Монгол улсад эрчим хүчний салбар үүсч хөгжсөний 94 жилийн ойн баярыг Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Дулааны цахилгаан станцын хамт олон өнгөрөгч амралтын өдрүүдэд ёслол төгөлдөр тэмдэглэлээ. Энэ онд Дулааны цахилгаан станцын 40 жилийн түүхт ой тохиож байгаагаараа онцлог болов. Тэд ойн өдрийн хүрээнд эрийн гурван наадам хийж, хэсэг тус бүр асар майхнаа босгож, алдартан гавьяатнууд, ахмадуудаа урьж баярын жагсаалд жагссан байна. Мэргэжлээрээ олон жил үр бүтээлтэй ажилласан тэргүүний ажилтнуудыг аймгийн Засаг дарга, ИТХ болон Эрдэнэт үйлдвэр ХХК, яам салбарын шагналаар энэ өдөр шагнаж урамшуулснаас Эрдэнэт үйлдвэрийн ДЦС-ын захиргааны хэсгийн ажилтан Т.Цэцэгжаргал, түлш дамжуулах хэсгийн ажилтан Г.Мөнхнаст, хими, ус бэлтгэлийн хэсгийн ажилтан Ё.Батжаргал нар “Эрчим хүчний тэргүүний ажилтан” цол тэмдэгтэн боллоо. Ойн баярт зориулсан тус станцын хүчит 32 бөхийн барилдаанд цахилгааны хэсгийн ажилтан Баттөгс түрүүлж, турбины хэсгийн ажилтан Баярмагнай үзүүрлэн наадамчин олноо баясгав.
Тус хамт олон мэргэжлийн баяраа үйлдвэрлэлийн үндсэн төлөвлөгөөг давуулан биелүүлсэн амжилтаар угтсан бөгөөд станцынхаа түүхт 40 жилийг ирэх 10 сард тэмдэглэхээр төлөвлөж буйгаа ДЦС-ын дарга Г.Мөнх-Эрдэнэ ярилаа.




















