Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсад эрүүл мэнддээ ихээхэн анхаарч эмчилгээний хоол түлхүү хэрэглэдэг болжээ. Энэ оны эхний улиралд 40 гаруй ажиллагсад эмчилгээний хоол сонгон үйлчлүүлж байсан бол өнөөдөр 80 гаруй ажиллагсад эмчилгээний хоол сонгоод байна.
Өглөөний цайг тогтмол хэрэглэх нь эрүүл байхын үндэс гэж мэргэжилтнүүд зөвлөдөг. Эрдэнэт үйлдвэрийн ажиллагсдад халуун хоолоор үйлчилдэг “Хаан хүнс” компанийн Эрдэнэт дэх салбарын хамт олон өглөөний цайны ач тус, эмчилгээний хоолыг тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд асар их ач тустай гэдгийг онцлон үйлдвэрийн ажиллагсдад сурталчилж байна. Тиймээс үйлдвэрийн ажиллагсдад зориулан эрүүл, зөв хооллолтын тусгай хөтөлбөр боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна.
Дашрамд дуулгахад, дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас давсны хэрэглээний нормыг тогтоожээ. Судалгаагаар Монгол улс давсны хэрэглээгээр хамгийн өндөрт бичигдсэн байна. Өдөрт нэг хүнд ноогдох давсны норм нь тэг мянганы 3 хувь байдаг бол монгол улсад тэг зууны гурван хувийг хэрэглэдэг гэсэн судалгаа гарсан байна. Тиймээс эрүүл хүнсийг зөв хэрэглэж, давс, сахар, өөх тосноос аль болох татгалзахыг мэргэжлийн хүмүүс зөвлөж байна.


















