Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдын дунд Спортын 38-р наадам зохион байгуулах тухай Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын а-553 тоот тушаал гарлаа. Тушаалын дагуу спортын наадам зохион байгуулах ажлын хэсэг томилогдон анхны хуралдаанаа 9-р сарын 29-нд хийсэн байна.
Спортын наадмыг амжилттай явуулахад Эрдэнэт үйлдвэрийн Засвар механикийн завод, “Эрдэнэт сувилал” цогцолбор, Уурхайчин соёлын ордон, Гэрээт цагдаагийн хэлтэс, Олон нийттэй харилцах алба зэрэг хэлтэс, албад хамтран ажиллахыг тушаалаар үүрэг болгосон. Үүний дагуу тэд төлөвлөгөө гарган спортын наадмын удирдамж боловсруулах ажилдаа орлоо. Спортын 38-р наадамд үйлдвэрийн цех хамт олноо амжилттай бэлтгэж оролцуулахыг Спорт ордноос анхааруулж байна. Спортын наадам 10-р сарын 15-аас эхлэн 9 хоног үргэлжлэх тул наадамд оролцох ажилтнуудын ажлыг эртнээс төлөвлөн зохицуулахыг цех, нэгжийнд удирдлагуудад анхаарууллаа.
Спортын наадмын нээлтийн үйл ажиллагааг энэ жил Хангарьд паласт хийхээр болжээ. Спортын 38-р наадмыг сагсан бөмбөг, гар бөмбөг, хөл бөмбөг, хөнгөн атлетик, ширээний теннис, олс таталт, шатар даам, үндэсний бөх, усан поло, бадминтон зэрэг 10 төрлөөр зохион байгуулах юм. Тэмцээнд оролцогч ажилчдын тоог нэмэгдүүлэхийн тулд спортын 38-р наадамд тухайн цехээс оролцох нэг тамирчныг спортын хоёроос дээшгүй төрөлд оролцуулахаар тогтсон байна. Спортын 38-р наадмын нээлт 10-р сарын 16-ны 19 цагаас Хангарьд паласт болно.















