"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын Соёл, спортын "CuMo Arena" цогцолборын нээлтийн хүндэтгэлийн үйл ажиллагааны хүрээнд энэ сарын 15-ны өдөр Монголын Бурхан шашинтны төв “Гандантэгчэнлин” хийдийн Тэргүүн их хамба, гуч дахь Хамба номунхан, гэвш лхаарамба Д.Жавзандорж дээдсийг тус цогцолборт урин заллаа. Тэргүүн их хамба, Орхон аймаг, Эрдэнэт хотын сүсэгтэн олонд Бурханы шашны сургаалыг тайлбарлан, сэтгэл оюуныг нь ариусгаж, нас буян, эрүүл энх, амар амгаланг ерөөн "Аюуш бурхны насны авшиг" хүртээлээ.
Тэргүүн их хамба Д.Жавзандорж, “Эрдэнэт хотод бүтээн байгуулагдсан “CuMo Arena” хэмээх энэ өргөөнд Эрдэнэт үйлдвэрийн ажилчид, тэдгээрийн гэр бүл, нутгийн зон олны сайн сайхны тухайтад “Аюуш бурхны насны авшиг” хэмээх номыг дээдэс багш нарын айлдвар, бидэнд зааж өгсөн зам, бидэнд хайрласан увдис, энэ бүгдийг чадах чинээгээрээ анхааран авах гэж яваагийн хувьд өөрийн хийж байгаа ажил, зорилгын хүрээнд хүрэлцэн ирснээ хэлсэн.
Тэрээр, “Хүн бүгдээрээ сайхан амьдаръя гэж хүсдэг. Сайхан амьдрахад нас урт байхгүй, нас нь цөв гараад байх юм бол сайхан амьдарч чаддаггүй. Насанд цөв гараад ирэхээр ажил бүтэхгүй болдог, бие эрүүл мэнд цаанаа л нэг янз бүрийн шалтгаан гараад, өвчилсөн байлаа гээд өвчнөө эдгээе гэхэд тэр нь эмчилгээний үр дүн олохгүй гэх мэт, ажил хөөцөлдөж байсан бол ажил нь гайгүй болоод байсан, болохгүй болоод ирэх гэх мэт ийм бэрхшээлүүд гараад байдаг. Тийм болохоор бид бүгдээрээ сайн сайхан амьдрахад нас урт байж насанд элдвийн барцад саадгүй байх хэрэгтэй. Түүнд саад болдог гол асуудал, гол шалтгаан нь муу сэтгэл байгаа. “Аюуш бурхны насны авшиг” хэмээх номд айлдсанаар, хүнд байж мэдэх муу сэтгэлийг яаж танин барих юм, түүнийг хэрхэн танин барьсан бол түүнийг арилгах, бүрэн арилгахын наад талын үйл явцын дунд хүчийг нь яаж багасгах вэ, гэх мэт энэ аргуудыг тайлбарлаж тухайн өдрөө бодож бясалгуулж, тайлбарлах учиртай” хэмээн дээдийн номд айлдсаныг уламжилсан юм.















