Эрдэнэт үйлдвэрийн үйлдвэрчний эвлэлийн холбоо шинэ хамтын гэрээний төслийг үйлдвэрийн удирдлагуудад хүргүүлжээ. Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, Үйлдвэрчний эвлэлийн холбоо хамтран Хамтын гэрээ байгуулж ажилчдын эрх ашгийг хамгаалан ажилладаг. Өнөөдөр мөрдөж байгаа хамтын гэрээ 12-р сарын 31-нд дуусгавар болж цаашид шинэ хамтын гэрээний дагуу хамтран ажиллах юм. Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны боловсруулсан шинэ хамтын гэрээний төслийн хэлэлцээр 11-р сарын 1-нээс эхлэх аж. “Ажилчдад ач холбогдол бүхий цөөнгүй заалтыг шинэ хамтын гэрээнд тусгасан. Тухайлбал, ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх, ажилтны ээлжийн амралт сувилгаанд зориулж 150 мянган төгрөг олгодог байсныг 150-300 мянган төгрөг болгох зэрэг 12 бүлэг 114 заалтын нэгийг нь ч хасаагүй. Олон ч заалт нэмсэн” гэж Эрдэнэт үйлдвэрийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Н.Батбаатар ярилаа.















