Орхон аймгийн засаг даргын нэрэмжит “Аврагч-2016” тэмцээн энэ сарын 17-ны өдөр болж өнгөрлөө. Тэмцээнд орхон аймгийн төрийн болон төрийн бус байгууллагын 14 баг оролцов.
Орхон аймгийн хэмжээнд гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн анги, аж ахуйн нэгж байгууллагуудын дунд явуулдаг аймгийн аварга шалгаруулах “аврагч” тэмцээнийг Онцгой байдлын газар, Улаан загалмайн хороо хамтран ийнхүү 18 дахь жилдээ амжилттай зохион байгууллаа. Гарч болзошгүй осол аваар, байгалийн гамшгийн үед хүмүүс бие биедээ анхан шатны тусламжийг цаг алдалгүй хүргэснээр эрдэнэт хүний амь насыг авардаг. Тиймээс аврагч тэмцээнийг жил бүр зохион байгуулахдаа шинээр ажилд орсон буюу тэмцээнд оролцож байгаагүй хүмүүсийг татан оролцуулж мэдлэг олгодог онцлогтой. Энэ жилийн аврагч тэмцээнд төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн хэвшлийн компаниудын 14 баг оролцож гамшгийн үед хэрхэн ажиллах тухай шинэ мэдээлэл авч, мэдлэгээ бататгалаа.
“Аврагч- 2016” тэмцээнд Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын баг түрүүлж, Эрдэнэт үйлдвэрийн Баяжуулах фабрикийн баг удаах байрт шалгарлаа.


















