Инээвэл залуужина, инээх нь хүний эрүүл мэндэд эерэг нөлөөтэй гэдгийг судлаачид тогтоожээ. Иймээс “Хаан хүнс” компанийн зохион байгуулагч Оюунтуяагийн санаачилсан ”Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг” төсөл 6-р сарын 22-ноос эхлэн хэрэгжиж байна. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад хоолны газарт үйлчлүүлэхдээ харилцан бие биедээ инээмсэглэл бэлэглэх нь, үйлчилгээний ажилтан үйлчлүүлэгчийн хооронд эелдэг харьцаа үүсч, тохь тухтай орчинд сэтгэл санаа тайван үйлчлүүлэх боломж бүрдэнэ гэж төслийн санаачлагч ярьж байна. “Хаан хүнс” компаниар өдөрт Эрдэнэт үйлдвэрийн олон мянган ажиллагсад үйлчлүүлдэг. Өдөр дутмын ажлын ачаалал, ар гэрийн асуудал, эрүүл мэндийн байдлаас шалтгаалан зарим ажиллагсад хоолонд орох үеэр ааш зан нь өөрчлөгдөх тохиолдол байдаг гэнэ.
Тиймээс хооллох үед бие биедээ инээмсэглэл бэлэглэн, найрсаг харилцаа үүсгэх нь таатай хооллоход ихээхэн тустай гэж үзэн тэд энэхүү төслийг санаачлан хэрэгжүүлж байна.
Тус хамт олон энэ төслийг улиралд нэг удаа, нэг сарын хугацаанд хэрэгжүүлэхдээ хамтдаа инээмсэглэж, бие биедээ аз жаргал бэлэглэхийг зорьж байна. Өөрөөр хэлбэл, жилийн туршид энэ төсөл 4 удаа буюу 4 сарын хугацаанд хэрэгжинэ гэсэн үг. Төслийг санаачлагчид ажиллагсдын хоолны заалыг тусгайлан чимэглэж, инээхийн ач тусын тухай онч үгсийг бичиж байрлуулжээ. Үйлдвэрийн ажиллагсдын эрүүл мэндийн төлөө хэрэгжүүлж байгаа “Аз жаргал инээмсэглэлээс эхэлдэг” гэсэн энэ төслийн ажилд Та бүхэн хүндэтгэлтэй хандаж, бие биедээ инээд бэлэглээрэй.



















