Тулгар төр үүссэний 2225 жилийн ой, Их Монгол Улс байгуулагдсаны 810 жил, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баяр наадамд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн дэргэдэх Хангарьд спорт цогцолборын тамирчид бахдам амжилттай оролцов. Монгол түмний их баяр эрийн 3 наадмын нэг нь болох үндэсний сурын харваанд Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Эрчим хүчний цехийн засварчин, Хангарьд спорт цогцолборын тамирчин, спортын мастер Д.Дэмбэрэлсайхан түрүүлж, “Монгол улсын мэргэн” цол хүртлээ. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийн хэмжээнд хэрэгжүүлж буй “Нийтийн биеийн тамир чийрэгжүүлэлтийн төсөл”-д хамрагдан, үндэсний сур харваагаар хичээллэж эхэлсэн нь энэхүү амжилтын гарааг тавьжээ.




Нийгмийн хариуцлагын хүрээнд спортын бүхий л төрлийг хөгжүүлж, тамирчдаа дэмжих бодлого баримтлан ажилладаг Эрдэнэт үйлдвэр жил бүр улсын баяр наадамд өөрийн тамирчдаа оролцуулдаг уламжлалтай. Энэ жилийн наадмын үндэсний бөхийн төрөлд аймгийн арслан Д.Тайванбаатар нарын 24 тамирчин, сур харвааны төрөлд Монгол улсын даяар дуурсагдах мэргэн Ш.Даваахүү, Монгол улсын мэргэн З.Сүлдболд, Гоц мэргэн Л.Отгонбаяр нарын 31 тамирчин, аймгийн алдарт уяач Д.Баясгалан, Д.Даваасамбуу, шагай харваанд Монгол улсын мэргэн Ө.Тогоо, М.Баттулга нар Эрдэнэт үйлдвэрээ төлөөлөн амжилттай оролцсон юм















