Эрдэнэт үйлдвэрийн хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн лабораторийн хамт олон 2016 оны эхний зургаан сарын байдлаар Эрдэнэт үйлдвэрийн цех хэсгүүдийн ажлын байрны сөрөг хүчин зүйлүүдийн талаар 294 хэмжилт, шинжилгээ хийжээ. Тэд батлагдсан хуваарийн дагуу яаралтай болон дуудлагат шинжилгээнүүдийг үйлдвэрийн цех хэсгүүдэд хийдэг. Ингэхдээ хөдөлмөрийн нөхцөлийн сөрөг хүчин зүйлийн хэмжилт шинжилгээг голчлон хийдэг ажээ. Хэмжилт шинжилгээний дагуу ажлын байранд сөрөг хүчин зүйлсийн зөвшөөрөгдөх дээд хэмжээ хэтэрсэн цех хэсгүүдэд зөрчлийг арилгуулах албан шаардлага хүргүүлжээ.
Өндөр эрсдэлтэй, битүү болон хязгаарлагдмал орчин, галын аюултай ажлын байруудад хэмжилт шинжилгээ хийлгэн, хянуулж аюулгүй байдлыг бүрэн хангуулсны дараа ажил эхлүүлэх зөвшөөрлийг лабораторийн хамт олон олгодог. Мөн ажлын байрны сөрөг хүчин зүйлс зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн тохиолдолд цехүүдтэй хамтран үйлдвэрлэлийн сөрөг хүчин зүйлийн хэмжээг бууруулах ажил хийж байна. Түүнчлэн тус хамт олон Эрдэнэт үйлдвэрийн цех, нэгжүүдийн ажлын байрны нөхцөлийг сайжруулах, ажиллагсдыг хамгаалах хэрэгслээр хангах, түүнийг тогтмол хэрэглэж байгаа эсэхэд нь хяналт тавин ажиллаж байна.


















