, мэдлэг туршлагыг нь нэмэгдүүлэх, чадавхжуулах бодлогыг тууштай хэрэгжүүлж байна. Инженер, техникийн ажилтнуудаа дотоод, гадаадын урт болон богино хугацааны сургалтад хамруулж, салбарын шинэ технологи, орчин үеийн арга барил эзэмшүүлэхэд анхаарч байна.
-Танай хамт олны давуу тал, бахархал юу вэ?
-Олон жилийн туршлага, мэргэжлийн ур чадвар, харилцан ойлголцол, хамтын ажиллагаа, өндөр хариуцлага гэж хэлмээр байна. Бидний өдөр тутмын ажил Эрдэнэт үйлдвэрийн найдвартай ажиллагаа, эрчим хүчний салбарын хөгжил, эх орны бүтээн байгуулалттай салшгүй холбоотой. Дулаан, цахилгаан бол бидний бүтээгдэхүүн. Найдвартай ажиллагаа бол бидний хариуцлага. Эв нэгдэлтэй, хөдөлмөрч хамт олон бол бидний хүч чадал. Харин эх орныхоо хөгжилд оруулж буй хувь нэмэр бол бидний бахархал юм.
-Эцэст нь, станцынхаа хагас зуун жилийн түүхийг хамтдаа бүтээлцсэн үе үеийн ажилтнууддаа хандаж юу хэлэх сэн бол..?
-Өнөөдрийн бидний амжилт, ололт бүхэн Эрдэнэт үйлдвэрийн үе үеийн удирдлагын бодлого, шийдвэр, ахмад ажилтнуудын маань тавьсан бат бөх суурь, өдгөө мөр зэрэгцэн ажиллаж буй нийт хамт олны нөр их хөдөлмөрийн үр шим. Эх орныхоо хөгжлийн хөдөлгүүр, үйлдвэрийнхээ гал голомт болсон Дулааны цахилгаан станцын анхдагч ахмадууд, үе үеийн ажилтан, инженерүүд, нийт хамтран ажиллагч та бүхэндээ станцын 50 жилийн ойн баярын мэнд хүргэе. Мөн манай станцын түүхийг хамтдаа эхлүүлж, мөр зэрэгцэн ажилласан ЗХУ, ОХУ-ын мэргэжилтнүүд, станцын өргөтгөлийн төслүүдэд хамтран зүтгэсэн АНУ, БНХАУ-ын мэргэжилтнүүдэд чин сэтгэлийн талархал илэрхийлье. Та бүхний гэрт гэрэл, дулаан түгж, сайн сайхан бүхэн дэлгэрэх болтугай!















