Тоног төхөөрөмж шинэчлэх энэ оны төлөвлөгөөний дагуу Баяжуулах фабрикийн Нунтаглан баяжуулах хэсэгт суурилуулах шинэ тээрмийн сүүлчийн хэсэг болох орох гарах талын ханыг өнгөрсөн пүрэв гарагт хүлээн авч, тээрмийн хяналтын угсралт эхэллээ. 6-р тээрмийг энэ тээрмээр солих ажлыг 10,11-р сард хийх аж. Энэ талаар Баяжуулах фабрикийн Ерөнхий механикч Ж.Ганзориг: “6-р тээрмийг Украйн улсад үйлдвэрлэсэн МШЦ 5,5х6,5 маркийн тээрмээр солих юм. Тээрэм иж бүрдлээрээ ирсэн учраас эхний ээлжинд засварын талбайд хяналтын угсралт хийнэ. Бүх зүйлээ хүлээн авсан, зураг төсөл бэлэн болсон тул бэлтгэл ажлууд хийгдэж, тээрэм солих ажил төлөвлөгөөний дагуу явагдана. ОХУ-д үйлдвэрлэгдсэн МШЦ 5,5х6,9 маркийн 6-р тээрэм 6 жил ашиглагдсан, техникийн хүчин чадлын хувьд дээрхтэй адил боловч, үйлдвэрлэлийн тодорхой шалтгааны улмаас цаашид ажиллахад хүндрэлтэй болсноос ийнхүү сольж байгаа юм. Цагт 295 тонн хүдэр боловсруулах хүчин чадалтай МШЦ 5,5х6,5 маркийн тээрмийг Баяжуулах фабрикт 1978 оноос ашиглаж байна. Энэ нь ашиглалтын хугацаа урт, өөрөөр хэлбэл 18-20 жил ажилладаг, найдвартай ажиллагаатай тээрэм. Нунтаглан баяжуулах хэсэгт 9, Өөрөө нунтаглах хэсэгт 4 тээрэм ажиллаж байгаагийн ихэнх нь шинэчлэгдсэн. НБХ-ийн 4-р тээрэм 28 жил ажиллаж байгаа. Одоогоор техникийн ноцтой гэмтэл гараагүй ч цаашид энэ тээрэм солигдох төлөвлөгөөтэй байна” гэв. Тээрмийн хэсгүүд 120 тоннын даацтай тусгай вагоноор тээвэрлэгдэн ирсэн бөгөөд МТХБ-ын краны даац хүрэхгүйгээс ачааг шууд Баяжуулах фабрик дээр хүлээн авчээ. Тээрэм суурилуулах зураг төслийн ажлыг Инженерийн зураг төслийн төв хийж, солих ажлыг Баяжуулах фабрик, Засвар угсралтын цех гүйцэтгэдэг бөгөөд Эрдэнэт үйлдвэр өөрийн хүчээр тээрмийг солино. Дашрамд сонирхуулахад тээрэм дангаараа 300 орчим тонн жинтэй, бүрэн ажиллахдаа 800-850 тонн жингээр эргэлддэг. Өнөөдөр хүлээн авсан тээрмийн хананы нэг нь 63, нөгөө нь 51 тонн жинтэй ажээ.















