Эрдэнэт үйлдвэрийн Хүний нөөц, захиргааны хэлтсийн Төрөлжсөн архивын мэргэжилтнүүд Мэдлэг түгээх ажлын байр-Цахим танхимаа өнөөдөр нээлээ. Энэхүү үйл ажиллагаанд Дотоод хяналт, мониторингийн хэлтсийн дарга Б.Энхжин болон Мэдлэгийн менежментийн ISO 30401 стандартын сайжруулалт хариуцсан багийнхан оролцож, танилцсан юм.
Монгол Улсын Засгийн газар 2006-2022 онд хэрэгжүүлсэн Архив, албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаанд мэдээллийн технологи нэвтрүүлэх Үндэсний хөтөлбөрийн хүрээнд тус архив 2009 оноос эхлэн цахим архивын систем хөгжүүлсээр ирсэн. Үүний үр дүнд тоон хэлбэрт шилжүүлсэн баримтыг бүртгэх, тодорхойлолт бичих, овог нэр, сэдэв, тушаалын дугаараар хайлт хийх зэрэг үйлдлийг хялбаршуулсан бөгөөд одоо энэхүү системийг ERP-ийн нэгдсэн систем рүү шилжүүлэх ажлыг эхлүүлээд байна.
Мөн Төрөлжсөн архив өөрийн вэб сайтаа нээжээ. Үүгээрээ дамжуулан төрийн архивын үйл ажиллагааг олон нийтэд сурталчлах, цахим үзэсгэлэн гаргах, архивын баримтын лавлагаа болон олдворын захиалгыг автоматжуулан хүргэхээр зорьж байгааг энэ үеэр мэдээллээ.
Шинээр нээсэн Мэдлэг түгээх ажлын байр-Цахим танхим нь мэдээллийн технологийн дэвшилтэт арга хэрэгслийг эзэмшүүлэх сургалт, цахим мэдлэг олгох нөхцөлийг бүрдүүлсэн цогц орчин юм. Энд мэдээллийн технологийн мэдлэгийн мод, AR технологи ашиглан бүтээсэн хөдөлгөөнт дүрслэл бүхий 3D объект, дуу чимээгээр дамжуулан сансар огторгуй, Монгол ахуй, нүүдэлчин соёлын талаарх мэдээлэл хүргэх цонхны хөшиг хүртэл байх жишээтэй. Эко бүс, чөлөөт булан, “Эрсдэл ба Стандарт” сэдвийн хүрээнд цогц мэдлэг, мэдээлэл олгох булан, цахим хичээл үзэх дүрс бичлэг-контентын хэсэг гээд сонирхол татах шийдлүүд багтжээ.
Архивчид Мэдлэг түгээх ажлын байр тохижуулахдаа таван үндсэн чиглэл, 41 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөж, 100 хувь биелүүлснээр ажилтнуудад цахим мэдлэг олгож, чадамжийг сайжруулах цоо шинэ сургалтын орчин ийнхүү бүрдүүлсэн байна.
Нээлтийн үеэр, сэдэвчилсэн үзэсгэлэн дэлгэж, 1974 оноос хойших, хүний нөөц, боловсон хүчний сургалт, мэргэжилтнүүдийг гадаадад бэлтгэж байсан талаарх 14 баримт бичиг, 48 биет үзмэрийг Ажлын хэсгийнхэнд танилцууллаа.
Одоогоор Эрдэнэт үйлдвэрийн Төрөлжсөн архивын сан хөмрөгт нийт 556,609 хадгаламжийн нэгж бүхий долоон сая хуудас баримт хадгалагдаж байна.















