Монгол Улсын төр нийгмийн нэрт зүтгэлтэн, хуучнаар БНМАУ-ын 14 дэх Ерөнхий сайд асан Д.Содном өнөөдөр Эрдэнэт үйлдвэрт зочиллоо. Түүний айлчлалын багийн бүрэлдэхүүнд Эрдэнэт хот дахь Ерөнхий консул Ракшаев Рыгзын Ракшаевич, ОХУ –ын сэтгүүлч Ким Борисович Болдохонов, бизнесийн төлөөлөл С.Анатолий, Оюутолгой ХХК-ийн Хүний нөөцийн газрын зөвлөх С.Надежда нар багтсан юм.
Ерөнхий сайд асан Д.Содном тэргүүтэй зочдыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Даваасамбуу болон албаны хүмүүс угтан авч, хүндэтгэл үзүүлэв. Ёслолын ажиллагааны үеэр 20-р зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт үйлдвэрийг барьж байгуулах шийдвэрт оролцож, тус үйлдвэрийн техник эдийн засгийн үзүүлэлтийг боловсруулахад оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлж, “Эрдэнэт дээд өргөмжлөл” шагналаар шагнах тухай Ерөнхий захирлын тушаалыг танилцуулж, уг өргөмжлөлийг Ерөнхий сайд асан Д.Содномд гардуулсан юм.
Мөн Эрдэнэт үйлдвэрийн өнөөгийн үйл ажиллагаа, ирээдүйн хөгжил бодлого зорилтын талаар тус үйлдвэрийн Үйл ажиллагаа эрхэлсэн дэд захирал Д.Даваасамбуу танилцуулж, санал бодлоо солилцов. Дараа нь зочид Эрдэнэт үйлдвэрийн Ил уурхай болон Баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг үзэж, сонирхсон юм.















