Монгол улсын хүнсний манлай үйлдвэрлэгч Хаан групп 1997 онд “Хаан хүнс”нэртэйгээр байгуулагдаж байсан бол эдүгээ нийтийн хоолны салбарт шинэ өнгө төрхийг бий болгож, төв болон хөдөө орон нутагт олон салбартай үндэсний сүлжээ компани болон өргөжжээ. Тус группын салбар болох “Хаан хүнс Эрдэнэт” компани нь 2007 оноос Эрдэнэт хотод үйл ажиллагаагаа эхлэн , Хаан бууз 1, 2, 3,5,7 салбаруудаараа дамжуулан Эрдэнэчүүддэд нийтийн хоолны цогц үйлчилгээг хүргэж байна.
Хэрэглэгчиддээ урт удаан хугацаанд чанартай шуурхай үйлчилгээ үзүүлж, хамтран ажиллах цар хүрээгээ өргөжүүлэхийн тулд тус компани Хаан бууз 7 салбартаа ISO 9001 олон улсын чанарын удирдлагын тогтолцооны стандартыг нэвтрүүлжээ. Хаан бууз 7 салбар нь хамгийн олон үйлчлүүлэгчидтэй буюу Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захиргааны 1-р байр, үйлдвэрийн район дахь цех нэгжийн 2300 гаруй ажиллагсдад халуун хоолоор үйлчилдэг хэсэг юм. Тус салбар нь Эрдэнэт сувилалын цогцолборын хоол судлалын мэргэжилтнээр батлуулсан цэсний дагуу өдөр,орой, шөнийн хуваариар тухайн ажилтанд тохирсон илчлэг, орц бүхий төрөл бүрийн халуун хоол үйлдвэрлэн түргэн шуурхай үйлчилгээ үзүүлдэг. Нийтийн хоолны үйлдвэрлэлд олон улсын чанарын стандартыг нэвтрүүлэх ажлыг тус салбарын хамт олон 2014 оны хоёрдугаар хагасаас эхэлсэн бөгөөд 2016 оны 5 сард төлөвлө, хий, шалга, сайжруул зарчим бүхий 3 үе шаттай олон улсын стандартыг үйлчилгээндээ бүрэн нэвтрүүлэн чанарын удирдлагын тогтолцооны ISO 9001 стандартын гэрчилгээг авсан байна.
Энэхүү стандартыг нэвтрүүлснээр тухайн байгууллагын үйлчилгээний чанар дээшилж, хэрэглэгчийн сэтгэл ханамж өсөн , хяналтын тогтолцоо болон байнгын сайжруулалт хийх боломж бүрддэгээрээ давуу талтай. Өөрөөр хэлбэл, уг тогтолцоог нэвтрүүлэх нь чанартай бүтээгдэхүүнээр, илүү чанартай үйлчилж буйгаа баталгаажуулж байна гэсэн үг юм.
“Хаан Хүнс Эрдэнэт” ХХК нь Орхон аймгийн 200-аад иргэнийг тогтвортой ажлын байраар ханган ажилладаг бөгөөд 2014,2015 оны Орхон аймгийн “Хэрэглэгчдийн найдвартай түнш” байгууллага, Шилдэг байгууллага,“Тэргүүний татвар төлөгч байгууллага” –аар тус тус шалгарчээ.















