Эрдэнэт үйлдвэрийн Спорт цогцолбороос жил бүр зохион байгуулдаг уурхайчдын спартикиад энэ жил 46 дахь жилдээ зохиогдож байна. Энэ удаагийн спартикиадад уурхайчдын идэвх оролцоог дээшлүүлэх, тэмцээний цар хүрээг тэлэх зорилгоор төрөл, ангиллыг нэмж, нийт 12 спортын төрөлд үйлдвэрийн бүтцийн бүх нэгжийн төлөөллөөс бүрдсэн 16 баг өрсөлдөж буйг зохион байгуулагчид онцлов. Амралтын өдрүүдэд тэмцээн олс таталт, усанд сэлэлт, корнхол, даам зэрэг дөрвөн төрлөөр үргэлжилж, аваргуудаа тодрууллаа.
Өнгөрсөн 10 дугаар сарын 31-нээс дартсын төрлөөр эхэлсэн 46-р спартикиадын олс таталтын төрөлд 13 багийн 250 гаруй тамирчид хүч бяраараа өрсөлдөж байгаа бол даамын төрөлд 60 гаруй тамирчид эрэгтэй, эмэгтэй ангилалд оюун ухаанаа сорилоо. Сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж, уурхайчид олноороо сонирхох болсон Корнхол төрөлд 15 багийн 60 гаруй тамирчид авхаалж самбаагаа сорьж, усанд сэлэлтийн тэмцээнд 13 багийн 50 орчим тамирчид уралдлаа. Олс таталтын аваргаар Баяжуулах үйлдвэрийн эрэгтэй, эмэгтэй баг шалгарч, эрэгтэйчүүдийн дэд байрыг Чанар хяналтын хэлтэс, Гал түймэр унтраах гэрээт 58 дугаар ангийн хамтарсан баг, гутгаар байрыг Засвар механикийн заводын баг тамирчид тус тус эзэллээ. Эмэгтэй ангиллын дэд байрт Ил уурхай, Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн хамтарсан баг, гутгаар байрт Засвар угсралтын цех, Оёдлын цехийн хамтарсан баг шалгарчээ.
Даамны төрөлд эрэгтэйчүүдээс Авто тээврийн цехийн тамирчин С.Ганбямба түрүүлж, Баяжуулах үйлдвэрийн тамирчин Ж.Гансүх, М.Лхамхүү нар удаах байрыг эзлэв. Эмэгтэйчүүдээс даамны тэмцээний аваргаар Судалгаа шинжилгээний хүрээлэнгийн тамирчин Б.Хонгорзул тодорч, Авто тээврийн цехийн тамирчин Ш.Одонгэрэл, ЭЦИС-ийн тамирчин Б.Мөнхжаргал нар удааллаа.
Корнхол тэмцээний эрэгтэй ангилалд Баяжуулах үйлдвэрийн тамирчин Б.Баянмөнх аваргалж, СААЖЦ, Ган бөөрөнцөгийн цехийн хамтарсан багийн тамирчин Ц.Сэмжид дэд байр, Оёдлын цех, Засвар угсралтын цехийн хамтарсан багийн тамирчин Ж.Мөнх-Оргил гурав дугаар байр эзэллээ. Корнхолын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Чанарын хяналтын хэлтэс, Гэрээт гал унтраах, аврах 58-р ангийн тамирчин Э.Мөнгөнцэцэг түрүүлж, ДЦС-ын тамирчин Н.Ганчимэг, Цахилгаан цех, Аж ахуй, үйлчилгээний цехийн тамирчин Б.Оюун-Эрдэнэ нар удаах байруудыг эзэлсэн байна.
Усанд сэлэлтийн тэмцээн 50 метрийн өвөр, мэлхий сэлэлт гэсэн хоёр төрлөөр явагдаж, Эрэгтэйчүүдийн ангилалд Ерөнхий захиргааны багийн тамирчин Ч.Гансүх, Баяжуулах үйлдвэрийн тамирчин Б.Сонин-Эрдэнэ, Авто тээврийн цехийн тамирчин Ж.Эрдэнэсайхан нар эхний байранд шалгарлаа. Эмэгтэйчүүдийн 50 метрийн, өвөр төрөлд Аж ахуй, үйлчилгээний цехийн тамирчин Г.Золмандах, Зураг төслийн хүрээлэнгийн тамирчн С.Санчирмаа, ЗМЗ-ын тамирчин Б.Номин-Эрдэнэ нар эхний гурван байрыг эзэлсэн байна. Мэлхий сэлэлтээр эрэгтэйчүүдээс Спорт цогцолборын тамирчин М.Болдбаатар, Баяжуулах үйлдвэрийн тамирчин Э.Ариунболд, ХМТАЦ-ийн тамирчин Э.Мөнхжил нар хошуучилж, эмэгтэйчүүдийн ангилалд Спорт цогцолборын тамирчин Н.Балжид түрүүлж, ЗМЗ-ын тамирчин М.Намуунаа, Баяжуулах үйлдвэрийн тамирчин Б.Чанцалдулам нар удаах байруудад шалгарлаа. Ингэснээр 46-р спартикиадын спортын есөн төрөл амжилттай зохион байгуулагдаж, шилдгүүд нь тодорч байна.
Энэ жилийн спартикиадын мэдээллийг цахимд байршуулж, тоглолтын цагийн хуваарь, оноолт, бүртгэл зэргийг нээлттэй хүргэж буйгаараа онцлогтой юм. Мөн спартикиадын сагс болон волейболын тэмцээнээс бусад төрлийн дүнг тухай бүрд нь танилцуулж, шагналыг гардуулж байна. Харин сагс, волейболын аваргын төлөөх тоглолт болон шагнал гардуулалт, спартикиадын хаалтын үйл ажиллагааг “CuMo Arena” цогцолборт зохион байгуулах юм. Хаалтын ажиллагаа ирэх сарын 5-ны өдөр болно.























