Эрдэнэт үйлдвэрийн дэргэдэх Энэрэл төвийн 20 хүүхэд Улаанбаатар хотноо болсон Олон улсын 2-р Жембори буюу Скаут хүүхдүүдийн чуулга уулзалтанд оролцоод иржээ. Тус уулзалт нь 2017 онд зохион байгуулагдах Ази Номхон Далайн Бүсийн 31-р Скаутын Жемборийн бэлтгэл ажлын хүрээнд өнгөрсөн 7-р сарын 24-нөөс 8-р сарын 1-ний өдрүүдэд үргэлжилсэн байна.
Олон улсын 2-р Жембори нь “Нүүдэлчдийн зүг" уриан дор Монгол орны уламжлалт нүүдэлчин амьдрал, мал аж ахуйн хэлбэр, түүх, соёл иргэншлийг таниулах сургалтууд болон орчин үеийн техник технологи, бүтээн байгуулалт, нийгмийн тулгамдсан асуудалд өсвөр үеийнхний оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр мэдээлэл өгөх, дадалд сургахад гол анхаарлаа хандуулав. Мөн “Скаут гэж хэн бэ?” “Жембори гэж юу вэ?” зэрэг сургалтуудыг зохион байгуулсан байна.
Уулзалтанд Монгол Улсын 13 аймаг, дэлхийн 6 орны 650 гаруй хүүхэд оролцож, хоорондоо танилцан нөхөрлөж, өөрийн орны түүх соёл, зан заншлын талаар харилцан мэдээлэл солилцжээ.
Энэрэл төвийн хүүхдүүд цаашид скаутад элсэн илүү ихийг сурч, олон найз нөхөдтэй болох хүсэлтэй байгаагаа ярихын зэрэгцээ тэдний зардалд 4 сая 200 төгрөгийн дэмжлэг үзүүлж, 2-р жемборид оролцуулсан Эрдэнэт үйлдвэрийн захиргаа, хамт олонд баярлаж талархсанаа илэрхийллээ.

























