Эрдэнэтийн хэвлэл мэдээллийн салбарын үүсэл хөгжил Эрдэнэт хоттойгоо нэг гараатай юм. Учир нь 1976 оны 1 сарын 1-ний өдөр Булган аймгийн Эрдэнэт хороог Эрдэнэт хот болгон өөрчлөхөд “Эрдэнэт” сонины анхны дугаар хэвлэгдэн гарч байжээ. Тэр үеэс л Эрдэнэт хотод хэвлэл мэдээллийн салбарын суурь тавигдаж, тус салбарын шанг “Эрдэнэт” сонины хамт олон татсан түүхтэй. Тэгвэл энэ онд “Эрдэнэт” сонины анхны дугаар хэвлэгдэн гарсны 40 жилийн ой тохиож байна.
Түүхэн ойгоо тэмдэглэж, “Эрдэнэт” сонины ууган ажилтнууд уулзлаа. 40 жилийн ойн уулзалтанд тус сонины анхдагчид хүрэлцэн ирж, дурсамж дурдатгалаа хүүрнэн хэвлэл мэдээллийн салбарын үе үеийн хөгжлийн талаар санал солилцов.
“Эрдэнэт таймс”, “Шинэ мэдээ”, “Өнөөгийн Эрдэнэт” зэрэг олон дүү сониныг араасаа дагуулж, Эрдэнэтэд хэвлэл мэдээллийн байгууллага, тогтмол хэвлэл бэхжин хөгжихөд эхлэл нь болсон “Эрдэнэт” сонины анхны эрхлэгчээр Л.Мажигсүрэн, хариуцлагатай нарийн бичгийн даргаар Д.Дэмбэрэлдорж нар ажиллаж байв. Үе үеийн сэтгүүлчдээр Б.Баатарсүрэн, Ц.Ариунаа, Ж.Оюун гээд олон хүн тус сонины редакцид ажилласаар иржээ.
Мөн “Эрдэнэт” сонины хэвлэх үйлдвэрийн анхны мастер, үсэг өрөгч, хэвлэгчээр ажиллаж байсан Т.Оюунцэцэг, Г.Чанцалдулам, Лхагваа нарын анхдагчид ойн баярын уулзалтанд оролцож, “Эрдэнэт” сониныхоо эхний жилүүдийн сайхан дурсамжийг хуваалцсан юм. Тус үйл ажиллагааг зохион байгуулагчид энэ үеэр Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэт хотын их бүтээн байгуулалтын түүхийг хэвлэлийн хуудаснаа мөнхлөн үлдээсэн “Эрдэнэт” сонины редакци болон хэвлэх үйлдвэрийн ууган ажилтнуудад “Эрдэнэт” сонины 40 жилийн ойн дурсгалын тэмдэг гардуулсан нь нэгэн содон үйл явдал байв.















