Монгол Улсын 20-р зууны хөгжлийн нэрийн хуудас болсон Эрдэнэт хот үүсч байгуулагдсаны 40 жилийн ой 2016 онд тохиож байна. Тэртээх 1976 онд Булган аймгийн Эрдэнэт хороо хэмээн байгуулагдаж байсан Эрдэнэт хот эдүгээ 100 гаруй мянган хүн амтай, аж үйлдвэр өндөр хөгжсөн, соёл спорт, эрүүл мэнд боловсрол, худалдаа үйлчилгээний том төв болон хөгжжээ. МХЗЭ-ийн илгээлт, Геологи Уул Уурхайн яамны томилолтоор Эрдэнэтийн овоог зорьсон Монгол эх орны мянга мянган залуусын сэтгэл зүтгэл, их хөдөлмөрөөр Эрдэнэт хот сүндэрлэн боссоноос хойш 40 жилийн ойтойгоо золголоо. Эрдэнэт хотын 40 жилийн ойн баяр наадмын өдрүүд 7 сарын 29-31-ний өдрүүдэд болж, Эрдэнэтээр овоглодог хүн бүрийн бахархал, баяр наадмын өнгөнд түрлэг нэмж байв.




Тулгар төрийн 2225, Их Монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн ой, Эрдэнэт хотын 40 жилийн ой, Хангай бүсийн “Их хурд-2016” даншигийн их баяр цэнгэл наадам Эрдэнэт хотын анхдагч ахмадууд болон тэргүүний ажилтнуудаа төр засаг, аймаг орон нутгийн шагналаар шагнах, шилдэг 40 аж ахуйн нэгжийг тодруулах, Орхон аймгийн үе үеийн засаг даргатай уулзалт хийх, Эрдэнэтээс төрөн гарсан алдартнуудад хүндэтгэл үзүүлэх зэрэг олон сайхан , дурсамжтай үйл ажиллагаагаар дүүрэн байлаа. Баяр наадмын нээлтэнд Эрдэнэт хотын бүхий л байгууллага, үйлдвэр худалдааны болон урлаг соёлын 3000 гаруй хүн оролцож, цэнгэлдэхэд хүрэлцэн ирсэн наадамчин олондоо дуу хуур, утга төгөлдөр бүхий нээлтийн бүрэн хөтөлбөрийг толилуулав. Наадмын эхний өдөр болсон аймгийн цол олгох 256 бөхийн барилдаанд Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат Эрдэнэт үйлдвэрийн Хангарьд клубын бөх Аймгийн заан Б.Гантөмөр түрүүлж ,аймгийн арслан цол хүртсэн бол Баянхонгор аймгийн харьяат, Орхон аймгийн Хангарьд клубын бөх 8аймгийн хурц арслан Болдын Эрдэнэхүү үзүүрлэлээ. Тус барилдаанаас шинээр аймгийн арслан 1, харцага 1, начин 3 төрлөө.





Эрдэнэт хот байгуулагдсаны 40 жилийн ой, Хангайн бүсийн “Их хурд-2016” баяр наадмын хүчит бөхийн барилдаанд улс аймгийн цолтой 256 бөх хүч үзэн барилдаж, Увс аймгийн Давст сумын харьяат, МУ-ын арслан П.Бүрэнтөгс түрүүлэн, Увс аймгийн Ховд сумын харьяат, МУ-ын арслан Н.Батсуурь үзүүрлэв.
Хурдан морины уралдаанд газар газраас ирсэн 9 насны 1439 хурдан хүлгүүд шандас хүчээ сорьсноос азарга насны 137 хурдан хүлгийн түрүү магнайд Орхон аймгийн Жаргалант сумын уяач Г.Баярцэнгэлийн зээрд ,аман хүзүүнд Зэвсэгт Хүчний 232-р ангийн уяач С.Батболдын хээр, их насны 241 хүлгийн түрүү магнайд Говь-Алтай аймгийн уяач Н.Зоригтын хул, аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Галт сумын уяач Н.Нацагдоржийн ягаан халзан, соёолон насны 128 хүлгийн түрүү магнайд Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач Т.Мөнхбаярын халтар,аман хүзүүнд Хөвсгөл аймгийн Тариалан сумын Г.Цэрэндоржийн хар,хязаалан насны 230 хүлгийн түрүү магнайд Дундговь аймгийн уяач С.Шинэбаатарын хар, аман хүзүүнд Булган аймгийн Гурванбулаг сумын уяач Д.Хишигжаргалын хүрэн халзан, шүдлэн насны 168 хүлгийн түрүү магнайд Төв аймгийн Бүрэн сумын уяач Х.Улам-Өрнөхийн саарал, аман хүзүүнд Өвөрхангай аймгийн уяач н.Мөнхбатын бор,даага насны 146 хүлгийн түрүү магнайд Төв аймгийн Угтаал сумын уяач Н.Гантулгын хүрэн зээрд, аман хүзүүнд Улаанбаатар хотын “Сэлбэ плаза” ХХК-ийн уяач н.Раднаагийн хонгор даага тус тус хурдалж, наадамчин олноо баясгав. Эрлийз морьдын 3 насны уралдаан болж, дээд насанд 52 хурдан хүлэг уралдсанаас Завхан аймгийн Эрдэнэ сумын уяач Н.Даш-Өлзийн цавьдар түрүүлж, Ховд аймгийн Мянгад сумын уяач Д.Наранбатын хонгор аман хүзүүнд давхисан байна.


Үндэсний сурын харваанд улс аймгийн цолтой 150 гаруй харваачид цэц мэргэнээ сорьж, эрэгтэй төрөлд Улсын мэргэн Д.Дэмбэрэлсайхан түрүүлж, улсын Гоц мэргэн харваач Л.Отгонбаяр удаалсан бол эмэгтэй харваачдаас Дорнод аймгийн харьяат, Мондэй ХХК-ийн харваач, спортын мастер н.Гандаваа манлайлж, Улсын мэргэн Д.Норжмаа удаах байранд шалгарчээ.


Ийнхүү Эрдэнэтчүүд өнгөрсөн, одоо, ирээдүй гурван цагийн хэлхээнд анхдагчид ахмадуудынхаа хөдөлмөр, зүтгэлийг алдаршуулан, өнөөдрөөрөө бахархан, маргаашаа төлөвлөж, 40 жилийн ойн баяраа амжилт бүтээл арвин тэмдэглэлээ.

















